
Индонез улс Бали арал дээр найз бүсгүйнхээ ээжийг урьдчилан төлөвлөж хөнөөсөн хэргээр 11 жил шоронд хоригдсон АНУ-ын иргэнийг суллаж, эх орон руу нь албадан гаргалаа.
Томми Шэфер нь 2014 онд амралтынхаа үеэр найз бүсгүйнхээ ээж Шийла фон Визе-Макийг хөнөөсөн хэрэгт 18 жилийн хорих ял сонссон юм. Уг хэргийг Бали дахь “чемодантай аллага” хэмээн нэрлэдэг.
Бали бүсийн Цагаачлалын ерөнхий газрын дарга Фелусиа Сенгки Ратнагийн мэдэгдсэнээр, Шэфер ялаа эдэлж дуусган, сахилга баттай байсан тул хэд хэдэн удаа ялын хөнгөлөлт авсны эцэст мягмар гараг(2026.02.24)-ний орой Бали олон улсын нисэх буудлаас АНУ руу албадан гаргагдсан байна.

62 настай, Чикагогийн чинээлэг нийгмийн хүрээний гишүүн фон Визе-Макийн зодуулж гэмтсэн цогцсыг 2014 оны наймдугаар сард тансаг зэрэглэлийн St. Regis Bali Resort-ын зогсоолд байрлуулсан таксины ачааны хэсгээс олсон.
Тухайн үед 19 нас хүрэх дөхсөн, хэдхэн долоо хоногтой жирэмсэн байсан Хитер Мак болон түүний 21 настай найз залуу Шэфер нарыг цогцос олдсоноос нэг өдрийн дараа баривчилжээ. Хитер Мак ээжийнхээ амийг хөнөөхөд хамтран оролцсон хэргээр 10 жилийн ялаас долоон жилийг нь эдлээд 2021 оны аравдугаар сард албадан гаргагдсан.
Тэрээр 2024 оны нэгдүгээр сард Чикагод буруугаа хүлээн зөвшөөрсний дараа дахин 26 жилийн хорих ял сонссон бөгөөд амралтын үеэр ээжийнхээ цогцсыг чемоданд хийсэн хэрэгт хамтран оролцсон нь тогтоогдсон юм.