
“Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн 664 дэх дугаар уншигчдын гарт очлоо. Шинэ дугаараас онцлох есөн сэдвийг танилцуулъя.
НЭГ. ЭХ ОРОНЧДЫН ЭРЭЛД
Өнөөдрийн эх орончид хэн бэ. Анхны долоогийн байгуулсан намын нэрээр эх орноо удирдаж буй эрх баригчид уу. Тэднийг өнөөдөр эх орончид гэж хэлэхэд хэцүү. Эх орныхоо хөгжлийг хойш нь татсан, боломжийг нь хулгайлсан хүмүүс энэ намд анхны долоо шиг цөөхөн биш. Тэдний тоо 70 руу дөхнө. Улс орныхоо төлөө чөмгөө дундартал зүтгэнэ гэж амладаг ч Монгол Улс байрандаа байсаар л. Бүр авлигын индексээр ухарсаар л байна. Өнгөрсөн 2025 онд л гэхэд 10 байраар ухарлаа. Улсаа ингэж удирдаж байгаа хүмүүсийг хэн ч эх оронч гэж нэрлэхгүй. Тэд ч өөрсдийгөө эх оронч гэж нэрлэж зүрхлэхгүй. Харин өөрсдийгөө эх орончид хэмээн нэрлэсэн хэсэг бүлэг хүмүүс бий. Тэд бол жагсаал цуглаан хийж, уул уурхайн томоохон төслүүдийг эсэргүүцэж байгаагаа эх орноо хайрлаж байгаа нь энэ гэж ойлгодог улс. Яг үнэндээ тэд эх орноо хайрлах бус хорлож байгаа. Тэдний нөлөөгөөр хөрөнгө оруулагчид Монголоос дөлж, хөгжилд хөтлөх томоохон төслүүд гацдаг. Хулхи эх орончид хөдөө, хотгүй жагсаж тэмцэж Монгол орноо “хайрлана”.
Нийтлэлч С.Шийлэгтөмөрийн "Хулхи эх орончид" нийтлэлээс
ХОЁР. ЁС ЗҮЙ БА ХЭМ ХЭМЖЭЭ
УИХ 126 гишүүнтэй. Тэдний дунд ёс зүйн шалгуур хангахгүй, хуулиа уландаа гишгэдэг хэдэн хүн жагсаалтыг далимдуулан шургалсан нь үнэн. Харамсалтай нь, ийм увайгүйчүүдийн олонх нь эмэгтэй гишүүн байгаа учраас нийгэмд “Шийдвэр гаргах түвшинд бүсгүйчүүдийг олноор гаргаад хэрэггүй юм байна” гэсэн сөрөг ойлголт өгч буй. Гэвч хүн амын 51 хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийг эдгээр увайгүй хэдэн гишүүн төлөөлөхгүй. Үүнээс болж иргэний нийгмийн болон улс төрийн байгууллагууд, ёс зүйтэй улстөрч бүсгүйчүүдийн шан татаж, олон жил тэмцсэний эцэст хуульд оруулсан дэвшилт заалтуудаас ухрах учиргүй юм. Харин намууд өөрсдөдөө дүгнэлт хийж, жагсаалт эрэмбэлэх дүрэм, журмаа шинэчилж, нэг даргын үзэмжээр бус, нийт гишүүнийхээ санал, шалгуураар тодруулах учиртай.
Төрийн нэр хүндийг илт доошлуулж, цаашлаад хүн амын тал хувийн эрх ашгийг хөндөж, дэвшлээс ухраах, оюун санааг хордуулах асар том сөрөг нөлөө дээрх хэдхэн гишүүний үйлдлийн ард бий юм. УИХ-ын сонгуулийн тухай хуульд нийт нэр дэвшигчийн 30 хувь нь эмэгтэй байх, намын жагсаалтад хүйсээр 1:1 харьцаагаар сөөлжиж эрэмбэлэх заалт оруулсны хүчинд өнөөдөр парламентын 25 хувийг эмэгтэйчүүд эзэлж буй. Ингэснээр бид Ази тивийн дундаж үзүүлэлтээс давсан. Эдгээр дэвшилт заалтын ачаар шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, хувь өсөж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд анх удаа парламентад сонгогдлоо. Энэ бүхнээс ухрах ёсгүй. Гагцхүү алдаагаа засаад, өнгөлөөд явах учиртай.
Нийтлэлч С.Туулын "Сайжруулж болох ч ухарч болохгүй" нийтлэлээс
ГУРАВ. НОГДОЛ АШИГ ТОЙРСОН ЭРГЭЛЗЭЭ, ЭЭДРЭЭ
Зах зээлийн зарчмаар биш эрх баригчдын халамжийн бодлогын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өнгөрсөн хугацаанд эргэлтэд орсон ч эндээс иргэд хожсон гэхээс илүү хохироод үлдсэн нь цөөнгүй. Нэг удаагийн тогтоолоор иргэдийнхээ хувьцааг төр нь авсан бол нас барсан иргэдийн ногдол ашиг бүртгэл байдлаар царцаж, 2023 оноос хойш төрсөн иргэдэд нь хувьцаанаас хувь хишиг хүртэх боломжгүй гээд асуудал их бий. Ногдол ашиг тараахтай зэрэгцэн 1072 хувьцааг өвлүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн ч эцсийн шийд гарсангүй. 2011 оноос эхлэн иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаатай 132 мянган иргэн нас барсан гэх тоо баримт бий. Эдгээр иргэдийн хувьцаанд ногдох ногдол ашгийг үр хүүхэд, гэр бүлийнх нь өвлөн авах боломжийг удахгүй нээхээр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК, Монголын Нотариатчдын танхимтай хамтран цахим бүртгэл, холбогдох бэлтгэл ажлаа хангажээ.
Хувьцааны өв залгамжлалаас гадна бусад эрхийг нээх боломж нь IPO. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд ногдол ашгаа зарласан даруйд хувьцааны ханш өсдөг үзэгдэл бий. Хувьцаа эзэмшигчийн хувьд ногдол ашгаас гадна хувьцааны ханшийн зөрүүнээс ашиг хүртэх боломжтой. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд нээлттэй арилжаалагддаггүй учраас ханшны зөрүүнээс ашиг хүртэх гэх ойлголт байхгүй. Энэ хувьцааг амь оруулж, компани IPO хийх асуудлыг сүүлийн 10 гаруй жил ярьж байгаа ч ахиц гараагүй. Харин энэ онд багтаан нээлттэй компани болно гэх амлалтыг компанийн удирдлага хэвлэлд мэдээлсэн.
Нийтлэлч М.Мөнхжаргалын "ЭТТ: Ногдол ашгаас нээлттэй ХК болох нь" нийтлэлээс
ДӨРӨВ. МЭДЛЭГ МЭДЭХИЙН ТУЛД БИШ, ЗҮСЭХИЙН ТУЛД БАЙДАГ
Ашигтай мэдээлэл бол стратегийн капитал болдог. Мэдээлэлд ойр, ялангуяа төрийн, ашигтай мэдээлэлд ойр буй хүн стратегийн капиталтай болох магадлал бүр илүү. Өөрт хэрэгтэй хэсгийг тодруулж, үлдснийг нь бүдгэрүүлэхэд л хангалттай. Дэлхий дахин яг одоо нэг хэргийг тойрон шуугиж, нэр устай, хөрөнгө чинээтэй, нөлөө бүхий олон хүн түүнд холбогдсон нь Эпштейны гэх хэрэг. АНУ-ын удирдагч Трамп өөрт хамааралтай мэдээллээ дарагдуулж, бусдад хамаатайг илчилсэн шүүмжлэлийн хариуд “Энэ хэргийг орхиод илүү чухал зүйлсийнхээ төлөө урагшлах хэрэгтэй” гэв. Энэ хэрэгт холбоотой баримт, материалууд дундаас эвгүй нэг л зураг, өгүүлбэр түүний сүр хүчийг салхинд хийсгэх шидтэй учраас тэр.
Улсын нууц гэж юу болох, мэдэх эрх хийгээд мэдээллийг нуун дарагдуулах хүсэл хэзээ, хэрхэн илэрч, хаана хүрээд зогсох ёстой хил хязгаарыг харин хэн тогтоодог юм бол?
Нийтлэлч Л.Эрдэнэжаргалын "Цааш нь ярих уу, яах уу" нийтлэлээс
ТАВ. АЛДАГДСАН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Хувийн мэдээлэл бол тун чухал асуудал, агуулга. Тиймдээ ч манай улс олон орны жишгээр хувийн мэдээллийг тусгайлан хуульчилсан. Хуулийн зүйл, заалтын хувьд харьцангуй хий багатай ч хэрэгжилт, хяналт нэн сул байна. Мөн манайд иргэд өөрийн хувийн мэдээллийг хэн, юунд зориулан, хэрхэн ашиглаж байгааг хянах, мэдэх боломж, систем алга. Бүр хувийн мэдээллийн талаарх ойлголт ч олон нийтийн дунд чамлалттай байна.
Нөгөөтэйгүүр, манайд мэдээллийн аюулгүй байдал нэн сул түвшинд буй. Иргэдийн мэдээллийн санг цуглуулж, хадгалж, ашиглах эрх бүхий хамгийн том субъект нь төр. Гэвч манайд төр ч мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалж хүчрэхгүй байна. “Халдлагад өртсөн, системийн шинэчлэл хийх үеэр алдаа гарлаа, хөгжүүлэлтийн компани мэдээлэл ил болгосон” зэрэг буух эзэн, буцах хаяггүй тайлбар хэлж, ам таглаж, амь аргацаах нь уг асуудлыг ацаглаж буй л хэрэг. Тиймээс мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалах чиглэлд гойд анхаарч, хувийн мэдээллийг хуудуугүй сахих тун чухал байна.
Нийтлэлч О.Даваасүрэнгийн "Хувийн мэдээлэл “хувьсгал”-ын мэдэлд" нийтлэлээс
ЗУРГАА. ЦАР ТАХЛААС СУРСАН ЦАХИМ ХИЧЭЭЛ ГЭГЧ
Боловсролын байгууллагууд ямар ч шалтгаанаар бай сургалтын үйл ажиллагааг хааж, цахим сургалтад шилжүүлснээр өрхийн дата хэрэглээ 20 хүртэл хувиар огцом өсдөг. Энэ нь өрхийн эдийн засагт тооцоолоогүй зардал үүсгэж, улмаар дижитал ялгааг улам гүнзгийрүүлдэг байна. Цахим, онлайн гээд юу ч гэж нэрлэсэн бай интернэт болон гар утас, таблет, компьютер ашиглан суралцах шийдвэр гаргахдаа Монгол Улсын Засгийн газар орлогын тэгш бус байдал, интернэт сүлжээний хүрэлцээ, холболтын байдлыг хангалттай авч үздэггүй. Бага орлоготой, алслагдсан орон нутгийн сургуулийн болон өрхийн хүүхдүүд боловсролын байгууллагууд хаагдсаны хамгийн хүнд үр дагаврыг амсана гэх төсөөлөл тэдний төлөвлөгөөнд хэзээ ч багтдаггүй.
Нийтлэлч Л.Эрдэнэжаргалын "Эрэмбэ буруугийн илрэл" нийтлэлээс
ДОЛОО. ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: ТОРГОХ БУС ЗӨВЛӨХ
2023 оны нэгдүгээр сард Засгийн газар уг байгууллагыг татан буулгаж, чиг үүргийг нь салбарын яамдад шилжүүлэх шийдвэр гаргасан. Тухайн үед 1400 гаруй албан хаагчтай, 26 чиглэлээр хяналт, шалгалт хэрэгжүүлдэг төвлөрсөн бүтэц ийнхүү задарч, 800 орчим албан хаагч ажлаа үргэлжлүүлж, 300 гаруй нь цомхотголд өртсөн юм. Шийдвэрийн үндэслэлийг тухайн үеийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан давхардсан чиг үүргийг арилгаж, иргэдэд учирдаг хүнд суртлыг бууруулахтай холбон тайлбарлаж байв. Төрийн байгууллагууд ижил төрлийн хяналтыг давхар хийж, бизнес эрхлэгчдэд дарамт үүсгэдэг байсан нь реформ хийх шалтгаан болсон гэж үздэг.
Гэвч татан буулгах шийдвэр нь зүгээр нэг захиргааны бүтэц цомхотгох асуудал байгаагүй. Учир нь МХЕГ нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалал, барилгын стандарт, байгаль орчны шаардлага зэрэг нийтийн ашиг сонирхолтой шууд холбоотой өргөн хүрээний хяналтыг хэрэгжүүлдэг институц байсан. Хуулийн хэрэгжилтийг хангуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчныг хамгаалах нь тус газрын үндсэн үүрэг байв. Гэвч бодит амьдрал дээр тус байгууллагын талаарх ойлголт олон нийтийн дунд тийм ч эерэг байгаагүй. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд мэргэжлийн хяналт нь алдаагаа залруулахад туслах биш, харин тогтмол ирж дарамт учруулах бүтэц мэт ойлгогдох болсон юм. Байцаагчид бизнес эрхлэгчдэд зөвлөмж өгөх, зөрчлийг арилгах хугацаа олгохоос илүүтэй шийтгэл оногдуулах, торгууль тавихад голчлон төвлөрдөг байсан нь шударга бус тогтолцоог бий болгосон.
Нийтлэлч И.Сарангоогийн "МХЕГ ба 2.0 шинэчлэл" нийтлэлээс
НАЙМ. ТАВ ДАХЬ ЖИЛИЙН ӨНГӨ
Европын тагнуулын мэдээллээр 2026 онд Орос-Украины дайныг зогсоох магадлал тун бага, энхийн хэлэлцээр байгуулах гарц үндсэндээ мухардсан болохыг “Ройтерс” агентлаг тодотголоо. Украины хилийн шугамыг өөрчлөх стратегийн зорилгодоо хүрэхийг эрмэлзэж байгаа Оросын хувьд энхийн хэлэлцээрт төдийлөн яарахгүй. Ерөнхийлөгч Владимир Путин ч зөвхөн Кремлийн тавьсан нөхцөлөөр энх тайвныг тогтоох байр суурьтай гэдгээ удаа дараа нотолж буй. Үүнд юуны түрүүнд Украины армийг Донецк мужаас гаргах явдал багтаж байгаа. Цаашлаад Крымийн хойг, Луганск, Запорожье, Херсон мужийг ОХУ-ын бүрэлдэхүүн гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрч Украиныг НАТО-д элсүүлэхгүй байх баталгаа шаарддаг.
Нөгөө талд Володимир Зеленський украинчууд энэ дайнаас болж туйлдсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч Путины шаардлагад бууж өгөх бодолгүй хэвээр. Дайны дөрөв дэх жилийн ойгоор BBC-д өгсөн ярилцлагадаа Зеленський барууны холбоотнууд нь аюулгүй байдлын баталгаа олгосон тохиолдолд дайны төгсгөлийг үзэх боломжтойг өгүүлсэн. Гэхдээ Цагаан ордон энэ оны зургаадугаар сар гэхэд дайныг зогсоохоор Киевт дарамт шахалт үзүүлж байгааг ч нуусангүй. Конгрессийн завсрын сонгууль дөхөж Америкийн дотоод улс төр хурцдах тусам Украины дайны сэдэв Трампын шүдний өвчин болох нь тодорхой.
Нийтлэлч С.Лхагвасүрэн "Царцсан дайны өрнөл" нийтлэлээс
ЕС. ӨГҮҮЛЭМЖ ДЭХ ДУСАЛ МЭДРЭМЖ
“Тойром” романыг уншихад гол асуудал нь уншигчийн хандлагад бус зохиолчдын бичих чадвараас хамааралтай байсан шиг сэтгэгдэнэ. Үйл явдлын дэвсгэр нь байгалийн өөгүй шинж чанар, цаг хугацаа нь эргэн давтагдах маягийн цикл урсах боловч нүүдэлчдийн ялгарал, хоорондын харилцаа, хайр сэтгэлийн өгүүлэмж зэрэг нь өдрийн тэмдэглэл дэх үг, өгүүлбэрээ давталтын шинжтэй тоочимж хүүрнэлүүдээр хачирлаж баяжуулаад буулгачихсан юм шиг уншихад халгамаар, шил даран гарсан олон романуудаас эрс ялгарна.
Ерөөс адуу мал, ахуйн сэдвээсээ хөндийрсөнгүй хэмээн шүүмжлэх нь нэг талдаа зүрхэлж, зориглож буулгахдаа уран зохиол руу дөхөөгүй эсэн бусыг хамж хүүрнэсэн орчин цагийн зузаан зохиолуудын буулганд цөхөрсөн уншигчдын үнэн үг. Харин бид өөрсдийн туулж ирсэн, өсөж бойжсон, дурсамжаас үүдэн бүрэлдэх тэр л ондоошлыг хэрхэн бичиж, шинээр бүтээх вэ гэдэгт гол асуудал бий. Түүнээс бус хуучин сэдэв гэж байдаггүйг, онцлон барьж авсан тухайн сэдвээ чинээнд нь тултал, баримт судалгаа дээр тулгуурлан хэрхэн уртай гэгч өгүүлж, үгийн хоршлоор өгүүлэмжийн цар хүрээг яахин тэлж болдгийг “Тойром” романаас харж болно.
Нийтлэлч Б.Алтанхуягийн "Цаг хугацааг туучих шид"