БНХАУ-ын Тяньжинь боомтын хотод өнгөрсөн өдрүүдэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдлаа. Үргэлжлүүлээд энэ сарын гуравны өдөр лхагва гарагт Хятадын нийслэл Бээжин хотод дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 80 жилийн ойн дурсгалд хүндэтгэл үзүүлэх цэргийн баярын жагсаал болох гэж байна.

Баярын жагсаалыг дэлхийн 26 орны төрийн тэргүүн Хятадын дарга Ши Жиньпиний хамтаар үзэж сонирхох юм байна. Эдгээр зочдын дунд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан зэрэг олон улсын хэвлэлийнхний анхаарал татсан хүмүүс олон байна.

Барууны хэвлэлүүдэд бичсэнээр Бээжингийн цэргийн жагсаалын үеэр өрнөдийн нөлөөг эсэргүүцэгчид төдийгүй дэлхийн аюулгүй байдлыг хангахад чухал оролцоотой улсууд нэг дор цуглаж байна гэжээ.

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун алдарт хуягласан ногоон галт тэргээрээ Хятадыг зорьсон байна. Өнөөдөр тэрээр Хятадын хилийг давжээ. Ким удирдагч галт тэргэн дотор Гадаад хэргийн сайд Чой Сон Хуй болон бусад албан тушаалтнуудын хамт инээмсэглэн авахуулсан зургийг Умард Солонгосын төрийн мэдлийн мэдээллийн сувгаар дамжуулсан байна.

Ким Жон Уны гэр бүл хилийн чанадад айлчлахдаа ихэвчлэн энэ галт тэргийг сонгодог. Тансаг зэрэглэлээр тохижуулж, хуягласан галт тэргийг түүний аав Ким Чен Ир хамгийн аюулгүй тээврийн хэрэгсэл гэж үздэг байсан тухай бичсэн байдаг.

Ким Жон Ун Бээжинд ирэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй уулзана. Тэд Оросыг Украин руу дайрснаас хойш хоёр ч удаа жил дараалан уулзсан байна. 2023, 2024 онуудад уулзсан бөгөөд энэ жил дахин уулзах гэж байна. Умард Солонгосыг ОХУ руу цэргээ илгээж, Украины эсрэг дайралтад дэмжлэг үзүүлж байгаад өрнөдийнхөн шүүмжтэй хандсаар ирсэн.

Түүнчлэн Мьянмар, Монгол, Индонез, Зимбабве болон төв Азийн орнуудын төрийн тэргүүнүүд Бээжинд айлчилна. Харин Европоос Серби, Словак улсуудын Гадаад хэргийн төлөөлөгчид л зочдын жагсаалтад багтсан байна.

Олон улсын судлаачид Ши Жиньпин хоног дараалан Хятадад болж байгаа хоёр томоохон үйл явдлаар дамжуулж дэлхийн нийтэд өөрийн нөлөөгөө тогтоох амбицаа илүү тод харуулахыг оролдож байна гэж үзлээ. Өрнөдөөс бусад улс орнуудын төрийн тэргүүнүүдийг цуглуулснаар дэлхий олон туйлт бөгөөд Хятадаар манлайлуулах боломжтой гэж үздэг Ши Жиньпиний хүслийг тодотгож байна гэж хэд хэдэн судлаач бичжээ. Ингэснээр дэлхийд тогтоосон өрнөдийн нөлөөний эсрэг томоохон алхам болж байна.

Лхагва гарагт Тяньаньминий талбайд болох цэргийн жагсаал 70 орчим минутын хугацаанд үргэлжилнэ. Уг жагсаалд Хятад дотооддоо үйлдвэрлэсэн, урьд өмнө олон нийтэд дэлгэж байгаагүй армийн цоо шинэ дэвшилтэт, орчин үеийн технологи, зэвсгийг харуулахаа онцолсон юм.