
Өнгөрсөн хоёрдугаар сард Шри Ланкийн хойд хэсэгт олноор булсан булш илэрчээ.
Жаффна мужийн Чеммани орчимд чандарлах газрын талбайг өргөтгөхөөр ажилчид газар ухаж байхдаа гэнэт хүний шарил олсноор мөрдөн шалгалт эхэлсэн аж.
Наймдугаар сар гэхэд археологичид уг талбайн малтлагын гурав дахь үе шатыг дуусгаж хүүхэд, нярайг оролцуулан 572 хүний араг ясны үлдэгдэл илрүүлсэн байна.
Нас барсан хүмүүсийн эд зүйлс ч мөн олджээ. Тухайлбал, бугуйвч, сургуулийн цүнх, сүүний сав зэрэг тэдний амьдралын ул мөр болсон эд өлгийн зүйлс байв. Энэ нь Шри Ланкад урьд өмнө илрүүлсэн хамгийн том олноор булсан булш байж болзошгүй гэж үзжээ.
Тус улсын олон арван жил үргэлжилсэн, сүйрэл дагуулсан иргэний дайны үеэр залуу эмэгтэйг хүчирхийлж, хөнөөсөн хэрэгт шүүхээр орсон нэгэн цэрэг хэдэн зуун хүний цогцос бүхий олноор булсан булш байдаг талаар мэдүүлж байсан юм. Хүний эрхийн байгууллагууд тэнд алга болсон энгийн иргэдийг булсан гэж мэдэгдэж байв. Гэвч өнөөг хүртэл үүнийг нотлох баримт байгаагүй юм.
Олон тамил хүн уг булшинд иргэний дайны үеэр шүүхийн шийдвэргүйгээр хөнөөсөн хүмүүсийн цогцос бий гэж үздэг. Тэд нарийвчилсан мөрдөн шалгалт явуулж, шударга ёсыг тогтоохыг шаардаж байна. Гэвч Чеммани дахь малтлагын ажил удаан үргэлжилж байгаа нь сураггүй болсон ойр дотнын хүмүүсийнхээ хувь заяаг мэдэхийг хүссэн ар гэрийнхний тэвчээрийг барж байна.

Өмнө нь илрүүлсэн олноор булсан булшны ойролцоо олон зуун хүний шарил дахин илэрсэн нь олон жилийн турш сураггүй болсон хүмүүсийн асуудлаар бүрэн дүүрэн мөрдөн шалгалт явуулахыг шаардаж ирсэн тамилчуудын бухимдлыг улам нэмэгдүүлжээ.
Улс төрийн хүсэл зориг дутсанаас үнэнийг тогтоох оролдлого зогсонги байдалд орж, олноор булсан булш эцэстээ олон нийтийн анхаарлаас гарнаа гэж олон хүн эмээж байна. Тиймээс уг булш Шри Ланкийн хойд хэсэгт дахин өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөнийг нэгтгэх гол асуудал болжээ.
Шри Ланка, ялангуяа тамилчууд олноор оршин суудаг хойд болон зүүн бүс нутаг нь олон арван жил үргэлжилсэн мөргөлдөөнд нэрвэгдсэн юм. 1983-2009 онд үргэлжилсэн дайн тус арлын улсыг үндэстэн ястны шугамаар хуваасан. Тамилын барууд хэмээн нэрлэгддэг босогчид синхалчууд давамгайлсан засгийн газар тамилчуудыг системтэйгээр ялгаварлан гадуурхдаг хэмээн үзэж, улсынхаа хойд болон зүүн хэсэгт тусгаар тогтносон улс байгуулахын төлөө тэмцэж байв.
Мөргөлдөөн 26 жил үргэлжилж, дайны улмаас ойролцоогоор 100 мянган хүн амиа алдсан гэж тооцдог. Мөн 23 мянга орчим хүн, дийлэнх нь тамилчууд болох хүмүүс сураггүй болсон.
Аюулгүй байдлын хүчнийхэн болон Тамилын баруудын аль аль нь харгислал, хүний эрхийн ноцтой зөрчил үйлдсэн хэрэгт буруутгагддаг.
1995 онд цус урсгасан мөргөлдөөний дараа Шри Ланкийн арми Жаффнагийн хойгийг Тамилын Эламын чөлөөлөх баруудаас булаан авчээ. Энэ нь дайны гол эргэлтийн цэгүүдийн нэг болж 2009 онд Тамилын барууд ялагдсанаар дайн эцэслэсэн юм.
1990-ээд оны сүүлээр цэргийнхэн хяналтаа өргөжүүлэхийн хэрээр Чеммани бүс бүхэлдээ өндөржүүлсэн хамгаалалтын бүсэд орж, армийн хуаран, шалган нэвтрүүлэх цэг, хамгаалалтын постуудаар дүүрчээ. Оршуулгын газартай ойролцоо Чеммани хотод мөн армийн хуаран байсан гэдэг.

Тухайн үед зарим хүн Жаффнагийн бүсийг “нээлттэй шорон” хэмээн тодорхойлж байв. Аюулгүй байдлын хүчнийхэн олон мянган энгийн иргэнийг сураггүй болгоход оролцсон гэж буруутгагдсан ч Шри Ланкийн засгийн газрууд үүнийг үргэлж няцаасаар ирсэн.
Тамилын босогчидтой дайн үргэлжилж байсан тул тухайн үеийн засгийн газар мөрдөн шалгалтыг үргэлжлүүлээгүй бөгөөд яагаад ийм шийдвэр гаргаснаа тайлбарлаагүй гэж идэвхтнүүд хэлдэг.
“Урьдчилсан үзлэгээр энэ нь энгийн оршуулгын газар биш бөгөөд Хиндү шашны уламжлалт оршуулгын зан үйлтэй нийцэхгүй байгаа нь харагдсан” гэж Чемманид өнгөрсөн жил үзлэг хийсэн Шри Ланкийн Хүний эрхийн комиссын комиссар Гехан Гунатилеке хэлэв.
Идэвхтнүүд болон шинжээчдийн хэлснээр хэдхэн арван цогцсыг зохих журмын дагуу оршуулсан мэт харагдаж байсан бол дийлэнх нь огт өөр дүр зураг харуулжээ.
Хүний шарилын ихэнх нь хувцасгүй, маш нягт байрлуулсан, зарим тохиолдолд нэгнийх нь дээр нөгөөг нь давхарлан булсан байв. Булшнууд гүехэн бөгөөд цогцоснууд газрын гадаргаас ердөө нэгээс хоёр метрийн гүнд байв.

“Эдгээр оршуулга хууль бус төдийгүй шүүхийн шийдвэргүйгээр хөнөөсөн хүмүүсийг булсантай холбоотой байх магадлал үндэслэлтэй байна” гэж Шри Ланкийн Хүний эрхийн комисс өнгөрсөн жил гаргасан тайландаа дурджээ.
Мөргөлдөөний үеэр сураггүй болсон хүмүүсийн ар гэрийнхэн уг олдворын дараа эсэргүүцлийн цуглаан, дурсгалын арга хэмжээ зохион байгуулж эхэлжээ.
Одоогоор Чемманигаас олдсон бүх шарилыг шүүхийн хяналтад, Жаффнагийн их сургуулийн Шүүх эмнэлгийн тэнхимд хадгалж байна.
Шарилын насыг нарийвчлан тогтоохын тулд зарим дээжийг гадаадын лабораториудад шинжлүүлэхээр төлөвлөжээ. Мөн нас барсан боломжит шалтгааныг тогтоохын тулд тусдаа эмнэлгийн шинжилгээ хийх шаардлагатай.
Сүүлийн хэдэн арван жилд Шри Ланка даяар 20 гаруй олноор булсан булш илэрсэн боловч тэдгээрийн аль нь ч тус улсын хойд болон өмнөд хэсэгт хүчээр сураггүй болгосон хүмүүс, эсвэл шүүхийн шийдвэргүйгээр хөнөөсөн гэх хэргүүдтэй эцэслэн холбогдоогүй аж.
Өмнөх гэмт хэргүүдийг мөрдөн шалгах ажил удааширч ирсэн нь хүний эрхийн байгууллагуудын хатуу шүүмжлэлийг дагуулжээ.
НҮБ Шри Ланкийг хохирогчдыг таньж тогтоох, тэд хэрхэн нас барсан болон хэн хариуцлага хүлээх ёстойг тогтоохын тулд олон улсын тусламж авахыг уриалсан байна.
Шри Ланкийн дараалсан засгийн газрууд дайны үеэр үйлдэгдсэн гэх харгислалын хэргүүдийг олон улсын түвшинд мөрдөн шалгахыг уриалсан шаардлагуудыг эрс эсэргүүцсээр иржээ.