
Украины скелетон тамирчин Владислав Гераскевич Орос – Украины дайнд амь үрэгдсэн тамирчдын хөрөг бүхий дуулга өмссөн учир эрхээ хасуулж болзошгүй байдалд оржээ. Тэрээр уг дуулгаа тайлахгүй гэж мэдэгдэж, үүний улмаас өвлийн олимпоос хасагдах эрсдэлийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Тэрээр “амиа алдсан тамирчдаасаа урвахгүй” гэдгээ онцолсон байна.
Олон улсын Олимпын хороо уг дуулга нь Олимпын дүрмийн 50 дугаар заалтыг зөрчиж байна гэж дахин мэдэгдэж, лхагва гараг (2026.02.11)-ийн өглөө дуулгаа солихыг сүүлчийн удаа шаардсан бөгөөд эс бөгөөс “дүрмийг хэрэгжүүлнэ” гэдгээ анхааруулжээ.
Харин Владислав Гераскевич ОУОХ-ыг Украины дайныг дэлхийн бусад мөргөлдөөнтэй адилтган харьцуулсныг шүүмжилсэн нь маргаан дагууллаа.
“Энэ дуулгатайгаа л оролцоно гэсэн үг үү?” гэсэн асуултад тэр “Тийм” гэж хариулсан бөгөөд дараа нь “Би эдгээр тамирчдаас урвахгүй. Тэд амь насаа золиослосон. Тэдний золиосын ачаар би энд ирж чадсан. Тиймээс би урвахгүй” гэж хариулжээ.
“Олимпын медаль бол асар том мөрөөдөл. Хүүхэд байхаасаа хойш миний хамгийн том зорилго байсан. Гэхдээ бүрэн хэмжээний дайны энэ үед медалиас илүү чухал зүйлс бий. Хүний амь нас, мөн эдгээр тамирчдын дурсамжтай харьцуулахад олимпын медаль үнэгүйдэнэ” гэжээ.
Гераскевичийн дуулганд дайнд амь үрэгдсэн тамирчид, тухайлбал өсвөрийн хүндийн өргөлтийн тамирчин Алина Перегудова, боксчин Павло Ищенко, мөсөн хоккейн тоглогч Олексий Логинов нарын дүрс багтсан байна. Тус дуулга техникийн шалгалтыг давсан байжээ.

Тэрээр өөрийнх нь гэр бүлийнхэн фронтын шугам дээр байлдаж байгаа бөгөөд Орос анх халдсаны дараа хэрэгцээт хүмүүст тусламж хүргэдэг буяны байгууллагад ажиллаж байсан талаараа сэтгүүлчдэд хэлсэн байна.
Гераскевич“Зөвхөн би найз нөхөд, төрөл төрөгсдөө алдсан хүн биш. Бид бараг дөрвөн жилийн турш дайтаж байна. ОУОХ-той маргаан үүсгэх нь миний зорилго байгаагүй. Би олимпын хөдөлгөөний нэг хэсэг, найрсаг гэр бүлийн гишүүн байхыг хүсдэг. Энэ шуугианыг хүсээгүй. Гэтэл одоо том маргаан үүсчихлээ. Хэрэв ОУОХ хэн нэгнийг буруутгахыг хүсвэл эхлээд өөрсдийгөө буруутгах ёстой” гэж хэлжээ.
Олимпын дүрмийн 50.2-т “Олимпын талбай, тэмцээний байр, бусад бүсэд аливаа улс төр, шашин, арьс өнгөөр ялгаварласан суртал ухуулга, жагсаал цуглаан хийхийг хориглоно” гэж заасан байдаг.
ОУОХ Гераскевичид буулт болгон хар тууз зүүх санал тавьж, мөн хоёр гүйлтийн өмнө болон дараа дуулгаа үзүүлэх боломжтой гэж мэдэгджээ.
ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч Марк Адамс “Дэлхий даяар 130 зэвсэгт мөргөлдөөн өрнөж байна. Бид тэмцээний талбай дээр бүгдийг нь , хэчнээн аймшигтай байсан ч харуулах боломжгүй” гэж хэлсэн байна. Гэвч Гераскевич энэ тайлбарыг эрс няцааж “Тэд дуулгыг минь хориглож, харин эмгэнэлийг чинь хуваалцаж байна гэж хэлж байгаа нь итгэмээргүй. Би дэлхийн бусад мөргөлдөөнийг басахыг хүсээгүй. Гэхдээ бид хэмжиж болно шүү дээ. Хохирогчдын тоо, сүйрлийн хэмжээгээр нь хэмжиж болно. Одоогийн Украины дайнд ойртохуйц хохиролтой өөр мөргөлдөөн байхгүй. Үүнийг ийм хөнгөн байдлаар хэлэх нь украинчуудад хувьд доромжлол” гэж мэдэгдсэн.
Маргааны дунд Гераскевич Лхагва гарагийн анхны бэлтгэлийн гүйлтдээ уг дуулгаа өмсөж оролцон, амжилт гаргажээ.

ОУОХ өмнө нь Гераскевичтэй холбогдож, дуулга өмсвөл гарах үр дагаврыг тодорхой тайлбарлана гэж мэдэгдсэн ч түүнийг эрхийг шууд хасна гэж мэдэгдээгүй аж.
ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч Марк Адамс “Бид өмнө нь ярьсанчлан тэр сошиал сүлжээ, хэвлэлийн бага хурал, холимог бүсэд өөрийн байр суурийг илэрхийлж болно. Бид түүнтэй ярилцана. Бид түүнийг өрсөлдөж, өөрийн мөчийг мэдрээсэй гэж хүсэж байна. Тамирчин бүрт өөрийн мөч чухал. Гэхдээ олимпын наадмын удирдамжийг 4500 тамирчны оролцоотой баталсан. Тэд тэмцээний талбай дээр анхаарал сарниулах зүйлгүй байхыг хүсдэг. Бид түүний уй гашууг ойлгож, илэрхийлэхийг нь хүсэж байна. Гэхдээ тодорхой хэлэхэд асуудал нь ямар мессеж илэрхийлж байгаадаа биш, харин хаана илэрхийлж байгаа вэ гэдэг нь илүү чухал. Энэ бол бидний байр суурь бөгөөд тамирчид ч энэ мессежийг бидэнд удаа дараа давтан хэлсээр ирсэн. Бид түүнийг тэмцээндээ оролцохыг чин сэтгэлээсээ хүсэж байна” гэжээ.