
АНУ-д 2000 онд устсан гэж зарласан улаанбурхны дэгдэлтийн улмаас Пенсильвани мужид 40 настай эмэгтэй нас баржээ.
АНУ-ын Пенсильвани мужийн 40 настай эмэгтэй улаанбурхны улмаас нас барсан нь тус улсад урьдчилан сэргийлэх боломжтой уг өвчний ховор дэгдэлтийн улмаас нас барсан гурав дахь тохиолдол боллоо.
Эрүүл мэндийн албаныхан эмэгтэйн нэрийг мэдээлээгүй боловч тэрбээр бямба гарагт улаанбурхны хүндрэлээс шалтгаалан нас барсан гэж мэдэгдэв.
Тойргийн эрх баригчид улаанбурхан нь маш халдвартай, цаашлаад үхэлд хүргэж болзошгүй өвчин гэдгийг оршин суугчдад анхааруулаад, “өөрсдийгөө болон гэр бүлээ хамгаалахын тулд зохих арга хэмжээ авах”-ыг уриалжээ.
The Washington Post сонин эмэгтэй улаанбурхны вакцин хийлгээгүй байсан гэж мэдээлсэн байна.
Энэ жил АНУ-д улаанбурхны улмаас бүртгэгдсэн өмнөх хоёр нас баралт мөн Пенсильвани мужид гарсан юм. Эрх баригчдын мэдээлснээр өмнөх нас баралтууд наймдугаар сард, Хоёулаа Ланкастер тойрогт бүртгэгджээ. Тус тойрог нь хөдөө аж ахуйд түшиглэсэн, хөдөө орон нутаг давамгай бүс бөгөөд АНУ-ын бусад бүлгүүдтэй харьцуулахад вакцинжуулалтын түвшин бага байдаг консерватив христийн шашинт Амишчууд олноор амьдардаг. Мужийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, өмнөх хоёр нас баралт мөн вакцин хийлгээгүй хүмүүстэй холбоотой байжээ.
АНУ-д 2026 он гарсаар улаанбурхны 3294 тохиолдол бүртгэгдсэн гэж Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв (CDC) мэдээлсэн байна. Тохиолдлууд 45-аас олон мужид бүртгэгджээ.
Тус агентлагийн мэдээлснээр, 2025 онд АНУ-д улаанбурхны 2289 тохиолдол, гурван нас баралт бүртгэгдсэн аж.
Пенсильвани мужийн Эрүүл мэндийн газрын мэдээлснээр, тус мужид энэ онд нийт 676 улаанбурхны тохиолдол бүртгэгдсний шинээр бүртгэгдсэн 108 тохиолдол нь өнгөрсөн долоо хоногийнх гэнэ. Эдгээрийн 124 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон байна. Тохиолдлын бараг гуравны нэг нь хүүхдүүд байжээ. Мужид бүртгэгдсэн нийт тохиолдлын 1 хүрэхгүй хувь нь вакцинд бүрэн хамрагдсан хүмүүс байгаа аж. Мужийн байгууллагын мэдээлснээр, 2026 онд Пенсильвани мужид бүртгэгдсэн нийт тохиолдлын 295 нь Ланкастер тойрогт ногджээ.
Улаанбурхныг АНУ-д 2000 онд устсан гэж зарласан боловч сүүлийн жилүүдэд дахин тархаж эхэлсэн. Зарим шинжээч үүнийг вакцинд эргэлзэх хандлага нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж буй.
Сүүлийн саруудад Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай, тэр дундаа Пенсильванийн эрх баригчидтай зөрчилдөж ирсэн. Тухайлбал, тус мужид оны эхээр гарсан нас баралтыг улаанбурхантай холбоотой гэж тодорхойлсонтой холбоотойгоор маргаж, улаанбурхны дэгдэлтийн явцын талаарх үндэсний статистикт эдгээр нас баралтыг оруулахаа больсон юм.
Наймдугаар сард мужийн эрх баригчид улаанбурхны эхний хоёр нас баралтыг мэдээлсний дараа АНУ-ын Эрүүл мэнд, хүний үйлчилгээний сайд, вакцинаас эргэлздэг гэдгээрээ олонд танигдсан Роберт Ф. Кеннеди нь Пенсильванийн Ардчилсан намын удирддаг засгийн газрыг “халдварт өвчний айдсыг улс төрийн ашиг хонжоо олохын тулд зэвсэг болгон ашиглаж байна” хэмээн X платформд бичсэн байна. Тэрбээр уг мэдээлэл “бүрэн зохиомол байж болох” талаар ч дурджээ.
Үүний хариуд Пенсильванийн амбан захирагч Жош Шапиро Кеннедиг хуйвалдааны онол тарааж байна хэмээн буруутгаад, Кеннеди хэдэн жилийн өмнө Ланкастер тойрогт болсон арга хэмжээнд үг хэлэхдээ “улаанбурханы хүндрэлийг багасган ярьж”, эмчилгээ нь “тахианы шөл болон А аминдэм” гэж хэлж байсныг онцолжээ.