
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн сошиал платформ Truth Social дээр өөрийгөө Есүс Христ шиг дүрсэлсэн хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг нийтэлсний дараа шүүмжлэлд өртөж, удалгүй устгасан байна.
Уг зураг нь Трамп Ромын Паптай холбоотой шүүмжлэл хийснээс хойш богино хугацааны дараа нийтлэгдсэн бөгөөд тэрээр Ромын Пап XIV Леогийн гадаад бодлогын байр суурийг шүүмжилж, түүнийг “сул” хэмээн тодорхойлсон.
Шүүмжлэл дагуулсан тэрхүү AI зурган дээр Трамп цагаан хувцас, улаан нөмрөгтэй, гараас нь гэрэл цацарч, эмнэлгийн орон дээр хэвтэж буй хүнийг эдгээж буй мэт дүрслэгджээ. Уг дүрслэл нь Христийн шашны зурагт Есүсийн өвчтөн эдгээж буй дүрслэлтэй төстэй байв.

Зураг нийтлэгдсэнээс хойш удалгүй Трамп сэтгүүлчдэд уг постоо яагаад устгасан талаараа тайлбар хийхдээ “Би үүнийг эмч шиг хүмүүсийг эдгээж байгаа утгаар дүрслэсэн” гэж мэдэгджээ. Тэр мөн христийн шашинтнуудаас уучлал гуйхаас татгалзаж “Уучлал гуйх зүйл байхгүй” гэж хэлсэн байна.
Харин Пап XIV Лео хариу мэдэгдэл хийхдээ “Би АНУ-ын засаг захиргаанаас айхгүй. Миний үүрэг бол сайн мэдээний сургаалыг түгээх” гэжээ.
Мөн тэрээр улс төрийн маргаанд шууд оролцохгүй гэдгээ илэрхийлж, шашны мессежийг улс төрийн зорилгоор ашиглах ёсгүй гэдгийг онцолсон байна.
Италийн экс ерөнхий сайд Маттео Ренци уг үйлдлийг “галзуу” гэж нэрлэж, католик шашинт хүний хувьд “доромжлол” гэж шүүмжилжээ.
Мөн зарим Трампын дэмжигчид хүртэл уг постыг шүүмжилж, шашны дүрслэлийг улс төрийн зорилгоор ашиглах нь зохисгүй гэж мэдэгдсэн байна. Трамп өмнө нь ч хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг нийтэлж байсан бөгөөд тэдгээрийн дунд өөрийгөө “Apocalypse Now” киноны дүрээр дүрсэлсэн зураг ч багтдаг.