
Нөмрөгийн дархан цаазат газрын амьтдыг өвөлжүүлэх ажлын талаар “Халх нөмрөг нутгаа сэргээе” НҮТББ-аас мэдээлэл хийлээ. Тус байгууллагын зүгээс арваннэгдүгээр сарын 15-наас өмнө амжиж амьтдад идэш, тэжээл хүргэхгүй бол үүнээс хойш цас унаснаар Халх Нөмрөгийн бүсэд очих боломжгүй болно гэдгийг хэллээ. Одоогоор тус байгууллагынхан Матад сумын малчид, тариаланчидтай нэгдэж, 2000 боодол өвс ачсан 2 машиныг Халх гол сум руу явуулсан байна. Тэдний зүгээс "Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөгийн үнэ бүхий идэш, тэжээл хүргэнэ гэсэн. 629 сая төгрөгийг Засгийн газраас шийдсэн гэж байгаа боловч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам худалдан авах тендер зарлах уу, Дорнод аймаг энэ тендерээ зарлах уу гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй байна. Халх гол суманд 200 мянган боодол өвс байгаа. Матад суманд 70 орчим мянган боодол өвс байгаа. Энд нөөц байна. Тээврийн зардлаа бодсон ч эдгээр сумдаасаа авах нь ашигтай. Засгийн газраас 30 орчим мянган боодол өвсөөр хангана гэсэн. Гэвч энэ нь хаанаа ч хүрэхгүй. 2018, 2022 оны тоонд үндэслээд харахад Нөмрөгт 10 мянган бор гөрөөс, 3 мянган халиу буга, 300-аад хандгай буга байгаа гэсэн тооцоо бий. 30 мянган боодол өвс ердөө 20 гаруй хоногийн идэш тэжээл болно. Гэтэл өвөл, хаврыг амьтад хэрхэн давах вэ. Эрдэмтэн судлаачдыг түймрийн бүс нутаг руу оруулж ажиллах хэрэгтэй байна" гэлээ.