Ерөнхий сайд Г.Занданшатар ардчиллын нэг чухал амин сүнс болсон зөвлөлдөх ардчиллыг Монголд нутагшуулсан хүн. Өөрөөр хэлбэл аливаа шийдвэрийг гаргахдаа иргэдийн оролцоог хангаж, тэдний үг саналыг сонсдог шинэ соёлыг бий болгосон.
Тэр ч утгаараа баялгийн өгөөжийн 60% -иас доошгүйг ард түмэндээ авчрах ажилд түүний баг ханцуй шамлан орж стратегийн ордод үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлүүдтэй хэл амаа ололцох тал дээр тун ахицтай ажиллаж байгаа.
Түүний нэг жишээ нь МОНГОЛ ХҮН БАЯЛГИЙН ЭЗЭН сэдвийн хүрээнд зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах болсон явдал.
Ерөнхийдөө Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн зорилт нь төрийн үйл хэрэгт зөвлөлдөх арга хэлбэрээр иргэдийн оролцоог хангахад оршдог. Тодруулж хэлбэл нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар Засгийн газар шийдвэр гаргахын өмнө тохиолдлын зарчмаар түүвэрлэн сонгосон иргэдээс тусгай бэлтгэсэн асуултаар санал авах замаар иргэдийг төрийн үйл хэрэгт оролцуулна гэсэн үг.
Энэ удаад яг энэ зарчмаар баялгийн өгөөжийг ард түмэндээ тэгш шударга хүртээх арга зам, түүнтэй холбоотой гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөхөөр болжээ.
МОНГОЛ ХҮН БАЯЛГИЙН ЭЗЭН зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шатны санал авах ажиллагаа 2026 оны 03 дугаар сарын 27-нд буюу энэ баасан гарагт эхэлж ирэх сарын 03 хүртэл үргэлжлэх нь. Харин хоёрдугаар шатны зөвлөлдөх уулзалт 04 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд болох гэнэ.
Энэхүү санал асуулгын судалгааны түүврийн арга зүйг Үндэсний статистикийн хорооноос олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж батлаад байгаа бөгөөд нийт 1570 иргэнийг оролцуулахаар төлөвлөснөөс 740 нь нийслэлээс, 830 нь орон нутгаас оролцох юм.
“Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй” гэж үгтэй. Монгол Улс байгалийн баялгийн нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордог ч өнөөг хүртэл баялгийн хуваарилалтыг яаж хийх, хэрхэн тэгш шударга хүртээх талаар иргэдээсээ асууж, тэдэнтэй зөвлөлдөж байсан удаагүй.
Харин одоо ард түмэндээ яаж ахиу өгөөж хүртээх талаар өөрсдөөс нь санал асуух нь. Энэ бол баялгийн өгөөжийг ард түмэндээ тэгш шударга хүртээх 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд туссан заалтыг амилуулах, цаашлаад Хуримтлалын сан дах иргэдийн нэрийн дансан дахь мөнгийг арвижуулах гээд чухал ач холбогдолтой.
Үүгээрээ монгол хүн та баялгийн жинхэнэ эзэн нь шүү гэдгийг Засгийн газар улам баталгаажуулж, иргэдийн оролцоотой шийдвэр гаргалтад шинэ эргэлт гаргах нь гэсэн хүлээлт зүй ёсоор үүсээд байна.
Байгалийн баялаг бол мэдээлэлд ойрхон, цөөхөн хэдэн гэр бүлийн хөлжих хэрэгсэл биш харин монголчууд бүгдээрээ өгөөжийг нь хүртэх ёстой үүц, зөвлөлдөх ардчиллын үр нөлөөг олон нийтэд бодитой харуулах түүхэн чухал алхам гэдгийг бодууштай.
Баяжигтун гэж хоосон уриалах бус харин баялгийн сангаа баяжуулж, монгол хүнээ баялгийн эзэн болгох бодит санаачилгыг Засгийн газар дэвшүүлсэн нь сайн жишиг. Одоо харин зөвлөлдөн шийдэх санал асуулгын дүнг хамтдаа хүлээж, бас түүнд идэвхтэй оролцох нь иргэн бидний үүрэг.