
Тайванийн ерөнхийлөгч Лай Чин-тэ Африкийн Эсватини улсад хийхээр төлөвлөсөн айлчлалаа цуцалж, Хятадыг өөрийн онгоцны нислэгийн зөвшөөрлийг цуцлуулахын тулд Африкийн гурван улсад шахалт үзүүлсэн гэж буруутгалаа.
Ерөнхийлөгч Лай нь Африкийн хаант улс болох Эсватинийн хаан Мсвати III-ийн хаан ширээнд суусны 40 жилийн ойн арга хэмжээнд оролцох байжээ.
Эсватини улс нь Тайвантай албан ёсны дипломат харилцаатай дэлхийн цөөн (арваад) орны нэг хэвээр байгаа юм.
Тайванийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Мэн-ань Сейшел, Маврики, Мадагаскар улсууд Ерөнхийлөгчийн онгоцыг агаарын орон зайгаар нэвтрүүлэх зөвшөөрлөө урьдчилан мэдэгдэлгүйгээр цуцалсан гэж мэдэгдэв.
Тэр Тайпэйд яаралтай зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр “бодит шалтгаан нь Хятадын эрх баригчдын хүчтэй шахалт. Үүнд эдийн засгийн дарамт ч багтаж байна” гэж хэлжээ.
Мадагаскар нислэгийг зөвшөөрөөгүй гэв
БНХАУ-ын Гадаад хэргийн яам энэ талаар тайлбар өгөөгүй байна. Хятад улс Африк тивийн улсуудтай эдийн засаг, улс төрийн нягт холбоотой, мөн Тайванийг өөрийн нэг муж гэж үздэг.
Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин Мозамбикийн ерөнхийлөгч Даниэл Чапотой Бээжинд уулзахдаа Африкийн хөгжлийг дэмжихээ илэрхийлсэн ч Тайванийн айлчлалын талаар дурдаагүй байна.
Лай Чин-тэ Facebook хуудастаа “Хятадын дарангуйлах үйлдэл нь авторитар улсууд олон улсын дэг журам, энх тайван, тогтвортой байдалд ямар аюул учруулж байгааг харуулж байна” гэж бичжээ.
Мадагаскарын Гадаад хэргийн яамны төлөөлөгч “Манай дипломат бодлого нэг Хятадын зарчмыг баримталдаг. Энэ шийдвэр нь манай агаарын орон зайд бүрэн эрхээ хэрэгжүүлсний илрэл” гэж мэдэгдсэн байна.
Сейшелийн Засгийн газар тайлбар өгөхөөс татгалзсан бол Маврики талаас хариу ирээгүй байна.
Хятад Лай Чин-тэд дургүй
Энэ нь Тайванийн ерөнхийлөгч гадаад айлчлалаа Хятадын шахалтаас болж хойшлуулсан анхны тохиолдол болж байна.
Ердийн нөхцөлд Тайванийн ерөнхийлөгчид дипломат харилцаагүй орнуудын дээгүүр нисэхэд асуудал гардаггүй ч Хятад Лай Чин-тэг “салангид үзэлтэн” гэж нэрлэн онцгойлон эсэргүүцдэг.
Лай Чин-тэ “Тайванийн иргэд л өөрсдийн ирээдүйг шийдэх эрхтэй” гэж мэдэгдэж, Бээжингийн бүрэн эрхийн шаардлагыг няцааж байна.
Тайванийн аюулгүй байдлын өндөр албан тушаалтан Ройтерст хэлэхдээ "Хятадын талаас Сейшел, Мадагаскар, Маврикид эдийн засгийн хориг, өрийн хөнгөлөлтийг цуцлах зэрэг дарамт үзүүлсэн гэж үзэж байгаа"-гаа хэлжээ.
Энэ нь Лай Чин-тэгийн 2024 оны арваннэгдүгээр сараас хойших анхны гадаад айлчлал болох байв. Тэр үед Маршаллын арлууд, Тувалу, Палау улсад айлчилж, Хавай болон АНУ-ын Гуам нутгаар дамжин өнгөрч байсан.
Тайванийн ерөнхийлөгч хамгийн сүүлд Эсватинид 2023 онд айлчилсан бөгөөд тухайн үед Цай Ин-вэн очиж байжээ.