
БНСУ-ын Хөлбөмбөгийн холбоо (KFA) 2011-2012 онд гадаадын шүүгчдэд бэлгийн үйлчилгээ үзүүлсэн гэх мэдээлэл ил болсон нь зөвхөн тухайн улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх асуудлаас хальж, 2002 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргад Өмнөд Солонгосын шигшээ баг хагас шигшээд шалгарсан нь шударга байсан эсэх талаарх олон жилийн хардлагыг дахин сөхөхөд хүргэж байна.
Ингэснээр 24 жилийн өмнө гарч байсан, Өмнөд Солонгосын шигшээ баг ДАШТ-ий тоглолтуудад давуу байдал олж авсны ачаар түүхэн амжилтад хүрсэн гэх хардлага дахин сэргэжээ. Гэхдээ тухайн үед ямар нэг хууль бус үйлдэл гарсан гэх энэ хардлагыг нотлох бодит үндэслэл байгаагүй юм.
Гэхдээ Өмнөд Солонгосын сайн тоглолт болон шүүгчдэд бэлгийн үйлчилгээ үзүүлсэн гэх асуудал хоорондоо холбоотой эсэхээс үл хамааран энэхүү дуулиан тус улсын нэр хүндэд сэв суулгаж, аль хэдийн хүнд байдалд орсон БНСУ-ын Хөлбөмбөгийн холбоонд хандах шүүмжлэлийг улам нэмэгдүүллээ.
2002 оны ДАШТ-ий хардлага дахин сөхөгдөв
Өнгөрсөн долоо хоногт олон нийтэд ил болсон хамгийн сүүлийн мэдээллийг зарим гадаадын хэвлэл, ялангуяа 2002 оны ДАШТ-ийг Өмнөд Солонгостой хамтран зохион байгуулсан Японы хэвлэлүүд илүүтэй мэдээлж байна.
Японы “Санкей Шимбун”-ы цахим хэвлэл Zak II "2002 оны Солонгос-Японы ДАШТ-ий үеэр Итали, Испанийн эсрэг хасагдах шатны тоглолтуудад шүүгчдийн гаргасан эргэлзээтэй шийдвэрүүд барууны хэвлэлүүд, тэр дундаа The Guardian болон The New York Times сонинд шүүгчдийг хахуульдсан гэх хардлага төрүүлж байсан" гэж мэдээлжээ.
Японы зарим хэвлэл, тэр дундаа Football Tribe өмнө нь Өмнөд Солонгосын шигшээ багийн олон улсын "А" зэрэглэлийн тоглолтуудыг шүүж байсан Японы шүүгчид ч ийм төрлийн үйлчилгээ авсан байж болзошгүй гэх мэдээллийг нийтэлжээ.
Football Tribe-ийн нийтлэлд "Өмнө нь Өмнөд Солонгосын шигшээ багийн олон улсын А зэрэглэлийн тоглолтуудыг шүүж байсан Японы шүүгчдэд бэлгийн үйлчилгээ үзүүлсэн гэх мэдээлэл гарсан" гээд хэрэв Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлэл үнэн бол Японы Хөлбөмбөгийн холбоо болон J.League арга хэмжээ авах шаардлагатай болж, тодорхой албан ёсны тоглолтуудын шүүгчийн томилгоог дахин шалгах асуудал ч яригдаж болзошгүй гэжээ.
2012 оны Лондоны олимпын медаль ч дурдагдав
Хятадын зарим хэвлэл, тэр дундаа Kankan News мөн Өмнөд Солонгос 2012 оны Лондоны олимпын хүрэл медалиа хураалгаж болзошгүй гэх таамаг дэвшүүллээ.
Хэрэв ийм зүйл болбол Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн олон улсын нэр хүндэд маш ноцтой цохилт болно гэж тус хэвлэлүүд үзжээ. Гэхдээ 2002 оны ДАШТ-ий шүүгчдийн авлигын талаарх хардлагыг одоо мөрдөн шалгах нь цаг хугацааны хувьд хоцрогдсон, нотлох баримт бүрдүүлэхэд хүндрэлтэй учраас тун хэцүү гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Өмгөөлөгч Со Жон Бин YTN-д "Одоо яригдаж буй бэлгийн үйлчилгээний асуудал 2011, 2012 онд болсон. Харин 2002 оны ДАШТ-ээс асар их цаг хугацааны зөрүүтэй. Мөн бэлгийн үйлчилгээ нь авлига байсан эсэхийг тогтоох бодит үндэслэл хангалтгүй" гэж хэлжээ. Тэрээр мөн "Өмнөд Солонгосын ард түмний хувьд хагас шигшээд шалгарсан тэр сайхан дурсамжийг гутаан доромжилж, сэвтээж байгаа нь харамсалтай" хэмээн нэмж хэлсэн байна.
БНСУ-ын Хөлбөмбөгийн холбоо уучлалт гуйсан ч олон нийтийн итгэл сэргэхгүй байна
Олон нийтийн шүүмжлэл нэмэгдсэнтэй холбоотойгоор БНСУ-ын Хөлбөмбөгийн холбоо бямба гарагт мэдэгдэл гаргаж, бэлгийн үйлчилгээний асуудлыг багтаасан холбоотой холбоотой олон асуудалд санаа зовнил төрүүлсэндээ уучлалт гуйжээ.
Холбоо "Холбоог тойрсон олон асуудлаар олон нийтэд ихээхэн санаа зовнил төрүүлсэндээ чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна" гэж мэдэгдээд, гадаадын шүүгчдэд бэлгийн үйлчилгээ үзүүлсэн гэх асуудал нь өнгөрсөн үеийн хэрэг гэдгийг онцолсон байна.
Мөн БНСУ-ын Хөлбөмбөгийн холбооны бүх гишүүн олон нийтийн хүчтэй шүүмжлэлийг гүнээ хүлээн авч, үүнийг байгууллагынхаа иж бүрэн шинэчлэлийг хийх боломж болгон ашиглана гэжээ.
Цаашид байгууллагын соёлын ил тод байдал, ёс зүйн зарчмыг бэхжүүлж, олон улсын стандарт болон олон нийтийн хүлээлтэд нийцэхийн төлөө ажиллана гэж мэдэгдсэн байна.
Гэвч БНСУ-ын Хөлбөмбөгийн холбоо өмнө нь гадаадын шүүгчдэд бэлгийн үйлчилгээ үзүүлэх нь бусад оронд ч "заншил болсон практик" байсан гэж тайлбарласан нь олон нийтийн үл итгэх байдлыг улам нэмэгдүүлжээ.
Хөлбөмбөгийн тайлбарлагч Пак Мүн Сон Instagram хуудастаа "Шүүгчдэд авлига өгөх, бэлгийн үйлчилгээ үзүүлэх нь зөвхөн нийгмийн стандарт өөрчлөгдсөн учраас одоо буруу болсон гэж үү? ... Зүгээр л бүгдээрээ огцор" хэмээн бичээд, хариуцлага хүлээх гэдэг нь хэлбэрийн төдий уучлалт гуйх биш, бодит үйлдлээр харуулах ёстой гэжээ.
Мөн нэгэн цахим хэрэглэгч "Улсын хамгийн том спортын байгууллага ийм чадваргүй, эмх замбараагүй байж яаж болох вэ? Үнэнийг хэлэхэд холбоог татан буулгаж, эхнээс нь шинээр байгуулах хэрэгтэй. Засгийн газрын санхүүжилтийг ч зогсоох ёстой” гэж бичсэн байна.
Өмнөд Солонгос 2026 оны ДАШТ-ээс хэсгийн шатанд хасагдсаны дараа БНСУ-ын Хөлбөмбөгийн холбоо хэд хэдэн авлига, удирдлагын асуудалтай холбоотой шалгалтад оржээ.
Үүнд шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хон Мён Бо-г томилсон үйл явц зохисгүй явагдсан гэх хардлага багтаж байгаа бөгөөд тэрээр зургаадугаар сарын сүүлээр албан тушаалаасаа огцорсон.