
Пакистан улс эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгсэлд ногдуулдаг татварыг хүчингүй болголоо. Уг шийдвэр нь энэ асуудлаар олон нийтийн кампанит ажил өрнүүлж байсан залуу хуульчдын томоохон ялалт боллоо.
Пакистаны Сангийн сайд Мухаммад Аурангзеб ариун цэврийн хэрэгсэл нь эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, нэр төр, нийгмийн амьдралд оролцох боломжтой шууд холбоотой өдөр тутмын зайлшгүй хэрэглээний бүтээгдэхүүн учир борлуулалтын татварыг нь хасах бодолтой байгаагаа мэдэгдэв.
UNICEF-ийн судалгаагаар Пакистанд ариун цэврийн нэг удаагийн бүтээгдэхүүнийг өндөр өртөгтэй тул эмэгтэйчүүдийн цөөн хэсэг нь л хэрэглэдэг байна. Ихэнх нь даавуу болон гэрийн нөхцөлд хийсэн орлуулагч хэрэгсэл ашигладаг бөгөөд энэ нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.
25 настай Махнур Омер болон 29 настай Ахсан Жехангир Хан нар өнгөрсөн жил ариун цэврийн хэрэгслийг бүх төрлийн татвараас чөлөөлөх шаардлагаар шүүхэд хандсан байна. Тэд уг татварыг эмэгтэйчүүдэд чиглэсэн “ягаан татвар” гэж нэрлэжээ.
Тэдний кампанит ажил олон нийтийн сүлжээнд өргөн дэмжлэг авч, мянга мянган хүний гарын үсэг цуглуулсан байна.
Одоогийн байдлаар Пакистанд үйлдвэрлэсэн ариун цэврийн хэрэгсэлд 18 хувийн борлуулалтын татвар ногдуулдаг бол импортын бүтээгдэхүүнд нэмэлтээр 25 хувийн гаалийн татвар авдаг аж.
UN Women энэ шийдвэрийг сайшааж, эмэгтэйчүүдийг ажлын байрандаа үлдэх, охидыг сургуулиа үргэлжлүүлэхэд энэ шийдвэр дэмжлэг болно гэж мэдэгджээ.
Пакистанд үйлдвэрлэсэн ариун цэврийн хэрэгсэлд 18 хувийн борлуулалтын татвар ногдуулдагМахнур Омер уг шийдвэрийг талархан хүлээн авсан ч тэмцэл дуусаагүй гэдгийг онцолж, ариун цэврийн хэрэгсэлд ногдуулдаг бусад бүх татвар, хураамжийг цуцлуулахын төлөө ажилласаар байх болно гэж мэдэгдсэн байна.
Сарын тэмдгийн эрхийн чиглэлээр ажилладаг “Mahwari Justice” байгууллагын гүйцэтгэх захирал Бушра Махнур энэ шийдвэрийг “сарын тэмдгийн ядууралтай тэмцэх урт замын зөвхөн нэг алхам” гэж тодорхойлжээ.
Түүний хэлснээр ариун цэврийн хэрэгсэлд ногдуулах татварыг цуцлах нь сарын тэмдгийн талаарх нийгмийн хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд томоохон нөлөө үзүүлэх боловч хамгийн эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн хувьд аюулгүй бүтээгдэхүүнүүд одоо ч үнэтэй хэвээр байна.
Тэрээр “Сарын тэмдгийн шударга ёс гэдэг нь зөвхөн бүтээгдэхүүн биш. Энэ нь цэвэр ус, ариун цэврийн байгууламж, зөв боловсрол болон сарын тэмдгийг гутаан доромжлохгүй нийгэм гэсэн үг. Энэ бол чухал мөч боловч бидний ажил хараахан дуусаагүй байна” гэжээ.
Мөн Засгийн газар жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэлд ногдуулдаг 18 хувийн борлуулалтын татварыг ч хүчингүй болгохоор болсон байна.
Сангийн сайд Аурангзебийн хэлснээр хүн амын өсөлт “түгшүүр төрүүлэх хэмжээнд” хүрч байгаа өнөө үед жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн татварыг цуцлах шаардлагатай гэнэ. Гэр бүл төлөвлөлт нь Засгийн газрын тэргүүлэх зорилтуудын нэг болжээ.
“Пакистан бол хүн амын тоогоор дэлхийд тавдугаарт ордог улс. Иймээс гэр бүл төлөвлөлт манай Засгийн газрын нэн тэргүүний бодлогын нэг юм” гэж тэр мэдэгдсэн байна.