
Дэлхийн эрчим хүчний үнийн өсөлтийн дарамтын улмаас Японы төв банк үндсэн бодлогын хүүгээ сүүлийн 31 жилийн хамгийн өндөр түвшинд хүргэж нэмэгдүүллээ.
Японы Төв банк (BOJ) бодлогын хүүгээ 0.75 хувиас 1 хувь болгон өсгөсөн нь 1995 оноос хойших хамгийн өндөр түвшин болж байна.
АНУ-Израил, Ираны хоорондын мөргөлдөөний улмаас амьжиргааны өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ онд зарим төв банкууд мөн бодлогын хүүгээ өсгөсөн билээ.
Япон улс 1990-ээд онд үл хөдлөх хөрөнгө болон хувьцааны үнийн хөөс хагарсны дараах эдийн засгийн хүндрэлтэй тэмцэхийн тулд хүүгээ эрчимтэй бууруулсан. Үүний улмаас инфляц буурч, эдийн засгийн өсөлт саарсан тул бодлогын хүү бараг хоёр арван жилийн турш тэгтэй ойролцоо түвшинд байсан юм.
Төв банк 2024 оны гуравдугаар сараас эхлэн хүүгээ аажмаар өсгөж эхэлсэн. Тухайн үеийн өсөлт нь 17 жилийн дараах анхны өсөлт байсан юм. Японы эдийн засагч Жеспер Колл BBC-д өгсөн ярилцлагадаа “Хорин жилийн дефляцын дараа Япон улс одоо инфляцын өсөлтийн мөчлөгт орж байна” хэмээн хэлжээ.
Мөн “Онцгой байдал, хямралын үеийн мөнгөний бодлого цаашид шаардлагагүй болсон тул Төв банк хэвийн мөнгөний бодлогодоо эргэн орохыг хүсэж байна” гэж нэмж хэлсэн байна.
Ойрхи Дорнодоос газрын тос, байгалийн хий их хэмжээгээр импортолдог Япон зэрэг орнуудад эрчим хүчний үнэ өссөн нь инфляцыг нэмэгдүүлжээ. Японы бөөний үнийн индекс тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 6 гаруй хувиар өссөн нь сүүлийн гурван жилийн хамгийн өндөр өсөлт болсон.
Гэсэн ч дөрөвдүгээр сард улсын нийт инфляц 1.4 хувь байсан нь BOJ-ийн 2 хувийн зорилтот түвшнээс доогуур хэвээр байна.
Ерөнхий сайд Санае Такаичи төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлэхийг дэмждэг ч бодлогын хүү өсгөх санааг төдийлөн дэмждэггүй байжээ. Гэвч инфляцыг бууруулах дарамттай тулгараад буй. Тэрээр өнгөрсөн жил албан тушаалд орсноосоо хойш төв банкны хүү нэмэх бодлогыг шүүмжлээгүй байна.
Энэ удаагийн өсөлт нь Такаичигийн Засгийн газрын үед хийсэн хоёр дахь хүүгийн өсөлт юм. Энэ удаагийн өсөлт өнгөрсөн арванхоёрдугаар сард бодлогын хүүгээ ойролцоогоор 0.75 хувь болгосны дараагаас хүлээгдэж байсан шийдвэр байв.
Мөн Японы иений ханшийг тогтворжуулах зорилготой холбоотойгоор энэхүү шийдвэр гарчээ. Сүүлийн үед иен ам.доллар болон евро зэрэг гол валютуудын эсрэг сулраад байсан юм.
Хэдийгээр хүү өссөн ч Японы бодлогын хүү бусад томоохон эдийн засагтай орнуудтай харьцуулахад бага хэвээр байна.Тухайлбал АНУ болон Их Британийн бодлогын хүү одоогоор 3 хувиас дээш түвшинд байгаа ч энэ долоо хоногт болох хурлаараа өөрчлөхгүй байх төлөвтэй байна.
Харин Австралийн Нөөцийн банк мягмар гарагт бодлогын хүүгээ 4.35 хувьд хэвээр үлдээсэн ч инфляцыг хянахын тулд шаардлагатай бол дахин нэмэгдүүлж магадгүй гэж мэдэгджээ.