
Багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний нэмэлт урамшууллын талаар Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга Л.Ганбат мэдээлэл өглөө.
Тэрээр "Багш нарын гүйцэтгэлийн үнэлгээг тав дахь жилдээ хийлээ. Ажлын үндсэн чиг үүргээ хэн илүү сайн хэрэгжүүлсэн нь нэмэлт урамшуулал авдаг тогтолцоог нэвтрүүлсэн. Тавдугаар сард бүх гүйцэтгэлийн үнэлгээг хийсэн. 1,016 цэцэрлэгийн 7,355 багш, 136,000 хүүхэд хамрагдсан. Ингэхэд улсын дундаж нь урьдчилсан байдлаар 97.1 хувьтай гарлаа.
Ерөнхий боловсролын төрийн өмчийн 711 сургуулийн 30 106 багш, 870 000 орчим сурагч гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагджээ. Нэг, хоёрдугаар ангийн хүүхдүүдээс ямар нэгэн шалгалт үнэлгээ аваагүй. Цахим шалгалт буюу сурлагын ахиц амжилт, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт 59.3 хувьтай үнэлэгдсэн. Наймдугаар сарын 10-н гэхэд багш хэддүгээр индекс дээр үнэлэгдсэн, хэдэн хувийн урамшуулал авах вэ гэдэг нь эцсийн байдлаар улсын хэмжээнд зарлагдана" гэв.