
“Хаан банк”-ны 35 жилийн ойн урамшуулал болон арилжааны банкуудын судалгаанд хамруулах зэрэг иргэдийн анхаарлыг татахуйц агуулга бүхий хуурамч зар мэдээллийг цахим орчинд байршуулах замаар иргэдийн данснаас мөнгө хулгайлдаг байсан гадаад улсын нэг, Монгол Улсын дөрвөн иргэнийг цагдаагийн байгууллага илрүүлэн баривчилжээ. Тухайн этгээдүүд хортой фишинг сайт зохион бүтээж, хандалт өгсөн иргэдийн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг хуулбарлан авч, хууль бусаар нэвтрэн данснаас нь мөнгө авдаг байсан аж.
Гадаад улсад цахим орчинд гэмт хэрэг үйлддэг гэмт бүлэглэлийн санхүүжилт, холбоо хамаарлыг ашиглан Монгол Улсын иргэдтэй гадаад улсад аялах, суралцах явцад нь урт хугацаанд харилцаа тогтоож, бэлэн мөнгө, эд зүйлээр урамшуулах, амлалт өгөх замаар энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхэд татан оролцуулдаг байсан нь тогтоогдсон байна.
Прокурорын зөвшөөрлөөр хэргийн холбогдогчдын байрлаж байсан орон байр, биед нэгжлэг хийхэд Монгол Улсын иргэдийн интернэт банк руу хууль бусаар халдсан, халдахаар бэлтгэж байсан үйлдэлтэй холбоотой цахим болон биет нотлох баримтуудыг илрүүлэн, хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэн авч, хэрэгт эд мөрийн баримтаар тооцжээ.
Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналтайгаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгааг ЦЕГ-аас мэдээллээ.