
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрших Улаанбаатар хотын музейн барилга 1919 онд хувийн сууцны зориулалтаар ашиглалтад орж, 1956 оноос музейн үйл ажиллагаа явуулж эхэлжээ. 107 жилийн насжилттай тус барилгын ашиглалтын хугацаа хэтэрч, музейн үзмэрийн хадгалалтын горим алдагдах эрсдэл тулгарсан байна.
Музей нь 70 жилийн түүхэндээ 3 500 гаруй үзмэрийг бүрдүүлсэн бөгөөд олон талын үнэ цэнтэй үзмэр хадгалагддаг бол олон нийтэд өмнө нь дэлгэгдэж байгаагүй цор ганц үзмэр ч бий гэнэ.
Зай, талбайн хүртээмж хангалтгүйн улмаас хадгалагдаж буй тус үзмэрээс 120 гаруйг нь л олон нийтэд дэлгэн үзүүлдэг байна.
Харин албаныхны зүгээс, "Энэ жил манай музей үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ой тохиож буй онцгой жил. Түүхэн дурсгалт барилгыг нураалгүйгээр сэргээн засварлах шийдвэр гаргасан. Өнгөрсөн хугацаанд үзмэрийн танхим, ариун цэврийн өрөө зэрэг дотоод засваруудыг түүхэнд байгаагүйгээр хийж өгсөн. Цаашид гадна фасад, дээврийг шинэчлэх, орчны тохижилтыг сайжруулах, улмаар Улаанбаатар хотын музейг үндэсний хэмжээний бүрэлдэхүүн музей болгохоор төлөвлөж байна. Ингэснээр их хотдоо хайртай ахмад настан, хүүхэд, багачууд төдийгүй иргэд олон нийт баярлана гэж найдаж байна" хэмээсэн юм.


Энэ онд Улаанбаатар хотын музей нийслэлийн төсөвт 4.2 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэх бол зарлагыг 876.7 сая төгрөгөөр баталжээ.