
1960-70-аад он. вьетнамын дайн, иргэний хөдөлгөөнийг зохицуулах их ажлын хажуугаар ану-ын ерөнхийлөгч жонн кеннеди “1960-аад оны сүүл гэхэд наса саран дээр хүн буулгана” гэж төлөвлөснөө дэлхий даяар зарлав.
АНУ-ын агуу их амбицын ачаар 1969 оны зун Нейл Армстронг, Базз Алдрин нар саран дээр хүн төрөлхтний мөрийг гаргажээ. НАСА-гийн ахлах эрдэмтэн Ноа Петро “Би сарыг дэлхийн найм дахь тив гэж боддог. Сарыг судлах нь үнэндээ дэлхийн үргэлжлэл хэсгийг судалж байна гэсэн үг” гэсэн байдаг. Сарыг судлах нь дэлхийн эртний түүхийн алдагдсан хэсгүүдийг сэргээхээс гадна хүн төрөлхтний ирээдүй дэлхийгээсээ хальж чадах уу гэдэг ч хамаарна.
Аз эз хосолсон олон оролдлого, улс төрийн өрсөлдөөний дүнд хүн төрөлхтөн бүх цаг үеийг үр дүнтэй өнгөрүүлжээ. Саран дээрх гутлын мөрнөөс эхлээд шинжлэх ухааны сурах бичигт нэмсэн үг, өгүүлбэр бүр өөрөө энэ бүхний баталгаа юм. Сарны наад ба харанхуй тал, Оросын нисэгч, олон улсын сансрын баг, сансрын замд орсон анхны эмэгтэй нисэгч бүхэн хүн төрөлхтний түүхэнд үнэ цэнээ үлдээсээр. НАСА-гийн хэрэгжүүлсэн Aполло болон Aртемис хөтөлбөрүүд (түүний дотор Artemis II) нь хоёул хүнтэй сарны нислэг боловч шинжлэх ухааны зорилго, технологи, урт хугацааны стратегийн хувьд үндсээрээ ялгаатай. “Өрсөлдөөнт ялалт”-аас “олон туйлт хамтын орон зай байгуулах” гэсэн хоёр өөр дэлхийн системийн тусгал болсон энэ хоёр хөтөлбөрийн ололт, амжилт нь ч өөр.
Aполло хөтөлбөрийн хамгийн том гавьяа буюу шинжлэх ухааны тогтсон мэдлэг болсон дэвшлүүд нь зөвхөн саран дээр хүн буулгаснаас илүү дэлхий–сарны систем, гарагийн геологи, сансрын инженерчлэлийн суурь ойлголтыг бүрэн өөрчилсөн явдал юм. Аполлог хөөргөж байх үед америкуудын геополитикийн зорилго нь ердөө л ЗХУ-ыг ялах, сар бол стратегийн дүрмийн талбар байв. АНУ сансрын уралдаанд технологийн давамгайллаа баталж, ЗХУ сансарт анх хүн илгээсэн ч саран дээрх буултаа алдсанаар хүйтэн дайны үзэл суртлын ялалт Америкийнх болсон. Тиймдээ ч Аполлогийн дараа АНУ-д итгэх НАТО болон барууны холбоотнуудын итгэл нэмэгдсэнээр Америкийн технологидэлхийн стандарт болсон гэгддэг. 1975 оны “Аполло–Союз туршилтын хөтөлбөр” хүйтэн дайны үеийн шинжлэх ухааны хамтын ажиллагааны анхны том алхам болж байв.

Сансрын эрх зүйн ойлголт ч өөрчлөгдөж сар болон сансар ямар ч улсын өмч биш гэдэг дээр хүн төрөлхтөн санал нэгдсэн юм. Аполло 11-ийн дэлхийн эдийн засаг, шинжлэх ухаанд үзүүлсэн нөлөөг ч чамлахааргүй. НАСА-гийн төсөв өсөж, өндөр технологийн салбар хурдасч, инженерийн боловсролын дэлхийн стандарт бий болов. Сар хэмээх тэрхүү цэгт очих, буух, буцах гэсэн энгийн уралдаанаас улс орны нэр хүнд, хүч чадлын үзүүлэлтийн баталгааг харуулсан стратегийн утгатай болон өөрчлөгдөв.
Энэ бүх өрсөлдөөний зэрэгцээ шинжлэх ухаанд оруулсан Аполло 11-ийн гавьяа өнөөдөр ч хүчтэй хэвээр. Aполло 11-ийн авчирсан 382 кг чулуулгаас сарны чулууны изотопын найрлага дэлхийтэй маш төстэй боловч дэгдэмхий элементүүд маш бага байгаагаас “Аварга мөргөлдөөн” болсныг баталгаажуулсан гэдэг. Хүн төрөлхтөн сарыг нэгэн төрлийн “хуучин, идэвхгүй бөмбөрцөг” гэж төсөөлж байсан бол базальт урсгалуудтай, галт уулын үйл ажиллагааны ул мөр, олон үе шаттай талстжилттай амьд геологийн түүхтэй гарагийн бие гэдэг нь тодорхой болж өөрчлөгджээ.
Аполло 11-ийн багийнхан нарны салхи, космик цацраг, микрометеороидын нөлөөг нь таньж ирснээр сансар бол хоосон орчин биш, идэвхтэй цацрагийн орчин болохыг анх удаа хүнтэй нислэгээр шууд газар дээр нь хэмжиж баталгаажуулсан. Хамгийн чухал нь дэлхийн шинжлэх ухааны шинэ салбарууд бий болсон. Тодруулбал, гараг эрхсийн геологи, сансрын геохими, астробиетийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөн. Харин 58 жилийн дараа хөөрч, сарыг бүхэлд нь тойрсон Aртемис II геополитик, шинжлэх ухаан, эдийн засаг, ирээдүйн сансрын архитектурт Aполлогийн үеэс огт өөр төрлийн суурь өөрчлөлт авчирч байгаа гэж ойлгож болно. Артемис II хөтөлбөрийн Орион сансрын хөлөг бүс нутгийн цагаар 2026 оны дөрөвдүгээр сарын 1-ний 18:35 минутад SLS пуужин хөөргөх тавцангаас салж, сансарт гарснаар хүн төрөлхтний сарыг эзлэх төсөл дараагийн шатандаа орж, Ангараг гарагийг эрхшээх хүсэл нэг алхам урагшлав. Артемис II сарыг бүтэн тойрохын сацуу хэд хэдэн туршилтыг давхар гүйцэтгэх амь дүйсэн ажлын ард амжилттай гарсан.
Артемисийн үед дэлхий олон туйлт (АНУ, Хятад, Энэтхэг, Европын холбоо, хувийн компаниуд) болж өрсөлдөөн, хамтын ажиллагаа зэрэгцэн сансрыг хэн эзлэх вэ гэдэгт бус “Сансарт хэн дүрмээ тогтоох вэ” гэдэг асуудал дээр анхаардаг болжээ. Aртемис сарыг таних гэж бус харин саран дээр тогтвортой экосистем байгуулах анхдагч зорилгодоо хэрэгтэй мэдээллийг нэмж цуглуулах, Хятад зэрэг шинэ өрсөлдөгчтэй технологийн тэнцвэрээ хадгалах, болж өгвөл бүр илүү гарах удаах зорилгоо биелүүлэхээр хөөрч амжилттай газардсан. АНУ, ЗХУын дунд л өрнөж байсан өрсөлдөөн өнөөдөр НАСА, Европ, Япон, Канад улсууд, SpaceX зэрэг хувийн компаниудын түншлэлд суурилсан эвслийн тогтолцоотойгоор урагшилж, олон улсын сансрын хууль, хамтын ажиллагааны үндэс тавигдсан. Гэхдээ энэ түншлэл доторх өрсөлдөөнөөс “Хэн сарны эдийн засгийн дүрмийг бичих вэ” гэдэг асуудал үүсэв.
Дэлхийн сансрын эдийн засаг 2025 онд нийтдээ 613 тэрбум ам.долларт хүрч, үүний 78 хувь нь хувийн хэвшлээс бүрдэж байна. Одоогоор сансар судлал, аялал жуулчлал, олборлолт, харилцаа холбоо, хайгуул, батлан хамгаалах зэрэг чиглэлээр 1800 гаруй компани үйл ажиллагаа явуулж байна. Тэднээс хэн нь сарыг эзэмших технологийг хөгжүүлж, хүн төрөлхтний ирээдүйн нүүдлийг толгойлж чадах бол?
Aртемис II-ийн сар руу амжилттай хөөрсөн ажиллагаа нь Америкийн олон нийтийн НАСА-д оруулсан 25 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт үр ашигтай, зөв шийдвэр байсныг харуулсан. НАСА орчлон ертөнцийн үүсэл, хөгжилтэй холбоотой хүний мэдлэгийг урагшлуулахад голлох үүргийг гүйцэтгэсэн. Дээрх асуудлыг хойш тавин Артемис II-ийн жинхэнэ зорилго нь саран дээр буух, суурьших биш, сар руу явах зам дахь сансар дахь хүний өгөгдөл ямар байх талаар биологийн туршилт гэхэд хилсдэхгүй.

Дэлхийн хамгаалалтын соронзон орчноос гарсан үед хүний бие махбодод үзүүлэх
- Цацрагийн нөлөө
- Зүрх судасны өөрчлөлт
- Мэдрэлийн тогтолцоонд үүсэх хямрал буюу стресс
- Нойр, сэтгэлзүйн хариу урвалыг Aртемис II олон өдрийн, өндөр дататай
биомедикал системээр харуулж чадна.
Aртемис II мөнгө олдог нислэг биш, гэхдээ ирээдүйн сансрын эдийн засгийн “testbed” юм.
Дэлхий, сар хоорондын бүс, ложистик, холбоо, түлш хадгалалт, үйлчилгээний өртгийг Артемисийн судалгаанд үндэслэн тогтооно. Сансар ч тэр, сар ч тэр зөвхөн судалгаа биш, нийлүүлэлтийн зангилаа болж буй хэрэг. Ирээдүй тэнд биш Артемис II-ийн багийнханд агуулагдаж байна л гэсэн үг. Товчхондоо Артемис II бол саран дээр буух тухай биш хүн төрөлхтөн сансарт удаан хугацаанд оршин тогтнох боломжтой эсэхийг анх удаа бодитоор шалгаж байгаа системийн туршилт юм.
Мэдээж мэдлэгийн шинэ давхарга бий болж буйг дурдахгүй өнгөрч болохгүй. Артемис II хүн гүн сансарт амьд үлдэх боломжтой юу гэдгийг тодорхойлоход туслах
- Жингүйдлий нөлөө,
- Яс сийрэгжилт, булчингийн алдагдал,
- Цацрагийн
нөлөө,
- Дархлаа сулрах эсэх,
- Сэтгэлзүйн өөрчлөлт (ганцаардал, стресс),
-
Унтах, зүрх судасны өөрчлөлтийн датаг харуулна.
Нэмээд яг тухайн мөчид дэлхий рүү дамжуулсан сансрын нислэгийн үеийн бүх мэдээлэл нь ирээдүйд сансрын ном, сургалтын үндэс болно. Тэгэхээр сар бол эхний буудал, магадгүй яг л зочид буудал шигээр ашиглагдаж, эсвэл нөөц болж жинхэнэ цоо шинэ суурьшлийн бүс нь Ангараг болох биз.
Шинжээчид Артемисийн архитектурын зорилгыг хүн төрөлхтнийг сарнаас эхлээд Ангараг руу хүргэх шаталсан систем гэж тодорхойлдог. Aртемис II-ийн цуглуулж ирсэн мэдээлэл бүрэн цацагдаагүй ч хүнийг гүн сансарт удаан байлгах боломжийг хангалттай судалсан гэдэгт эргэлзэхгүй байна.