
Монгол Улсаас хууль бусаар гарсан үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирахаар ССАЖЗЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг дөрөвдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд БНФУ-ын Парис хотод ажиллаж байгаа аж.
Хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворуудад төлөв байдлын нарийвчилсан үзлэг хийж, бүртгэл, тодорхойлолтыг баримтжуулсан байна. БНФУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны албан тушаалтнуудтай уулзаж, олдворуудыг хүлээн авах, тээвэрлэх хууль эрх зүйн орчин болон зохион байгуулалтын асуудлыг хэлэлцжээ.
Олон улсын соёлын өвийн тээвэрлэлтээр мэргэшсэн "Гроспирон" компанийн төлөөлөлтэй уулзаж, үнэт олдворуудыг эх оронд нь аюулгүй авч ирэх ложистикийн төлөвлөгөөг гаргасан аж. Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улс соёлын өвөө хамгаалах, хууль бус худалдааг таслан зогсоох чиглэлд тууштай ажиллаж байгаагийн илрэл юм.