
Хавдар гэх өвчлөл зуун дамнан яригдаж байгаа ч улиг болж, хуучирсан гэж орхиж, огоорч болохгүй амин чухал агуулга, асуудал юм. Жил бүр мянган, мянган тохиолдол шинээр бүртгэгдэж, зуу, зуун иргэний алтан амийг авч одсоор байгаа энэ өвчлөлд иргэд нийтээрээ шинжлэх ухаанч байр сууринаас хандаж, эрсдэлээс урьдчилан сэргийлж, эрт илрүүлж, өөрийгөө, өрх гэр бүлээ, цаашлаад улс орноо хамгаалах шаардлагатай байна.
Хоногт 10-20 шинэ тохиолдол
Гуравхан сая хүн амтай Монгол Улс хавдрын өвчлөлийн түвшингээрээ дэлхийн 45 дугаарт эрэмбэлэгдэж, хавдрын шалтгаан нас баралтаар тэргүүлж байна. Ялангуяа, элэг, ходоодны хорт хавдрын өвчлөл, нас баралтын түвшингээр дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа бол улаан хоолойн өвчлөл нас баралтын түвшингээр гуравдугаарт эгнэж буй. Олон зуун айл өрхийн амьдралын чанарт шууд нөлөөлж, хэдэн мянган хүний эрүүл мэнд, амь насыг хохироож, хороож буй хавдар гэх аюулт өвчнөөр жил бүхэн цөөнгүй монгол хүн шинээр өвчилдөг. Тоо сөхвөл,
· 2021 онд 5981
· 2022 онд 6885
· 2023 онд 7244
· 2024 онд 8169 хорт хавдрын шинэ өвчлөл бүртгэгдсэн байна.
Эндээс хоногт 10-20 хүн хорт хавдартай гэх хатуу онош сонсож байгааг харж болохоор байна. Энэ өвчлөлийн түвшин нас ахих тусам тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд 75 хүртэлх насны нийт хүн амын хорт хавдарт өртөх эрсдэл 28.4 хувь (Эрэгтэй 35.6 хувь, эмэгтэй 23.4 хувь) байна. Тэгэхээр гурван эрэгтэй, таван эмэгтэй тутмын нэг нь хорт хавдарт өртөж байгаа юм. Хорт хавдрын шалтгаант нас баралт 2023 онд 4556 бүртгэгдсэн нь өмнөх оноос найман тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт бол өнгөрсөн онд 4755 хүн нас баржээ. Энэ нь нийт нас барж байгаа таван хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас амиа алдаж буй баримт болохыг албаныхан мэдээлсэн байна.

Дэлхийн дунжаас дээгүүрт эгнэх элэгний хорт хавдар
Монгол Улсад зонхилон тохиолдож буй хавдраар элэгний хорт хавдар нэрлэгддэг. Тус өвчлөл аль ч хүйсэнд хамгийн өндөр буюу 100,000 эрэгтэй хүн амд 80.3 тохиолдол, эмэгтэй хүн амд 60.3 тохиолдол ногдож байгаа юм. Манай улс элэгний хорт хавдрын өвчлөлийн түвшингээр дэлхийн 185 орноос нэг дүгээрт эрэмбэлэгдэж дэлхийн дунджаас 11, Ази номхон далайн баруун бүсийн орнууд болон зүүн азийн орнуудын дунджаас зургаа дахин өндөр байна. Хүйсээр ялган харвал, эрэгтэй хүйсийн элэгний хорт хавдрын өвчлөл дэлхийн дунджаас ес дахин, эмэгтэй хүйсийн элэгний хорт хавдрын өвчлөл 17 дахин өндөр байгаа юм. Хамгийн харамсалтай нь, энэ төрлийн өвчлөлийн нас баралтын түвшингээр мөн л дэлхийн 185 орныг тэргүүлж байгаа нь дэлхийн дунджаас 11 дахин, бүс нутгийнхаас зургаа дахин өндөр үзүүлэлт юм. Монголчуудын амь нас, эрүүл мэндэд занал хийлж буй элэгний хорт хавдрын үүсгэгчийн талаар болон энэ өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжийн тухай нийтлэлээ үргэлжлүүлье.
Элэгтэйгээ танилцах нь
Элэгний өвчлөл хийгээд үүсгэгчийн талаар хөвөрдөхөөс урьтаж элэг гэгч эрхтэнтэй “танилцах” нь зүй. Элэг нь хүний биед байрладаг хамгийн том дотоод шүүрлийн эрхтэн бөгөөд олон чухал үүрэгтэй. Тухайлбал, хоол боловсруулах замаас шимэгдсэн шим тэжээл, бодисыг цусны эргэлтээр дамжуулан шүүж, хувиргана. Мөн бүх төрлийн хортой болон химийн бодисыг задалж, ялгаруулж, биеэс гадагшлуулахад оролцдог бөгөөд бодисын солилцоог цэвэрлэдэг байна. Витамин хадгалах, дэмжих, цусны бүлэгнэлт, биеийн дулааныг зохицуулах зэрэг “ажлыг” ч элэг гүйцэтгэдэг аж. Элэгний эсийн хэвийн бус өсөлтийг элэгний хорт хавдар гэж нэрлэдэг. Элэгний хавдрыг ерөнхийд нь хоёр ангилдаг бөгөөд анх элгэнд үүссэн хавдрыг анхдагч, биеийн өөр хэсэгт үүсээд элгэнд үсэрхийлж тарсныг хоёрдогч хавдар гэнэ.

Хавдар халдвар шиг шууд өвчлүүлдэггүй
Хорт хавдар осол гэмтэл, халдварт өвчин шиг биед гэнэт бий болдоггүй. Энэ өвчний суурь хүний биед 15-30 жилийн өмнө үүсдэг учир сэргийлэх бүрэн боломжтой гэж эмч, мэргэжилтнүүд үздэг. Тэгэхээр амьдралын хэв маяг, дадал зуршил зэргээс шалтгаалахаас гадна халдвар, удамшил гэхчлэн олон хүчин зүйл нөлөөтэй.
Эмч нарын нэрлэж байгаагаар элэгний анхдагч хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг хүчин зүйлс нь,
· Гепатит В вирус (HBV) эсвэл Гепатит С вирус (HCV) -ийн архаг халдвар
· Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, элэгний хатуурал.
· Согтууруулах ундааны бус элэгний өөхний өвчин. Элгэнд өөх тос хуримтлагдах нь элэгний хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг (таргалалт, чихрийн шижин гэх мэт).
· Гемохроматоз, Вилсоны өвчин зэрэг элэгний зарим удамшлын өвчин аж.
Эдгээрээс манай улсад элэгний анхдагч хорт хавдар үүсэх гол шалтгаан нь хепатит В (HBV), C (HCV) эсвэл дельта (HDV) вирусийн архаг халдвар болон согтууруулах ундааны хэтийдсэн хэрэглээ болох нь судалгаагаар тогтоогдсон байна.
Тэгэхээр эрсдэлт хүчин зүйлсийг анхаарч, амьдралын хэв маягтаа эрүүл дадал хэвшүүлснээр энэ төрлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломж бий. Үүний тулд,
· Элэгний вирусийн халдвараас сэргийлэх
· Элэгний В вирусийн дархлаажуулалтад хамрагдах
· Архи, тамхины хэрэглээг зогсоох
· Биеийн жинг анхаарч, таргалалтаас сэргийлэх
· Зөв хооллох, түргэн хоолноос татгалзах
· Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, амьдралын хэв маягтаа анхаарах шаардлагатайг салбарынхан зөвлөдөг.

Эрт илрүүлэх хэрэгцээ
Хавдрын өвчлөл халдварт өвчний адил шууд бий болдоггүйн зэрэгцээ эрт илрүүлж чадвал эмчлэгдэх бүрэн боломжтой. Харамсалтай нь, монголчуудын олонх нь хожуу шатанд нь оношлуулдаг. Өнгөрсөн жил хавдраар өвдсөн нийт иргэдийн 65 хувь нь хожуу шатандаа оношлогдсон байна. Өмнө нь 80 орчим хувь байсан нөхцөл байдал дээрдэж, 65 хувьд хүрсэн ч үүнээс илүү үр дүнд гарч, олон хүн өвчнөө эрт үед нь илрүүлэн, эрүүлжих боломжтой юм.
Нас баралтын түвшин өндөр байгаа нь ч эрт илрүүлж чадахгүй байгаатай шууд холбоотой. 2023 онд манай улсад хорт хавдрын улмаас 4556 хүн нас барсан байна. Үүний 37.6 хувийг элэгний хорт хавдрын шалтгаант нас баралт дангаараа эзэлж байгаа юм. Элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтын 1711 тохиолдол бүртгэгдсэний 987 нь эрэгтэй, 724 эмэгтэйчүүд байсан аж. Элэгний хорт хавдраар нас барах хүний тоо олон байгаа нь энэ төрлийн өвчин хожуу шатанд ортлоо шинж тэмдэг илэрдэггүйтэй холбоотой. Зарим тохиолдолд хожуу шатандаа ч хурц байдал үүсгэхгүй байх магадлалтай учир хүмүүс эмнэлгийн байгууллагад эрт хандах нь ховор аж. Тиймээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгт тогтмол хамрагдах нь зүй.
Монголчууд өвчин хэлж биш хийсэж ирдэг гэлцдэг. Гэхдээ техник, технологи хөгжсөн, мэдээ, мэдээлэл элбэг энэ нийгэмд өвчин хийсэж ирэхээс сэргийлэх ч, хэл чимээг анирдах ч боломж бий. Тиймээс өөртөө болон эргэн тойрныхондоо хайртай байж, аюулт өвчнийг хийсэж ирэхээс нь амдаж, зогсооцгооё.