
Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлыг эргэн сануулж, тоймлон хүргэж байна.
Үр дүнд хүрээгүй жагсаал
Шатахууны үнэ нэмэгдэж, хомсдол үүссэнийг эсэргүүцсэн иргэд пүрэв гарагт хотын төв хэсэгт эхлээд тайван жагсаал зохион байгуулсан. Шатахууны хүртээмж, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлтөд туйлдсан жагсаал явцдаа Төв шуудангийн уулзварыг хааж, хотын хөдөлгөөнийг тэг зогсоосон ч салбарын сайд, ажил хариуцсан хүмүүс гарч ирж иргэдийн шаардлагад хариу өгсөнгүй. Харин жагсаалын сургаар сар шахам гацсан парламентын үйл ажиллагаа жигдэрч, УИХ-ын байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотгол зэрэг хүлээгдэж буй асуудлаа хэлэлцэж эхлэв.
Жагсагчид төв уулзварыг олон цагаар хааснаас шалтгаалж хотын бүх зам ачаалал аван, иргэд 5-6 км зам явган алхаж гэртээ харьсан тухай гомдоллож байв. Тухайн өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвд 1400 гаруй дуудлага ирсэн ч зам хаалттайн улмаас цаг алдаж эмнэлгийн тусламж үзүүлсэн 10 гаруй тохиолдол гарчээ.
Шатахууны сураг
Жагсаалын маргааш баасан гарагт түлш, шатахууны шуурхай штаб хуралдан зарим шийдвэр гаргасныг Аж, үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа. Тэрээр, “ ОХУ-ын 34 нефть боловсруулах үйлдвэрийн 24 нь 1-ээс дээш удаа бөмбөгдөлтөд өртсөн нөхцөл байдалтай байна. ОХУ-аас бидний авдаг үйлдвэр сардаа 70 мянган тонныг өгдөг байсан бол одоо сард 54-55 мянган тонныг л өгч байна. Аравдугаар сард БНХАУ-аас авах бензиний хэмжээгээ нэмэгдүүлж 78 мянган тонныг авахаар одоогийн байдлаар гэрээ хийгдсэн байна. Аравдугаар сарын тухайд байдал харьцангүй болох хүлээлт байна. Улсын хэмжээний шатахууны нөөц сав их муу. Энэ жилдээ багтан 150 мянган тонноор нөөцийн савны хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Ингэснээр энгийн хэрэглээний 45 хоногийн нөөцөө хадгалах боломжтой болох юм. Улаанбаатар хотод өдөртөө 1000 орчим тонн хүрэлцээтэй байсан бол 1700-1800 тонн байгаад шок нь арилахгүй байна. Энэ удаагийн шок ойрын хэд хоногоос намжина. Дэлхийн геополитикийн байдал тодорхойгүй байгаа учраас дараагийн сард яахыг бид тааж мэдэхгүй. БНХАУ нефтийн бүх бүтээгдэхүүнийхээ экспортыг хорих шийдвэр өчигдөр гаргачихлаа. Бид хэрэглээнийхээ нэлээд том хэсгийг авахаар захиалга өгсөн байгаа. Үргэлжлүүлэн БНХАУ-ын талтай ажиллана. Удахгүй Сингапур, Беларус улс руу очиж ажиллана. Ний нуугүй хэлэхэд хүссэний хэмжээгээр биш гэхэд бензинийг боломжит хэмжээгээр, 1000, 1000 тонн гэхгүй олж ирж байгаа” хэмээлээ.
Уг хурлын үеэр Ерөнхий сайд Н.Учрал иргэдийг бухимдуулж, хүнд суртал үзүүлэхгүй шатахуун түгээхийг импортлогч ААН-үүдэд анхааруулжээ. Мөн аж ахуйн нэгжүүд Засгийн газартай бүрэн ойлголцолд хүрч чадвал нэг удаагийн хуулийн төсөл УИХ-д оруулж, тодорхой хугацаанд татаас өгч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.
Сурах бичгийн хомсдол арилсангүй
Энэ хичээлийн жилээс нэгдүгээр ангийн сурагчдад шинэчлэн боловсруулсан сургалтын хөтөлбөр, сурах бичгээр сургалтын үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн. Шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн гол онцлог нь нэгдүгээр ангийн хүүхдүүд есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл сургуульдаа дасан зохицох хөтөлбөр буюу “Би сурагч боллоо” гэсэн дэвтрийг хэрэглэж, аравдугаар сарын 1-нээс үндсэн сурах бичгийн дагуу хичээлүүд орно гэдгийг Боловсролын яамнаас мэдээлсэн юм.
Гэвч үсгээ үзэхээр хүлээж байсан багачуудад бүтэн сарын хугацаа өнгөрсөн хойно ч сурах бичиггүй байна. Угтаа бол таван настай хүүхдүүдийн сургуульд орохоос өмнө үзэж, гар зүгшрүүлдэг агуулгыг нэгдүгээр ангийнхан бүтэн сарын турш аргацаан үзсэн. Энэ хооронд салбар яамнаас сурах бичгийг нь хэвлэж, 10 дугаар сарын 1-нээс урьтаж 75 мянган хүүхдийн ширээн хүргүүлчихсэн байх ёстой байв. Шалгаруулалт есдүгээр сарын 9-нд болсон ч "зарим багцад гомдол гарсан төлөвт хэвээр байгаа нь" заасан хугацаанд сурах бичиг тараагдах эсэх нь эргэлзээтэй хэвээр байв. Энэ талаар аравдугаар сарын 1-нд сурах бичиг бэлэн болсон эсэх талаар Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамираас тодруулахад “Өнөөдөр буюу аравдугаар сарын 1-ний өдөр Нийслэлээс албан ёсоор сурах бичиг тараагдаж эхэлнэ. Улсын хэмжээнд нэгдүгээр ангийн сурагчдын сурах бичиг хэвлэгдэж, бэлэн болсон. Харьяа дүүргүүдээс ЕБС-иудад тараагдана. Хөдөө орон нутаг руу мөн явуулах болно” хэмээн мэдэгдсэн юм. Гэвч дөнгөж тараагдаж эхэлж байгаа сурах бичиг орон нутаг, захын сургуульд руу хүргэгдэх гэж хэдэн хоног, хэдэн сар болох вэ гэдэг эргэлзээтэй.
Боловсролын яамнаас өгсөн мэдээллээр 2–5 дугаар ангийн сурах бичгийн хүрэлцээ 100 хувь хангагдсан, харин 6–12 дугаар ангийнх 85 хувьтай байгаа тухай мэдээлсэн. Гэвч сургууль, эцэг эхчүүдийн зүгээс сурах бичгийн хүрэлцээ хангалтгүйгээс хүүхдүүд дасгал ажил, гэрийн даалгавар хийхэд тун хүндрэлтэй байгааг хэлж байгаа юм.
Боловсрох эрхийг түдгэлзүүлсэн БЗС
Боловсролын салбарт бас нэгэн хомсдол нүүрлэснийг эсэргүүцэн МУБИС-ийн оюутнууд пүрэв гарагт жагслаа. Багшийн ажиллах хүчний дутагдлыг нөхөхөөр суралцаж Боловсролын зээлийн сангийн бүх шалгуурыг хангаж тэтгэлэгт тэнцсэн ч санхүүжилт нь орж ирээгүй тул оюутнууд төлбөрөө төлөхгүй аваас хичээлд суулгахгүй байх нөхцөл үүсжээ. Тус сангаас оюутнуудтай анхлан гэрээ хийхдээ дөрвөн жилийн турш төлбөрийг нь даахаар үзэглэсэн ч заалтаа биелүүлээгүйгээс гадна өнгөрсөн хаврын төлбөрийг ч давхар төлөхийг шаардсан аж. Харин Боловсролын зээлийн сангаас “2026 оны эхний хагаст нийт 91.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон боловч сангийн санхүүжилтийн эх үүсвэр тулгамдаж байгааг мэдээлсэн. Мөн 2025 оны төсөв батлагдахдаа квот бага байхаар төлөвлөгдсөн тул энэ онд квотод багтсан суралцагчдад санхүүжилтийг бүрэн олгосон” гэж тайлбарласан байна. Харин квотод багтаагүй ч журмын шаардлага хангасан 6 800 гаруй суралцагчийн асуудал энд хөндөгдөнө. Боловсролын зээлийн сангийн мэдээлснээр эдгээрээс 2 700 суралцагчийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа бол 4 100 суралцагч өөрсдөө зардлаа хариуцах нөхцөл үүсжээ. Мөн 2026 оны хавар сургуулиа төгссөн, журмын шаардлага хангасан 502 суралцагчийн нэг тэрбум орчим төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэхээр ажиллаж буйгаа мэдээлсэн. Орон нутгийн их, дээд сургуульд суралцдаг 1 692 суралцагчид шаардлагатай 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг мөн шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж. Эдгээр тоо нь асуудал хэдхэн оюутны сургалтын төлбөрийн тухай бус, олон мянган суралцагчийн боловсролын санхүүжилтийн тогтвортой байдлын талаар хөндөгдөж байгааг харуулна.