1990-1994 он. Малчдад чиглэсэн бодлого гаргах нь бүү хэл зах зээлийн шилжилтийн шокноосоо гарч чадахгүй “хоосон үед” малчдад өгөх улсын татаас бараг бүрэн зогссон.
Мал хувьчлагдсан, малчид зах зээлийн эрсдэлийг өөрсдөө үүрч эхэлсэн. Улсын бодлого сул, зуд турхнаар байдгаа бардаг байсан малчдад сурагч бүр лаа шүдэнз, төл малын нэмнээ бэлтгэж өгөх үүрэгт ажил 30 гаруй жилийн өмнөх Монголын малчдын жинхэнэ хүнд үеийг санагдуулдаг.
1999-2002 он. Төр малчдаа “эргэн харж” 10 сая гаруй мал хорогдсон их зудны дараа өвс тэжээлийн тусламжаас эхлээд элдэв дэмжлэг үзүүлж эхэлсэн. Олон улсын байгууллагууд ч малжуулах хөтөлбөр, амьжиргаа сэргээх тусламжийн гараа сунгаж төр оролцохгүй байж болдоггүйг цөм хүлээн зөвшөөрсөн. Монгол Улсын ганц найдвар нь мал, малчид л байсан он жилүүд. Монгол хүн хоолтой байх эсэх нь малаас хамааралтай байсан тэр он жилүүдээс эхэлсэн бүхнийг малчдад гэх хандлага өнөөдөр ч хадгалагдсаар байгаа нь харин асуудал дагуулж буй. 2022 оны байдлаар нийт хүн амын 19.9 хувь буюу 677.5 мянган хүн малчин өрхөд амьдарч байна. Энэ дундаа 305.1 мянга нь малчин. Монгол Улсын ажил эрхэлдэг дөрвөн хүн тутмын нэг нь малчин гэсэн үг юм.
Гэхдээ энд нэг л зүйл буруу байна. Малын тоо толгой эрчимтэй өсөж байхад нөгөө талд хотжилт ч эрчимжиж хүн амынх нь 45 хувь нийслэл Улаанбаатарт төвлөрчээ.
Сүүлийн 30 жилийн хугацаанд хөдөө орон нутгаас нийтдээ 728.3 мянган хүн Улаанбаатар хотод шилжин ирсэн байдаг аж. Монгол Улсад ган, зуд тохиолдсон 2000-2002 он, 2009-2010 он мөн 2020 онд хүн амын шилжилт хөдөлгөөн эрчимжсэн байна. Жилд дунджаар 95 000 хүн шилжих хөдөлгөөнд оролцдог бол эдгээр жилүүдэд үүнээс өндөр байжээ. Ган, зуд, цөлжилт, бэлчээрийн доройтол нь хүн амыг хөдөөгөөс түлхэх хүчин зүйлс болж байна гэдгийг улс төрөөс хамааралгүй судалгаанууд харуулдаг.
Малчдын амьдрал, амьжиргааны түвшний судалгаагаар 32 хувь нь ядуу өрхөд хамаарч байна гэж гарсан байдаг. Улстөрчдийн эрх хүүхэд шиг үргэлж анхаарлын төв, халамжийн ихэнхийг зориулдаг малчдын амьдрал яагаад энэ их хайр халамж, гадаад дотоодын тусламж дэмжлэг, хөнгөлөлттэй зээлийн дүнгээр баян чинээлэг биш юмаа гэхэд энгийн дундаж түвшинд хүрч чадахгүй байна вэ? Энд нэг л зүйл буруу байна, харин юу нь?

Үүнд малчдын амьжиргааг дээшлүүлэх, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, боловсрол мэдлэг олгох гэхчлэн бүх төрлийн дэмжлэг, тусламж багтаж буй. Харамсалтай нь бодит байдал дээр малчдыг дэмжих бодлого нь сөрөг эффекттэй байна. Өмнө хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд малчдад эергээр нөлөөлсөнгүй, зээл нь тэдний орлогыг тогтворжуулсангүй, эдийн засгийн чадамжтай болгосонгүй. Нэн ялангуяа цөөн тооны малтай иргэдийн амьдрал улам эмзэгшиж байна.
УИХ-ын 2024 оны сонгуулиар малчдад зориулсан халамжийн сод мэргэн хувилбар санаачлан баталсан нь “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөдөлгөөн. Монголын 190 мянга гаруй малчин өрхийн 100 мянга нь энэ хөдөлгөөнд нэгдэх нэрийдлээр зээл авсан. УИХын гишүүн Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нарын санаачилсан энэ төслийн зээлийн хүүгийн татааст татвар төлөгчид 2025 онд 143 тэрбум, 2026 онд 108 тэрбум төгрөг төлөхөөр төсөвт суулгасан. Нийт 841 тэрбум төгрөгийн зээлийн 70 гаруй хувь нь “үржлийн мал” авахад зарцуулагдсан “Шинэ хоршоо” хөдөлгөөн нь эргээд л малын тоо толгойн араас хөөцөлдсөн, өөрсдийгөө мартаж өрөөлд биеэ, нийгмийн бүх асуудлаа даатгасан нийгмийн содон анги давхрагыг бүрдүүлсэн. Төсөвт эргэж орох орлого нь тодорхойгүй, экспорт, боловсруулах үйлдвэртэй холбогдоогүй, хяналт сул, нэмээд малчдын өөрсдийнх нь шүдний өвчин болсон бэлчээрийн даац, ашиглалтын асуудлыг нэмсэн халамж л болж хувирсан. Малчдын гэх нэршилтэй зээлүүдийн ард өөр асуудал нуугдаж байдаг.
Нэгэн жишээ. 2024 оны хоёрдугаар сар. Зудын улмаас 2.1 сая толгой мал хорогдоход төрөөс малчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор малчны зээлийн эргэн төлөлтийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж, зээлийн хүүгийн 6 хувийг малчид, үлдсэн хувийг төрөөс төлөх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасан.
“Малчдын зээлийн хүүг төлөх нэрийдлээр Ц.Баатарсайханы банкыг эрсдэлгүй болгох шийдвэрийг Засгийн газраас гаргалаа” гэх хардлага ч төрж байсан. Үнэний ортой.
Эргэн төлөлт нь эрсдэлд орсон энэ зээлийн 48 хувь нь буюу 580 гаруй тэрбум төгрөгийг Хаан банкнаас авчээ. Хаан банкны хувьцааны дийлэнхийг Ц.Баатарсайхан эзэмшдэг. Хаан банкны зээлийн эргэн төлөлт хэдэн арван тэрбум төгрөг учир бага чулуугаар их чулуу хөдөлгөх аргаар шийдсэн байх магадлалтай.
Эдийн засагч С.Дэмбэрэл
Бидэнд малын тоо нь байна уу байна, бүтэц нь байна уу байна. Дээр нь малчдад энэ нь яаж хуваарилагдсан байгаа нь байна. Энэ бүхнийгээ ангилаад үзэхээр малчин ангийн дунд өнөөдөр баялгийн тэгш бус хуваарилалт явагдчихаж. Өөрөөр хэлбэл, 500-аас дээш толгой малтай (500 -1,499, 1,500-2,001+) өрх нийт малчин өрхийн 10 орчим хувийг эзлээд нийт малынхаа 70 гаруй хувийг эзэмшиж байна. Энэ нь баялгийн хуваарилалтын тэгш бус байдал маш өндөр байна гэсэн үг. Үүнээс бид өдий хүртэл явж ирсэн хөдөөг хөгжүүлэх бодлогодоо засвар оруулах болчихсон байгааг харж болно.
Өөр нэгэн жишээ. ХНХЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт хамтран “Малчдын орлого, хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”-г 2023 онд хийсэн байдаг. Судалгааны дүн малчдын бодит амьдралыг харуулж, нийгмийн тэгш бус байдал малчин өрхийг ч “нэрвэсэн” гэдгийг харуулжээ.

Судалгааны эхний сонирхолтой тоо бол нийт малтай өрхийн 55 хувь нь 200 хүртэл малтай байна. Дараагийнх нь малчин өрхийн сарын дундаж орлогыг хот, хөдөөгөөр авч үзэхэд хот суурин газраас хамрагдсан малчдын орлого дунджаар 1755.3 мянган төгрөг; хөдөө, орон нутгаас хамрагдсан малчдын орлого дунджаар 1493.9 мянган төгрөг бөгөөд хот, хөдөөгийн хэмээн ялгарсан малчдын орлогын зөрүү дунджаар 261.4 мянган төгрөг байна.
Гурав дахь анхаарал татсан тоо нь 2001 болон түүнээс дээш малтай малчдын орлого дунджаас 2.8 дахин их байна. Өнөөх малчин өрхийн талаас илүү нь болох 200 малтай малчдын орлого нь ердөө 850 орчим мянган төгрөг байна. “Малчдын орлого, хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”-нд оролцсон малчдын дийлэнх нь зээлтэй бөгөөд зээлийн хэмжээ нь малын тооноос хамаарч өөр байна.
Зээлийн зориулалт ихэнхдээ малдаа зарцуулагдаж байна. Малын тоогоороо зээл авч өсгөөд эргээд малынхаа махыг зарж борлуулахаас өөр эргэлтгүй бизнес эрхэлж байна гэж дүгнэхээр.
Уг судалгаагаар малчдын ахуйн хүрээн дэх хөдөлмөр эрхлэлтээр нь ангилахад мал зарж борлуулах ажил 92 хувийг буюу хамгийн өндөр хувьтай бол хамгийн бага хувьтай буюу 41.7 хувь арьс ширэн эдлэлээ борлуулах, 37.4 хувь нь арьс шир түүхий эд боловсруулах ажлыг хийдэг гэсэн байна. Энэ нь арьс шир боловсруулж бүтээгдэхүүн хийх ажил багасаж дийлэнх малчид зарж борлуулдаг болсныг харуулж байна. Мөн судалгаанд хамрагдсан малчдын тухайд байгалийн цаг уурын эрсдэлт нөхцөлд байгаа учраас гаднаас хадлан тэжээл худалдаж авдаг. Ногоо бага ургаж байгаа учир бага төлтэй малын сүүг сааж, цагаан идээ боловсруулах, зарах нь багассан гэж хариулжээ.
МАА-г төгөлдөржүүлж малаас гарах түүхий эдийг нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болох, экспортолно гэдэг үгс зөвхөн уриа, яриа төдий гэдгийг малчдын өөрсдийнх нь байдал өөрөө тодхон харуулжээ.
Эдийн засагч С.Дэмбэрэл
Манай 61 сая мал 740 орчим их наяд төгрөг гэж үнэлсэн. Үүний ашиглалт маш бага. Өөрөөр хэлбэл энэ их нөөцийн ердөө 10 орчим хувийг л бид ашиглаад үлдсэн нь өвс идээд л зүгээр бэлчиж байна. Тэгэхээр бид энэ хөдөө аж ахуйн салбарт ганц ноосны урамшуулал гэж өгөөд л эсвэл цагаан сараар очиж золгож сайн малчин цол олгох нь хангалтгүй. Уучлаарай, тэр ноосны урамшууллыг чинь цөөхөн хэдхэн баячууд л хүртэж байна. Тэгэхээр цоо шинэ бодлого л хэрэгтэй.
ХНХЯ-ны судалгаанд хамрагдсан малчдын 26.9 хувь нь сүүлийн нэг жилд ямар нэгэн урамшуулал авсан байна. Урамшуулал авсан малчдын 86.5 хувь нь ноос, ноолуурын, 23.6 хувь нь арьс, ширний, 8.9 хувь нь сүүний урамшуулал авчээ. Урамшууллын хэмжээ өнөөх л малын тоо толгойтой шууд холбоотой. Энэ жилээс “ботгоны урамшуулал”-ыг эргэн сэргээх болсноо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх их л бардам зарлана лээ. Өөрөөс нь ямар зардал гарах биш. Малын тоо толгойгоо хэдэн сая хүрснийг зарлах, эрүүл төл хэдийг бойжуулснаа сайрхах, малчдад зориулсан зээлийнхээ нэр, хүүг зарлахаас үр ашгийн тооцоолол гаргадаггүй төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн бодлогын хамгийн муу зүйлсээсээ салах цаг болоогүй гэж үү.
Малаа төрийн хамгаалалт, банкны барьцаанд үлдээж, мал нь бэлчээргүй, малчид нь биегүй, цөөн малтай нь орлогогүй болсныг тоолгүй, ганц мөнгө олох хэрэгсэл болсон махны үнийг ченжүүдэд атгуулчихсан цагт малчин нэрээр сонгууль хийдэг улс төрч, малчдын зээлээр хөлждөг банк, махны үнээс цөм ашиг хийдэг ченж биш л бол Монголын МАА зээлээр цэгцэрч, хөгжихгүй нь нэгэнт тодорхой болсон.