
Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хэлэлцээрийн явцад салбарын ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар талууд тодорхой тохиролцоонд хүрээгүй тул ажил ажил хаяхад бэлэн гэдгээ зарласан билээ. Тэгвэл дулаан, цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос таван удаагийн уулзалт, хэлэлцээр хийгээд тохиролцоонд хүрээгүй учир эрчим хүчний салбарын ажил хаялт зарлахаар болсон гэв.
Хэвлэлийн бага хуралд ДЦС-4, ДЦС-3 болон орон нутгийн цахилгаан станцын ҮЭХ-ны удирдлагууд хүрэлцэн иржээ. Эрчим хүчний салбарын удирдлагуудтай цалин хөлс нэмэгдүүлэх талаар хэд хэдэн уулзалт, хэлэлцээр хийсэн боловч шийдэлд хүрээгүй учир ажил хаялт зарлаж буйгаа мэдэгдлээ.
Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Э.Адъяасүрэн:
"Бид эрчим хүчний салбарт үүсээд байгаа нөхцөл байдал, энэ нь ажилчид, хөдөлмөрчдөд хэрхэн сөрөг нөлөө үзүүлж байгаа хийгээд цаашид хэр удаан хугацаанд үргэлжилж байгаа вэ гэх зэрэг асуудлаар та бүхэнд хандаж байна. Юуны түрүүнд эрчим хүчний салбарт ажил хаялт зарлах нөхцөл байдал үүссэн. Энэ жилийн хэлэлцээр маань хоёр талын дунд явагдаж байгаагаараа онцлогтой. Үйлдвэрчний эвлэл буюу ажилтныг төлөөлж Дулааны цахилгаан үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын эрим хүч, геологи, уул уурхай хамтран энэ жилийн хэлэлцээрийг эхлүүлсэн. Ажил олгогчийн талаас хэд хэдэн хэлэлцээр хийсэн. Тавигдаж байгаа гол асуудал бол эрчим хүчний салбарын ажилчдын цалин хөлс нь ажиллах орчны хүнд нөхцөлд үнэхээр хангалтгүй байна гэдгийг хөндөж байгаа. Өмнө нь 2020, 2021 онуудад ч энэ талаар хандаж байсан боловч тухайн үедээ гал намжаах байдлаар хандаж ирсэн. Өдгөө бол цалин хөлснөөс гадна тухайн салбарын хүний нөөц, хүний нөөцийн боломж, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэг асуудлыг хөндөж байгаа. За, ажлын орчны эрүүл ахуй талаас бол ярих ч хэрэггүй нөхцөлд ажилладаг. Техник технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын асуудал улсын хэмжээнд хаягдсан" гэв.
-660x0.png)
Мөн "ДЦС 4"-ын Үйлдвэрчний хороон дарга Н.Ган-Эрдэнэ:
"ДЦС 4" нь төвийн бүсийн эрчим хүчний 60 орчим хувийг үйлдвэрлэдэг. Энэ өвөл станцад доголдол гэмтэл гарны улмаас нийслэл даяараа тогны хязгаарлалтад орж, ямар хүндрэл үүсэж байсныг та бүхэн мэднэ. Бид орчин нөхцлөө сайжруулах хэлэлцээрийн хүрээнд ажил олгогчтой тохиролцож чадаагүй, Эрчим хүчний яамнаас бидний тавьсан шаардлагыг боломжгүй талаар саналын зөрүү үүссэн учраас бид хуульд заасан эрхийнхээ дагуу зуучлагч оруулж, зуучлалын түвшинд асуудлаа шийдэхийг хүссэн боловч шийдвэрлэж мөн л чадсангүй. Иймээс зуучлалын тэмдэглэл гарч талууд гарын үсэг зурснаар зуучлалын үйл ажиллагаа дуусгавар болдог. Үүний дараа хөдөлмөрийн тухай хуульд зааснаар зуучлалын шатанд хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэж чадаагүй бол ажил хаях эрх үүсдэг. Тиймээс манай станцын ажилчид уг ажил хаялтад оролцоно, биднээс ажилчид шаардаж байгаа. Өвлийн ид ачааллын үед зуух зогсоход 60-70 градусын халуунд шууд орж ажилладаг. Цэнхэр каскаа хайлтал халуун нөхцөлд ажиллаж, гэмтлийг устгадаг. Иймд хуулиар олгогдсон эрхийн хүрээнд ажил хаялтад нэгдэх болно" гэлээ.