
Талбайн теннисний энэ оны анхны “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээн өндөрлөх дөхлөө. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финалд дэлхийн чансааг тэргүүлэгч Беларусын Арина Сабаленка болон Казахстаны Елена Рыбакина нар шалгарлаа. Хоёр теннисчин 2023 оны Австралийн нээлттэй тэмцээний финалд таарахад Сабаленка ялалт байгуулж байжээ. Энэ жилийн финалын тоглолт маргааш болно.
Дэлхийн чансааг тэргүүлэгч Беларусын теннисчин Арина Сабаленка тус тэмцээний финалд дөрөв дэх удаагаа шалгарлаа. Тэрээр 2023, 2024 онд түрүүлж байсан бол өнгөрсөн жил Мэдисон Кизд хожигдож байв.