Их Британийн Хорт хавдрын судалгааны төв эрэгтэй, эмэгтэй
хүмүүсийн арьсны хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй хэсэг нь харилцан адилгүй
байдгийг тогтоожээ.
Нөгөөтэйгүүр дэлхийн дулаарлын нөлөөгөөр арьсны хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгдэх хандлагатай байгааг тус судалгаагаар тогтоожээ.
Судалгаагаар эрэгтэй хүмүүсийн их биеийн хэсэг, харин эмэгтэй хүмүүсийн доод мөчний хэсгийн арьс хорт хавдарт өртөх эрсдэл өндөр байдаг аж. Арьсны хорт хавдартай 10 эрэгтэйн дөрөв нь их бие хэсэгтээ өвчилжээ. Тодруулбал нуруу, цээж, хэвлийн хэсэг нь өвчлөлд өртсөн байна. Эрэгтэйчүүд их биеийн хэсэгтээ арьсны хорт хавдраар өвчлөх тохиолдол Их Британий хэмжээнд жилд дунджаар 3700 орчим тохиолдол бүртгэгджээ.
Харин эмэгтэйчүүдийн арьсны хорт хавдрын нийт тохиолдлын гуравны нэг буюу 35 орчим хувь нь биеийн доод мөчний хэсэгт илэрсэн байна. Энэ жилд дунджаар 3200 орчим тохиолдол юм.
Эрэгтэй болон эмэгтэй хүмүүс биеийн өөр өөр хэсэгт арьсны хорт хавдраар өвчилж байгаа нь тэдний өдөр тутмын үйлдэл, зуршлаас хамааралтай гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл эрчүүд халууны улиралд ихэвчлэн цамц, подволкоо тайлж цээжин биеэ ил гаргадаг бол харин эмэгтэйчүүд цээжин биенээсээ илүү богино банзал, шорт өмсөж хөлөө ил гаргахыг илүүд үздэг.
Их Британид бүртгэгдэж байгаа арьсны хорт хавдрын 87 хувь нь нарны хэт ягаан туяанд хамгаалалтгүйгээр удаан хугацаа өнгөрүүлснээс үүдэлтэй байдаг гэжээ.
Өнгөрсөн жил тус улсын хэмжээнд бүх цаг үетэй харьцуулахад арьсны хорт хавдрын хамгийн их тохиолдол бүртгэгдсэн. 2009 онд 100 000 хүн тутмын 21 нь хэт ягаан туяанаас үүдэлтэй арьсны хорт хавдраар өвчилсөн бол арван жилийн дараа 100 000 хүн тутамд 28 тохиолдол илрэх болсн байна.
Мөн 80 болон түүнээс дээш насныхны дунд арьсны хорт хавдрын тохиолдол 57 хувиар өссөн байна. Харин 25-49 насныхны дунд 7 хувиар нэмэгджээ. Хорт хавдрын судалгааны төв энэ жил өнгөрсөн жилээс ч олон хүн арьсны хавдартай болох эрсдэлтэй байгааг сэрэмжлүүлсэн байна.
Түүнчлэн эмэгтэйчүүдээс илүү эрэгтэйчүүд энэ төрлийн хавдраар өвчлөх тохиолдол ойрын жилүүдэд эрс нэмэгджээ. Их Британийн хэмжээнд эрэгтэйчүүдийн дунд хорт хавдрын төрлөөр арьсны хорт хавдар тэргүүлж, түрүү булчирхайн хорт хавдар удаалж байна.
Эмч нарын зүгээс хэрэв таны арьсан дээр шинэ төрлийн мэнгэ гарч, тухайн мэнгэ ургацгийн өнгө, хэмжээ, хэлбэр өөрчлөгдөж байвал мэргэжлийн эмчид хандахыг хүсэж байна. Мөн нарны хэт ягаан туяанаас өөрийгөө хамгаалах нь чухал гэдгийг санууллаа.
Тэр дундаа гуравдугаар сарын дунд үеэс аравдугаар сарын дунд үе хүртэл нарны хэт ягаан туяа хамгийн өндөр байдаг. Үүлэрхэг, бороотой, хүйтэн байсан ч нарнаас хамгаалж байхыг уриалжээ. Мөн үдээс өмнө 11:00 цагаас үдээс хойш 15:00 цагийн хооронд нар хамгийн хурц тусдаг учраас арьсаа хамгаалж хувцаслах, нарны шил, малгай зүүж, биеийн ил гарсан хэсэгтээ нарнаас хамгаалах тос 4-5 одтойг түрхэхийг зөвлөж байна.