Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн бямба гарагт Камбож, Тайландын удирдагчидтай уулзаж, хилийн мөргөлдөөний улмаас үүдсэн тулгаралтыг эцэслэж, нэн даруй гал зогсоох хэлэлцээр хийхээр тохиролцсон гэж мэдэгдлээ.

Тэрээр өөрийн цахим хаягаар дамжуулан “Хоёр тал нэн даруй гал зогсоох болон энэ тайван байдлыг эрэлхийлж байгаа. Тэд хоёулаа АНУ-тай худалдааны шинэ гэрээ байгуулахыг эрмэлзэж буй. Гэвч тулаанд цэг тавихаас нааш гэрээг хийх боломжгүй. Тэд нэн даруй уулзаж, гал зогсоох талаар хэлэлцэн шийдвэрлэхээр тохиролцсон” гэж бичжээ.

Ийнхүү Камбожийн Ерөнхий сайд Хун Манет, Тайландын Ерөнхий сайд Фумтам хоёртой ярилцаж, цаашид хилийн мөргөлдөөн зогсохгүй үргэлжилбэл худалдааны хэлэлцээ хийхгүй гэж анхааруулсан байна.

Тайландын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Пхумтам Вечаячай Трампад талархал илэрхийлж, “Тайланд улс зарчмын хувьд гал зогсоохыг зөвшөөрч байна. Гэвч Камбожийн талаас чин сэтгэлээсээ хүсэж байгаа эсэхэд эргэлзэнэ" гэв.

Тус хоёр улсын хилийн мөргөлдөөнөөс болж 30 гаруй хүний амь эрсдэж, 130 мянган хүн дүрвээд байгаа билээ.