
Ойрхи Дорнод дахь дайн үргэлжилж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Маш том зүйлс удахгүй болох боломжтой" хэмээн мэдэгдэж буй энэ үед Ираны төлөөлөгчид НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцохоор Нью-Йорк хотод хүрэлцэн ирлээ.
НҮБ-ыг үүсгэн байгуулагч гишүүн орнуудын нэг болох Иран олон арван жилийн турш дэлхийн дипломат харилцааны энэхүү томоохон арга хэмжээнд оролцож буй. Сүүлд тус улсын Ерөнхийлөгч Масуд Пезешкиан, түүнээс өмнөх Ерөнхийлөгч Эбрахим Раиси нар төлөөлөн оролцож байв. Гэвч энэ жил Ираны төлөөлөгчид сүүлийн жилүүдэд урьд өмнө байгаагүй нөхцөлд буюу одоо ч дайнтай хэвээр байгаа улсын нутаг дэвсгэрт болох дипломат арга хэмжээнд оролцож байна.
Ираны ямар албан тушаалтнууд оролцохыг зөвшөөрсөн бэ?
Трампын засаг захиргаа Пезешкианыг багтаасан Ираны үндсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Нью-Йоркт ирэхийг зөвшөөрнө гэж мэдэгджээ.
АНУ-Ираны дайн эхлэхээс хэдхэн сарын өмнө болсон 2025 оны арга хэмжээтэй харьцуулахад энэ жилийн Ираны төлөөлөгчдийн бүрэлдэхүүн цөөн байна гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи даваа гарагт Нью-Йоркт хүрэлцэн ирсэн гэж тус улсын төрийн хэвлэлүүд мэдээлсэн бол Пезешкиан мягмар гарагт АНУ-ыг зорих төлөвтэй байна. Ираны өргөтгөсөн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд яг хэн багтах нь одоогоор тодорхойгүй байгаа аж. “Хүлээн авагч улсын хувьд хүлээсэн үүргийнхээ дагуу Ираны дэглэмийн үндсэн төлөөлөгчид НҮБ-ын Ерөнхий ассамблейн Дээд түвшний долоо хоногт оролцох боломжтой” гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
“Төлөөлөгчдөд зорчих хязгаарлалт үйлчилж, манай (хориг арга хэмжээний) бодлогын дагуу тансаг зэрэглэлийн болон бусад бараа бүтээгдэхүүн худалдан авахыг хориглоно” гэдгийг онцолжээ.
НҮБ-ын Төв байрны тухай хэлэлцээрийн 11 дүгээр зүйлд АНУ-ын эрх баригчид НҮБ-ын албан тушаалтнууд болон гишүүн орнуудын төлөөлөгчдийн НҮБ-ын Нью-Йорк дахь төв байранд ирэх, тэндээс явах хөдөлгөөнд “ямар нэгэн саад тотгор учруулахгүй” байх ёстой гэж заасан байдаг.
АНУ-Ираны дайн үргэлжилж байгаа юу?
Ираны эсрэг АНУ-ын цохилт хоёр долоо хоногоос илүү хугацаанд олон нийтэд мэдээлэгдээгүй байна. Гэсэн хэдий ч энэ түр завсарлагын үеэр Трамп "Ирантай холбоотой томоохон шийдвэрүүд наашилж магадгүй” гэдгийг илэрхийлсэн нь дипломат уулзалт болохын өмнө хоёр улсын хоорондын хурцадмал байдлыг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй. Харин Иран АНУ шинээр халдлага үйлдвэл бүс нутаг дахь АНУ-ын баазууд болон ашиг сонирхлын эсрэг удаан хугацаанд үргэлжлэх цохилт өгнө гэж анхаарууллаа.
Ираны Цэргийн төв командлал ням гарагт АНУ зарим бүс нутгийн орнуудын дэмжлэгтэйгээр Ираны эсрэг ажиллагаагаа сэргээхээр бэлтгэж байгаа тухай мэдээлэл авсан гэж мэдэгдсэн. Энэ талаар Ираны хагас албан ёсны Tasnim мэдээллийн агентлаг мэдээлжээ.
Трамп амралтын өдрүүдээр Fox News-д ярилцлага өгөхдөө "Ираны асуудлаар шийдвэр гаргах шатандаа байгаа бөгөөд маш том зүйлс удахгүй болж магадгүй" гэж хэлсэн байна.
Иран өмнө нь Ерөнхий ассамблейд оролцож байсан уу?
Иран олон арван жилийн турш хүнд хэцүү үе болон дипломат харилцаанд ахиц гарсан мөчүүдийн аль алинд нь НҮБ-ын Ерөнхий ассамблейд янз бүрийн түвшинд оролцож ирсэн.
Аятолла Али Хаменеи 1987 онд тухайн үедээ Ерөнхийлөгч байхдаа Ерөнхий ассамблейд үг хэлж, түүнээсээ хоёр жилийн дараа Ираны Дээд удирдагч болсон. Хаменеи АНУ-Израилийн Ираны эсрэг дайн эхэлсэн хоёрдугаар сарын сүүлээр Израилийн агаарын цохилтын үеэр амиа алдсан.
Онцлоход, 2015 онд Ираны тухайн үеийн Ерөнхийлөгч Хассан Роухани дэлхийн удирдагчдад хандан тэр онд байгуулсан Ираны цөмийн хөтөлбөрийн тухай түүхэн хэлэлцээрийг буюу Ерөнхийлөгч Барак Обамагийн гадаад бодлогын гол зорилтуудын нэг болсон хэлэлцээрийг “дайныг ялсан ялалт” хэмээн тодорхойлж, Ойрхи Дорнодод энх тайвныг тогтооход дэмжлэг болно гэж мэдэгдэж байв. Гэвч энэ жил Роуханигийн ярьж байсан энх тайван улам бүр холдсон мэт харагдаж, Вашингтон, Техран хоёрын хооронд яриа хэлэлцээ сэргэсэн шинж одоогоор байхгүй байна.
Энэ жилийн дайны үеийн уулзалтыг олон улсын түвшинд харьцуулж болох хамгийн ойрын жишээ нь Египетийн Ерөнхийлөгч Анвар Садат 1977 онд хоёр улс техникийн хувьд дайны байдалтай хэвээр байх үед Израилд айлчилсан явдал байж болох юм. Гэхдээ тэр айлчлал нь илүү өргөн хүрээний энхийн үйл явцын нэг хэсэг байсан.
Айлчлал логистикийн хувьд хэрхэн зохион байгуулагдах вэ?
НҮБ-ын Ерөнхий ассамблейн үеэр Ираны Ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг АНУ-ын Нууц алба хангана гэж Америкийн албан тушаалтнууд мэдэгдэв. Харин Ираны бусад төлөөлөгчдийн аюулгүй байдлыг Төрийн департаментын Дипломат аюулгүй байдлын алба хариуцна гэдгийг албан тушаалтнууд хэлжээ.
Холбооны аюулгүй байдлын албадад Нью-Йоркийн Цагдаагийн газрын Тагнуулын товчооны ажилтнууд, мөн тус газрын мөрдөгчид болон хурдны замын цагдаагийн хамгаалалтын баг дэмжлэг үзүүлнэ гэж албан тушаалтнууд мэдээлсэн байна.
Төрийн департаментын нэгэн албан тушаалтан "Ираны төлөөлөгчдийг зөвхөн НҮБ-ын өмнө Бүгд найрамдах исламын Иран улсыг төлөөлөх зорилгоор АНУ-д нэвтрүүлж байгаа. Тэд зөвхөн НҮБ-тэй холбоотой үйл ажиллагаагаар хязгаарлагдах ёстой" гэжээ.
Хэрэв Ираны төлөөлөгчид НҮБ-ын төв байр, Жон Ф.Кеннедийн олон улсын нисэх онгоцны буудал эсвэл Ираны НҮБ дахь төлөөлөгчийн газрын байгууламжуудаас гадуур зорчихыг хүсвэл Төрийн департаментаас урьдчилан зөвшөөрөл хүсэж, авах ёстой аж.