
Хятад улс “үндэстний эв нэгдлийг дэмжих” зорилготой хэмээн тайлбарласан өргөн хүрээтэй шинэ хууль баталжээ. Гэвч шүүмжлэгчид энэ хууль нь үндэстний цөөнхийн эрхийг улам дордуулах алхам болно гэж үзэж байна.
Албан ёсоор бол уг хууль нь тус улсад хүлээн зөвшөөрөгдсөн 56 үндэстний хоорондын интеграцыг боловсрол, орон сууц зэрэг бодлогоор дамжуулан дэмжих зорилготой. Эдгээр үндэстнүүдийн дотор хүн амын дийлэнхийг бүрдүүлдэг Хан үндэстэн давамгайлдаг. Гэвч шүүмжлэгчид энэ хууль нь хүмүүсийг өөрийн хэл, соёлоос нь тасалж байна гэж үзжээ.
Шинэ хуулиар бүх хүүхдийг цэцэрлэгт орохоос өмнө эхлэн ахлах сургууль төгстөл мандарин хэлээр сургах ёстой гэж заасан байна. Өмнө нь сурагчид хичээлийн ихэнх хэсгийг өөрийн төрөлх хэл дээр, жишээлбэл төвд, уйгур, монгол хэлээ сурах боломжтой байсан.
Энэхүү хуулийг жил бүр зохион байгуулагддаг парламентын хуралдааны төгсгөлд баталжээ.
Хууль Хятадын Ардын Их хурал дээр батлагдсан бөгөөд энэ байгууллага хэлэлцэх асуудлаас өмнө нь хэзээ ч татгалзаж байгаагүй гэдгээрээ онцлог. Корнеллийн Их сургуулийн антропологийн дэд профессор Магнус Фискежё “Энэ хууль 1949 оноос хойш албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж ирсэн үндэстний олон янз байдлыг дарах бодлогын сүүлийн үеийн эрс өөрчлөлттэй нийцэж байгаа. Дараагийн үеийн хүүхдүүдийг өөрийн хэл, соёлоо мартахыг шахаж, уг үндсээс нь тусгаарлаж байна” гэж тодорхойлжээ.
Харин Бээжингийн засгийн газар дараагийн үеийг мандарин хэлээр сургах нь тэдний ажлын боломжийг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа юм. Мөн “Үндэстний эв нэгдэл ба хөгжил дэвшлийг дэмжих” нэртэй энэ хууль нь илүү нэгдмэл байдлаар дамжуулан орчин үеийн хөгжлийг урагшлуулахад чухал гэж тайлбарлажээ.
Хуулийн өөр нэг заалт нь хүүхдэд “үндэстний эв нэгдэлд сөрөг нөлөөтэй” үзэл суртал суулгасан эцэг эх, асран хамгаалагчдыг хуулийн хариуцлагад татах боломжийг бий болгож байгаа юм. Үүгээр ч зогсохгүй “харилцан шингэсэн хамтын нийгмийн орчин” байгуулах тухай заасан нь зарим шинжээчдийн үзэж байгаагаар цөөнхийн төвлөрсөн хорооллуудыг тараах бодлого болж магадгүй аж.
Хятадын засгийн газар 2000-аад оны сүүл үеэс цөөнх үндэстнүүдийг “хятаджуулах” бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь үндэстнүүдийг Хан соёлд уусгах замаар илүү нэгдсэн үндэсний үнэмлэхүй байдлыг бий болгох зорилготой гэж тайлбарлагддаг. Хан үндэстэн нь 1.4 тэрбум хүн амтай Хятадын 90 гаруй хувийг бүрдүүлдэг.

Бээжин засгийн газрыг Төвд, Шинжаан, Өвөр Монгол зэрэг бүс нутагт амьдардаг цөөнх үндэстнүүдийн эрхийг хязгаарладаг гэж удаан хугацаанд буруутгаж ирсэн.
Шүүмжлэгчид эдгээр бүсэд соёлын уусгалтыг албадлагын шинжтэй явагддаг гэж үздэг. Энэ бодлого нь Хятадын удирдагч Ши Жиньпинийн үед илүү хүчтэй хэрэгжиж эхэлсэн гэж ажиглагчид дүгнэдэг.
Тухайлбал Төвдөд эрх баригчид лам нарыг баривчилж, сүм хийдүүдийг хяналтдаа авч, хүмүүсийг Далай ламыг шүтэхээс сэргийлдэг.
BBC өнгөрсөн жил Төвдийн эсэргүүцлийн төв байсан хийдэд очиход лам нар айдас, дарамт дор амьдарч байгаагаа ярьжээ.
Нэг лам “Манай төвдүүд үндсэн хүний эрхээсээ холдсон. Хятадын засгийн газар биднийг дарамталж, мөрдөн хавчиж байна” гэжээ.
Харин Шинжаанд хүний эрхийн байгууллагууд нэг сая орчим уйгур лалын шашинтнуудыг “дахин хүмүүжүүлэх” нэртэй хорих лагерьт хорьсон баримт бий . НҮБ энэ асуудлаар Хятадыг хүний эрхийн ноцтой зөрчил гаргасан гэж буруутгадаг Бээжин няцаадаг.
2020 онд Өвөр Монголд монгол хэлний сургалтыг багасгаж мандарин хэлээр солих бодлогын эсрэг монголчууд эсэргүүцлийн жагсаал хийж байв. Зарим эцэг эх хүүхдээ сургуульд явуулахгүй байх хүртэл арга хэмжээ авч байсан.
Хятадын Коммунист нам өөрийгөө олон үндэстнийг хүндэтгэдэг гэж мэдэгддэг. Үндсэн хуульд “үндэстэн бүр өөрийн хэлээ ашиглах, хөгжүүлэх эрхтэй” мөн “өөртөө засах эрхтэй” гэж заасан байдаг. Гэвч шинжээчдийн үзэж байгаагаар энэ шинэ хууль нь Ши Жиньпиний үндэстний уусгалтын бодлогыг улам баталгаажуулна.
Ши Жиньпиний удирдаж буй Хятадад Хан биш үндэстнүүд Хан олонхтой илүү уусч, хамгийн гол нь Бээжинд үнэнч байх шаардлагатай болж байна.
Сингапурын Үндэсний Их сургуулийн профессор Иан Чонг “Хөгжил, эдийн засгийн дэвшлийг онцолж байгаа нь цөөнхийн хэл соёлыг хоцрогдсон зүйл мэтээр ойлгуулж байна” гэжээ. Түүний хэлснээр Ши Жиньпиний үзэл баримтлал нь Хан үндэстнийг төв болгосон хүчирхэг Хятад үндэстэн байгуулах зорилготой бөгөөд бусад үндэстнийг тэр үндсэн цөмөөс салбарласан хэсэг мэтээр хардаг.