
Монгол Улсын шуудан-логистикийн салбарын тэргүүлэгч "Монгол Шуудан" ХК (MSE: MNP) хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 2026 оны 04 сарын 24-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржийн MSE Hall танхимд зохион байгууллаа. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн 2025 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлантай танилцаж, Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг баталлаа. Жилийн эцсийн аудитлагдсан тайлангаар компани нь 2025 оны эцсээр 35.5 тэрбум төгрөгийн хөрөнгө, зах зээлийн үнэлгээ 77.4 тэрбум төгрөг, цэвэр ашиг 472.5 сая төгрөгтэй ажиллажээ. Энэ нь цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 3.4 дахин өссөн үзүүлэлт юм. Мөн 2025 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 1.5 төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэснийг Төлөөлөн удирдах зөвлөлөөс танилцууллаа.




Компани 2025 оны зорилтоо “Ашигт ажиллагааг хангаж, ирээдүйн бизнес өсөлтийн суурийг тавих” гэж тодорхойлон ажилласан бөгөөд шуудан-логистикийн дэд бүтцийг шинэчлэх, орчин үеийн автоматжуулалт, инновац шингэсэн шинэлэг хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлээр төвлөрч ажиллажээ. Үр дүнд нь Монголдоо анх удаа шуудан ялган боловсруулах бүрэн автомат машин, дроны хүргэлтийн туршилт, орон нутгийн салбаруудад орчин үеийн ПОС төхөөрөмж, ачааны автомашин, өргөгч машин, хэрэглэгчийн үйлчилгээний автоматжуулалт, ухаалаг шуудангийн хайрцаг “EasyBox” төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна.
Бүх нийтийн үйлчилгээний үүргийг төрийн өмнөөс хүлээж, Монгол орны өнцөг булан бүр хүрч үйлчилдэг байгууллагын хувьд олон жил алдагдалтай ажиллаж байсан орон нутгийн зах зээл дээр ч тодорхой ахиц гаргажээ. 2025 оноос өмнө 2-3 аймаг л ашигтай ажилладаг байсан бол 2025 онд 7 аймаг ашигтай ажиллаж, орон нутгийн зах зээлийн алдагдлыг 40%-ир бууруулж, өөрийн тээврийн хэрэгслээр 21 аймагт шуудан тээвэрлэдэг болсон нь түүхэн амжилт гэж компани онцлов. Мөн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн бүсийн “Шуудан логистикийн дэд төв” байгуулах газрын асуудлыг хоёр аймагт шийдвэрлэсэн байна.

Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн: “Хүн ам цөөн, газар нутаг том, тээвэр логистикийн зардал өндөр, жижиг зах зээлтэй Монгол улсын аж ахуй нэгжийн хувьд гадаад бизнес, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь компанийн урт хугацааны стратеги чиглэлийн нэг байх болно” гэж онцоллоо. Энэ хүрээнд БНХАУ-Монгол-ОХУ-ын чиглэлийн транзит тээврийг оны эцэст амжилттай эхлүүлжээ. Мөн Олон улсын цахим худалдааны платформуудтай холбогдож, Тэмү, АлиЭкспресс, Таобао, Озон платформуудын хүргэлтийг хийж эхэлсэн байна. 2025 онд Ази номхон далайн шуудангийн холбоо (APPU)-ны Удирдах ажилтны зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан бол АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулсан Дэлхийн шуудан холбоо (UPU)-ны Конгресст оролцож, Монгол улс түүхэндээ анх удаа Шуудангийн үйл ажиллагааны зөвлөлд (POC) ажиллахаар сонгогдсон нь бас нэгж амжилт аж. Тээвэр шатахууны үнэ өсөж сорилт бүхий 2026 он эхэлж байгаа ч компани хямралыг боломж болгож, бүс нутгийн тээвэр-логистикийн идэвхтэй тоглогч болох, Монгол улсын өнцөг булан бүрд төрийн болон хувийн хэвшлийн биет ба цахим үйлчилгээг хүргэх PHYGITAL (Биет болон цахим хосолсон) эко системийг бүтээх зорилготой ажиллаж байгаагаа компани мэдэгдэв.