
Шотланд гаралтай Холливудын оддын нэг Жеймс Макэвой 1979 оны эл өдөр Глазго хотноо төржээ. Орчин цагийн дэлгэцийн урлагт түүнийг хамгийн хүчирхэг мутантуудын нэг гэдгээр мэдэх боловч тэрээр хүний сэтгэл зүйн олон талыг харуулсан, гүнзгий өгүүлэмж бүхий олон бүтээлүүдэд чадварлагаар тоглосон гэдгээрээ бусдаас ялгардаг.
Түүний тоглолтын онцлог нь ёс суртахууны зөрчил, сэтгэл зүйн эмзэг байдлыг ил гаргахдаа хэтрүүлэлгүй, бодит мэдрэмжээр амилуулдагт оршдог. Ийм чанараараа тэр зөвхөн дүр бүтээдэг бус харин хүний дотоод ертөнцийг тайлж уншдаг жүжигчин болж чадсан хэмээн судлаачид дүгнэдэг.
ATONEMENT

Тус кинонд Макэвой Робби Тёрнерийн дүрийг бүтээсэн бөгөөд хайр дурлалаас үүдэлтэй сэтгэлийн шаналанг тод томруун илэрхийлдэг. Түүний дүр үйл явдалд хэрхэн оролцохоос илүүтэй дотоод мэдрэмжид суурилсан байдаг. Ялангуяа хайр дурлалын цэвэр ариун чанарт дарагдаж бөхийсөн хувь хүнийг бүтээхдээ өөрийн дотоодод оршиж болох хувилбарыг сонгосон нь үзэгчдээс нэн өндөр үнэлгээ авсан юм.
Роббигийн амьдрал нь алдаа, ойлголцлын зөрчлөөс үүдэн хэрхэн нуран унаж байгааг Макэвой шат дараатайгаар үзэгчдэд мэдрүүлдэг. Түүний нүдний харц, биеийн хэлэмж хүртэл дотоод шаналлыг илтгэж, үйл явдал, харилцан яриагаар мэтгэшгүй гунигийг бий болгодог.
FILTH

Макэвой эл кинонд ёс суртахууны доройтолд орсон цагдаагийн офицер Брюс Робертсоны дүрийг гайхалтай амилуулсан юм. Архидалт, мансуурал, хоосролд автсан нэгний дүрийг тэр нэн зоримог, нэлээд чөлөөтэй гаргажээ. Зугаа цэнгэл, жигшил зэвүүцэл хоёр нэгэн хүний биед зэрэгцэн орших эл дүр түүний тоглолтыг массын киноны од гэдгээс нь ялгаж харахад хүргэсэн билээ.
Брюсийн сэтгэл зүйн уналт энгийн нэг муу хүний түүх бус харин дотоод дахь хоосролын илэрхийлэл болж хувирдаг. Түүний тоглолт энэ киног сэтгэл зүйн хувьд хүчтэй, мартагдашгүй бүтээл болгосон.
THE LAST KING OF SCOTLAND

Энэ кинонд Макэвой Африкт очсон залуу эмчийн дүрийг бүтээжээ. Анх гэнэн, сониуч байдлаар эхэлсэн түүний дүр аажмаар айдас, ёс суртахууны эргэлзээнд автдаг. Дүрийн дотоод зөрчил нь улс төрийн нөхцөл байдалтай уялдаж, илүү өргөн цар хүрээг хамардаг тус бүтээл кино сонирхогчдоос өндөр үнэлгээ хүртсэн билээ.
Харин Макэвой тусзөрчлийг ил тод бус хүний дотоод сэтгэлийн зөрчилтэй харилцан уялдуулж бүтээснээрээ онцлогтой. Тиймээс үзэгчид хааны бус харин эмчийн сонголтыг илүүтэй анзаарч, шүүн тунгаахад хүрдэг.
VICTOR FRANKENSTEIN

Доктор Франкенштейний дүрийг олон алдартай жүжигчид бүтээж ирсэн. Киноны хувьд эл хувилбар нь төдийлөн амжилтад хүрээгүй. Харин ээлжит Франкенштейний дүрийг жүжигчин маань цоо шинээр тайлбарлаж өгсөн хэмээн зарим судлаачид үздэг. Уг бүтээлд Макэвой “Харри Поттер” цувралын од Дэниел Рэдклиффтэй хамтран тогложээ. Түүний дүр мэдлэгийн хэт шунал, солиорол, хүний хил хязгаарыг даван туулах хүсэлд автсан нэгэн. Энэ бүхнийг тэр өндөр эрчимтэй, бараг хэтрэх шахсан энергитэйгээр илэрхийлдэг.
Франкенштейн нь зөвхөн эрдэмтэн бус харин ч өөрийн хүсэлд эзлэгдсэн, дотоод хяналтаа алдсан хүн болж харагддаг. Макэвой энэ галзуурал, гэгээрэл хоёрын заагийг маш нарийн барьж чадсан. Түүний тоглолт дүрийг амьд, айдас төрүүлэм атлаа илүү ойлгогдохуйц болгосон.
WANTED

Макэвой жирийн оффисын ажилтнаас алуурчин болж хувирах залуугийн дүрийг бүтээдэг. Эхэндээ сул дорой, өөртөө итгэлгүй байсан тус дүр аажмаар өөрийгөө нээж эхэлдэг. Түүний дүр хүчирхийлэлд татагдах үедээ гаднын нөлөөнд автсан мэт боловч дотроосоо өөрчлөгдөж буй нь мэдрэгддэг.
Макэвой уг хувиралд хүний айдас, хүсэл хоёр хэрхэн огтлолцдог болохыг харуулсан. Ингэснээр гэмт хэргийн ертөнцөд суурилсан бүтээл дотор анх удаа сэтгэл зүйн нарийн төвөгтэй байдлыг өнгөрсөн дурсамжтай нь харгалдуулсан зан чанарыг илэрхийлэл болох дүрийг бүтээж болохыг тэр анх удаа нээн үзүүлсэн билээ.
THE CHRONICLES OF NARNIA: THE LION, THE WITCH AND THE WARDROBE

Төдийлөн сайн үнэлгээтэй бус үлгэрийн бүтээл боловч жүжигчний хамгийн алдартай дүрүүдийн нэг. Алдарт Нарниа зохиолын эхний ангид Макэвой ноён Тумнус гэх сатир буюу хүн дүртэй, ямаан биетэй домгийн амьтны дүрийг бүтээдэг. Хэдийгээр туслах дүр боловч түүний илэрхийлсэн хүнлэг чанар киноны уур амьсгалыг тодорхойлдог гэж хэлж болно.
Ноён Тумнусын дүр үзэгчдэд анхны итгэл, анхны эргэлзээг зэрэг мэдрүүлдэг. Макэвой энэ дүрд дотоод дулаан, гэмшил, зориг гурвыг нэгтгэж чадсан. Ингэснээр жижиг дүр ч киноны суурийг бэхжүүлж чаддаг болохыг харуулжээ.