
Долоо хоног тутмын "Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ. Энэ удаагийн дугаарт багтсан онцлох нийтлэлүүдийг танилцуулъя.
Нэг. Хонь бүрэн, чоно цатгалан
Улстөрчид улс орондоо хэрэгтэй зүйлс хийж бүтээе гэхээс илүү эрх мэдэл, албан тушаалдаа удаан сууя гэдэгт л анхаарлаа хандуулж PR хийх болсон. Үе үеийн эрх баригчдын хамгийн чухал асуудал нь PR байсаар ирлээ. Хамгийн гол нь гоё сонсогдох замаар сонгогдох.
PR гэдэг бол өөрийн нэр хүндийг бий болгох, хамгаалах, олон нийтэд эерэг ойлголт төрүүлэх стратеги гэсэн үг. Улстөрчдийн бодлого, үйл ажиллагаа нь хөрсөн дээрээ бууж бодит ажил хэрэг, бүтээн байгуулалт болж биежихгүй байгаа учир уран яруу үгээрээ олон нийтийг уярааж өдөр хоногийг өнгөрүүлж байна. Товчхондоо, олон нийтэд таалагдах ажил хийж чадахгүй байгаа учир таалагдах амлалтад л анхаарлаа хандуулсаар. Олон нийтийн сэтгэл зүй унаад ирэхийн цагт бүх хүнд таалагдах сэдвийг гэнэтхэн гаргаж ирээд ярих замаар иргэдийн сэтгэлийг хий хоосон зүйлээр түр зуур цатгадаг. Улстөрчид сэтгэл цатгах сэдэв шидэж, үүнд ч ард түмэн ч түр зуур “амсхийдэг” болоод удлаа. Яг л хонь бүрэн, чоно цатгалан гэдэг шиг…
С.Шийлэгтөмөрийн "Сэтгэл цатгах сэдэв" нийтлэлээс
Хоёр. Ирээдүйн өв санг тонох санаархал
Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн зун “Ирээдүйн өв сангийн мөнгийг гадаадад гуравхан хувийн хүүтэй байршуулж байна. Дотооддоо орон сууцжуулалтын банкны эх үүсвэр болгож ашиглавал дор хаяж 6 хувиар өсөөд зогсохгүй агаар, хөрсний бохирдол, 80 мянган айлыг орон сууцжуулах асуудлыг шийдэж чадна” гэж хэлснээ энэ жилээс бодитоор хэрэгжүүлэхээр шийджээ.
Ирээдүйн өв сан ч бай ер ямар ч нэртэй сангаас авч ипотект оруулсан хөрөнгө эрэлтээ бүрэн хангаж чадахгүй. Үнэндээ тэр сангаас хэдэн төгрөг татаж, хэдээр нь энэ зээлийг санхүүжүүлж, түүнд нь яг зорилтот бүлэг хамрагдаж чадах уу гэдгийг хянах тогтолцоо манайд байхгүй. Хариуцлага алдсан нь илэрсэн ч хэн ч хариуцлага хүлээхгүй.
Тоногдсон ч торойгоод үлдсэн ганц сандаа иргэдийн нэр барин хуруугаа дүрэх нь үнэгэн заль байвал...
Л.Эрдэнэжаргалын "Ирээдүйгээсээ тонох нь иргэдэд бус тэдэнд ашигтай" нийтлэлээс
Гурав. Ирц тойрсон зовинол
Ерөнхийлөгчийн
сонгуулийн сунгаа хэдийнэ эхэлж, улс төрийн намуудаас хэн хэн өрсөлдөх тухай
албан бус мэдээллүүд хөвөрч, рейтинг тогтоох судалгаагаа сэм хийлгэж байна.
Өрсөлдөх магадлал өндөр нэгнээ нам дотроосоо, эсвэл нөгөө талаас нь харлуулах
ажиллагаа ч эрчимжив. Намууд ийнхүү бужигнаж байх зуурт сонгууль зохион
байгуулах төв байгууллагаас иргэдийн оролцоог хэрхэн сайжруулж болох тухайд ажиллаж
байжээ. Улмаар тэд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулахаар саналаа бэлэн болгосон гэнэ. Гэвч үүнд нь зарим зүйл дутуу хэвээр
байна.
Шат шатны
сонгуулийг зохион байгуулахад сонгогчдын ирц ямагт санаа зовоох сэдэв байсаар
ирсэн. Учир нь, сонгуулиас сонгуулийн хооронд иргэдийн идэвх суларч, итгэл
буурч буй юм. Сонгуульд оролцож байгаа нам, түүнээс нэр дэвшүүлж буй хүмүүс
дотор дэмжих, итгэл хүлээлгэх нь цөөн, эсвэл хэнийг нь ч сонгосон ялгаа алга
гэсэн гутранги үзэл голдуу залууст зонхилдог. Сонгогдоод гараад ирчихсэн
улстөрчид дотор нь ёс зүйгүй, нийтийн биш, бүлэглэлийн эрх ашгийн төлөө Үндсэн
хуулиа дэвслэгчид багтсан нь иргэдийн төрд итгэх итгэлийг улам л бууруулж буй
юм.
Ирц ийнхүү буурч буйн шалтгааныг СЕХ тогтоохыг оролджээ. Иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад зохион байгуулалтын хувьд юуг өөрчилж, сайжруулахыг судалж, хуульд өөрчлөлт оруулах санал өгөх нь тэдний үүрэг. Тиймээс тэд 2025 онд 21 аймаг, 330 сумын нийт 11700 хүнийг хамруулсан “Сонгогчийн зан төлвийн судалгаа” хийсэн байна. СЕХ-ныхон санал авах өдөр үндсэн хаяг дээрээ байхгүй төрийн албан хаагчид, ээлжийн ажилтай хүмүүс, оюутнуудаас урьдчилж санал авдаг болох зохицуулалтыг хуульд тусгах нь зөв гэж үзсэн аж. Мөн санал авах өдөр хаана байхаа урьдчилж таамаглах боломжгүй хүмүүс байж болно. Тийм үед ч “сул иргэн” үлдээлгүйгээр, сонгох эрхийг нь хангах боломж бүрдүүлэх гэнэ.
С.Туулын "Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд ямар өөрчлөлт оруулах вэ?" нийтлэлээс
Дөрөв. Мэдэхгүй юмгүй монгол
Монголчуудын мэдлэгийн эх үүсвэр нь мэдээлэл. Гэвч үнэндээ мэдээлэл гэдэг цаг үеийн шинжтэй, хувьсамтгай чанартай эд. Магад тухайн цаг үедээ л хэрэгцээтэй мэдээлэл ч бий. Тэгэхээр хувь хүний суурь мэдлэгийг мэдээллээр орлуулж болохгүй. Мэдлэг бол эргэлзэх чадвар, асуух зориг, зөв дүгнэлт хийж чадах эрүүл ухамсрыг шаарддаг. Түүнээс бус бусдыг даган туйлширч, олонхийн талд байр сууриа бататгаснаар мэдлэгтэй болж харагдах гэсэн тогтворгүй үзлийн үр биш.
Шинжлэх ухааны ололтууд “яагаад” гэх сониуч зангаас үүдэлтэй гэдэг шиг мэдлэг ч мөн аливаа асуудлаас асуулт нэхдэг. Харин бид өдгөө асуудалд эхлээд хариулт тавилгүйгээр шууд дүгнэж, хэн нэгэн өөрийнх нь туйлын гайхалтай мэдлэгийг үгүйсгэвэл сөрөг хандлага илэрхийлнэ. Уг нь гүн ухаантнууд бидэнд олон төрлийн жор бичиж үлдээжээ. Будда мэдлэгийг гэгээрлээс, Кант харин бэлгэдлээс, Лев Стросс бие махбодиосоо, Хайдеггер үнэнээс хай гэсэн. Хэн бүхэнд нь бий гол санаа бол ямар нэгэн мэдлэгийг хуримтлуулахын тулд өөрийн гэсэн тогтвортой үзэл бодол, нэгдэн нийлсэн бүхэллэг чанарыг ухамсартаа оршоосон байх ёстой. Гэтэл бидэнд мэдэхгүй юм үгүй учраас “Би энэ талаар юу ч мэдэхгүй” гэж хэлж чадах зоригтон байдаггүй. Ингэж жинхэнэ мэдлэг, боловсролоос татгалздаг. Хүн бүр аливаа сэдвийн талаар туйлын мэдлэгтэй нэгэн болж хувирахдаа суралцах ёстой хичээлийн танхимд оролгүйгээр үүднээс нь буцна. Өнөөгийн бидний нийтлэг төрх энэ. Тийм ч учраас мэргэжлийн хүний үгийг сонсохын оронд аливааг шүүж, буруу тал руу нь гуйвуулсан хошуу дүрэхгүй асуудал, халуун сэдэв, болж байгаа үйл явдлаас хоцорч үлдэх дургүй цахим сүргийн оройлогчдыг даган дуурайна. Ингэснээр бодит мэдлэг бус зөвхөн мугуйд бурууг зөв хэмээн ташаарах итгэл үнэмшил нь улам гүнзгийрнэ. Тийм нийгэмд дэвшил байдаггүй. Угтаа нийгмийн дэвшил нь түүнийг бүрдүүлж буй иргэдийн ухамсар, боловсролоос шалтгаалдаг.
Б.Алтанхуягийн "Мэдлэгээр гулгисан Монгол" нийтлэлээс
Тав. Өр дарах өр
Засгийн газар энэ сарын 3-нд олон улсын зах зээл дээр шинээр 500 сая ам.долларын бонд гаргалаа. Ойрх Дорнодод болж буй мөргөлдөөн дэлхийн эдийн засгийг хүчтэй савлуулж, тодорхойгүй нөхцөл байдлыг улам гааруулсаар буй. Яг энэ цаг хугацаанд Монгол Улс “мөс зүсэж” бонд гаргав. Мөн хүлээлтээс давсан захиалга авч хүүгийн түвшнийг бага байлгах боломж бүрдсэн гэдгийг Сангийн яамнаас мэдээллээ. Баатарлаг үйлс мэтээр төсөөлөгдөх гадаад зах зээлд бонд гаргах нь гавьяа юу, аргагүй хамгаалалтын арга хэмжээ юу гэдэг нь хамгийн чухал. Сангийн яамны өгч буй мэдээллээр манай улстай зэрэгцэн таван улсын Засгийн газар олон улсын зах зээлд бонд гаргахаар төлөвлөсөн ч геолопотикийн нөхцөл байдлаас шалтгаалж хөгжингүй болон хөгжиж буй орнууд, корпорацууд бүгд саналаа цуцалсан гэх.
Өнгөрсөн хугацаанд бондын өр төлсөн гэх үе үеийн Засгийн газрын сүржин мэдэгдлүүд ирээдүйдээ өрийн дарамт нэмснээс хэтэрсэнгүй. Зорилго нь зөв ч зарцуулалт нь ихэвчлэн буруу байдаг бод эргээд өрийн хавх бий болгож, өнөөдрийн боломжийг тушсаар, өрийн хэлхээг нэмсээр. 2032 он хүртэл нэг жилээр сунасан гадаад өрийн буухиа цаашид хэдий хугацаанд үргэлжлэх, тэр хугацаанд өрийн зардал хэрхэн өсөхийг таашгүй. Ямар боловч 2012 онд тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболд “Өрийг өрөөр дарах нь архиар шараа тайлахтай адил” гэж зүйрлэж байсан юм. Гэвч өнгөрсөн хугацаанд Монгол Улс “архиар шараа тайлсаар” л байна.
М.Мөнхжаргалын "Өрийг өрөөр дарах буюу архиад шараа тайлсаар байх уу?" нийтлэлээс
Зургаа. Монгол эмэгтэйчүүдийн тухай 10 баримт
Монголд эмэгтэйчүүд дархан эрхтэй амьдарч байгаа өөр нэг шалтгаан нь тэдний хөдөлмөрч, хичээнгүй, хүчирхэг, тэмцэгч зан чанар юм. Монгол бүсгүйчүүд сайн ээж, сайхан хань, чадварлаг мэргэжилтэн, үзэсгэлэнтэй бүсгүй, мундаг бэр, ачлалтай охин, сайн найз зэргийн алийг ч орхигдуулахгүй авч явж чаддаг нь эдийн засаг, нийгмийн оролцоотой, эрхээ мэддэг, эдэлж чаддагийнх нь гол түлхүүр. Монгол эмэгтэйчүүдийн өнөөгийн нөхцөл, өнөөдрийг хүртэлх түүх бол эмэгтэйчүүдийн эрхийг тунхаглаж, жагсан, тэмцэж, уриа лоозонд тулсан чанга тэмцэл дээр бий болоогүй. Харин чимээгүй хөдөлмөр, цуцаагүй хичээл зүтгэл, тасралтгүй суралцсан хөлс, хором бүхэн дээр бичигдсэн. Тэд гал тогоондоо ч, ажлын талбартаа ч, хөдөө талд ч Монголын нийгмийн хөгжлийг урагшлуулж, бүх цаг үед өөрсдийн хувь нэмрийг эх орондоо, улсынхаа нийгэм, эдийн засагт оруулж ирсэн гавьяатай. Цаашид ч монгол бүсгүйчүүдийн бичих түүх, бүтээх үйл үргэлжилнэ. Улам өргөжин тэлнэ.
1. Монгол Улсын хүн амын 51% нь эмэгтэй.
2. Хамгийн өндөр настай эмэгтэй 108 настай.
3. Монгол Улсад “Эмэгтэй” нэртэй нэг иргэн бий.
4. Эмэгтэйчүүдийн 67% нь хотод, 33% нь хөдөө амьдардаг.
5. Эмэгтэйчүүдийн гэрлэлтийн дундаж нас 26.7
6. Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.7
7. 2025 онд төрсөн хүүхдийн 48.3% нь эмэгтэй.
8. Ажил хийдэг эмэгтэйчүүд эрчүүдээс 3 дахин их гэрийн ажил хийдэг.
9. Монгол эмэгтэйчүүд дунджаар 2-3 хүүхэд төрүүлдэг.
10. Эмэгтэйчүүдийн хамгийн түгээмэл нэр нь Мишээл, Хулан.
О.Даваасүрэнгийн "Яруу алдарт монгол эмэгтэйчүүд" нийтлэлээс
Долоо. Удирдлага улстөрчдийн гарт
Нийгмийн анхаарлыг зөв, буруу аль ч аргаар хамаагүй өөртөө төвлөрүүлж чадсан хүний амьдрал, ахуй, ашиг, орлого дээшилж байгаа нь анхаарлын арилжаа цэцэглэж байгаа нийгмийн гол шинж аж. Энэ нь мэдээж асар хортой. Юун түрүүнд хүмүүс сайн, муугийн шүүлтүүргүйгээр өөрт нь хийгээд нийгэмд эерэг үр нөлөөгүй, зарим тохиолдолд сөрөг ч байж болохуйц зүйл дээр төвлөрч, анхаарч байгаа нь анхаарлын удирдлагаа алдсантай холбоотой. Ийн хүмүүс өөрсдөө анхаарлаа удирдаж чадахгүй болж, энэ талын ойлголт нийгэм, нийтийн дунд хангалтгүй байгаа үед олонхын анхаарлыг хэн нэгэн, аль эсвэл ямар нэг субьект тодорхой зорилгын хүрээнд удирдан, чиглүүлэх бүрэн боломжтой юм. Энэ манай улсад нэн түгээмэл үзэгдэл. Нийгмийн сүлжээнд сөрөг, худал мэдээлэл шүүлтүүргүй тархаж, заримынх нь алдар нэрийг шавартай хутгаж, заримынхыг нь суга өсгөж байна. Түүнчлэн эрх баригчидтай холбоотой элдэв мэдээлэл эрчээ авч, хүмүүсийн анхааралд орж эхэлмэгц гэмт хэрэг, гэр бүлийн хэрүүл, хов жив тэргүүтэй элдэв цуу эрчийг авч, олон нийтийн анхаарлыг гол асуудлаас алсруулдаг. Үүнийгээ зорилтот бүлгийнхэн “сенсацыг сенсацаар дарах арга” гэж нэрлэх нь ч бий. Улстөрчид өрсөлдөгчөө харлуулах, өөрийгөө дөвийлгөх зорилготой тролл баг ажиллуулдаг нь ч олны анхаарлыг удирдаж байгаа нэг хэлбэр юм. Эндээс манай нийгэмд юу чухал, юу чухал бусыг, аль нь үнэн, аль нь худлыг ялгах анхаарлын “удирдлага” алга байгаа нь харагдаж байгаа юм. Тиймээс анхаарлаар ашиг хүртэгчид өөрийнхөө зорилгод хүрэхийн тулд бусдын тархийг угааж, нийгмийн санаа, бодлыг чиглүүлэхэд хялбар байна.
О.Даваасүрэнгийн "Анхаарал гэх капитал" нийтлэлээс
Найм. Буддизм радикал улс төрийн хүчин болсон нь
Улаан шарыг тунаруулсан орхимж дэлхий нийтийн төсөөлөлд дотоод амар амгалан, хүчирхийллээс ангид бодь сэтгэлтний дүрээр буудаг. Гэтэл энэрэл нигүүлсэлийн үрийг тарьж, бусдын итгэл үнэмшлийг хүндэтгэх учиртай санваартнууд үзэн ядалтаар зэвсэглэж, шашны ондоошлын эсрэг хүчирхийлэл гаарлаа. Одоогоор ийм хандлага бага хөлгөний уламжлал түгэн дэлгэрсэн Зүүн өмнөд Азийн орнуудад онцгой ажиглагдаж байна. Гэхдээ түүхийн туршид буддын шашин хүчирхийллээс ангид оршсон гэвэл дэгс болно. Ялангуяа төр шашин хоорондоо нягт сүлбэлдэх үед лам нар бурхны сургаалаас илүүтэй хэт үндсэрхэг үзэлд автан “буруу номтон”-ы өөдөөс зэвсэг агсах нь бурхны шашинд харшлахгүй гэж мэтгэдэг.
Бага хөлгөний уламжлалын өлгий нутаг болох Шри Ланкад 30 жил үргэлжилсэн иргэний дайны өмнө ч салан тусгаарлах үзэлтэй шашны цөөнх мусульманчуудад халдах нь ердийн хэрэг байв. Арал улсын Үндсэн хуульд буддын шашныг онцгойлон дархалж, лам нарын эрх ямбыг үлэмж нэмэгдүүлсэн нь ийнхүү бусад шашныг хавчин гадуурхах хориг саадгүй болгосон хэрэг.
22 сая хүн амтай Шри Ланкад буддизм нь зөвхөн итгэл үнэмшлээр хязгаарлагдахгүй харин хүн амын 70 гаруй хувийг бүрдүүлдэг синхал үндэстний соёл уламжлалын тулах цэг. Буддизмын “тэргүүлэх байр суурь”-ийг тодотгосон Үндсэн хуулийн хамгаалалт дээр 2012 онд тодрон гарч ирсэн улс төрийн хүчин бол Боду Бала Сена буюу Буддын чөлөөлөх арми нэртэй анти-ислам хөдөлгөөн юм. Анхандаа буддын шашинт оюутнуудад давуу эрх олгох, мөргөлийн үеэр үхэр нядлах, хүнсний бараа бүтээгдэхүүнд халал баталгаа олгохыг цуцлах зэргээр исламын зан үйлийг хориглох шаардлага тавьж гарч ирсэн хөдөлгөөний тэргүүн Галагода Атте Гнанасара одоо бол шашнаар ялгаварлан гадуурхах үзлийн гол дүр.
С.Лхагвасүрэнгийн "Орхимжоор далдалсан хилэн" нийтлэлээс
Ес. О.Золбоотөгөлдөрийн ертөнц
Анх түүний урланд ороход л үлгэрийн орны далавчтай бяцхан элфүүд, эвэртэй сахиусан тэнгэрүүд, гүн рүүгээ тольдсон дүр төрх, байгалийн нэг хэсэг болж хувирсан хүмүүсийн ертөнцөд нэвтрээд орчих шиг мэдрэмж төрөв. Мэдээж үүн дээр зүүд болоод зөн совин нэмэгдэж бүтэн болно.
Уран бүтээлч нь тэр бүр хүмүүс холхиод байдаггүй аглагийн аглагт бясалган суугаа мэт санагдана. Үнэхээр түүний Зайсанд байх урланд хэн нэгэн зорьж очихоос бус тэр болгон орж, гараад байдаггүй аж. Зураач нь басхүү анир чимээгүй, олны хөлөөс зайдуу нөхцөлд даяанчилж бүтээлээ туурвих хүсэлтэй. “Авьяас бол эмзэглэл юм” гэж Д.Намдаг нэгэнтээ хэлжээ. Бидний яг одоо танилцах гэж буй уран бүтээлч ч мөн өөрийн гэсэн дотоод эмзэглэл, өвдөлтийг зүрх сэтгэлдээ тээж явдаг нэгэн. “Эмзэглэл нь үгүй бол сайн уран бүтээл төрөхгүй байж мэдэх юм” гэсэнтэй нь би ч мөн санал нэгдэв. Тэр бол зураач О.Золбоотөгөлдөр.
Б.Алтанхуягийн "Өвдөлтийн жинхэнэ төрх" нийтлэлээс
Арав. Явган хүний замаа явган хүндээ л үлдээе
Дэлхийн аль ч оронд нэн тэргүүнд явган зорчигч давуу эрхтэй байдаг. Учир нь, тэд автомашин унаж түгжрэл үүсгэж, агаар орчныг бохирдуулдаггүй. Тийм ч учраас явган хүний зам, гарц зэргийг хүнээ боддог улс орон дээд зэргээр анхаардаг. Гэтэл Улаанбаатар хотод энэ байдал эсрэгээрээ. Мопед, унадаг дугуй, скүүтер зэрэг цахилгаан тээврийн хэрэгсэлд зориулсан тусгай зам байхгүйгээс шалтгаалан тэд явган хүний замаар хяналтгүй зорчих нь нэмэгдэж, дээр дурдсан олон эрсдэлийг бий болгосоор байна. Гэвч өнөөдрийн байдлаар нийслэл уг асуудлыг үндсэн дэд бүтцээр шийдэхээс илүүтэй зогсоол байгуулах тал дээр түлхүү анхаарч буй. Тухайлбал, өнгөрсөн жил Бага тойруу дотор 90 байршилд 1800 гаруй скүүтерийн зогсоол байгуулсан бол энэ жил Их тойруу дотор 300 байршилд 6000 орчим зогсоол байгуулахаар төлөвлөж байгааг албаныхан танилцуулжээ.
Харин хөдөлгөөний зохицуулалтын хувьд холбогдох байгууллагууд цахилгаан тээврийн хэрэгслийн техникийн шаардлага, бүртгэлийн асуудлыг шийдэх чиглэлд ажиллаж байгаа аж. Тээврийн цагдаагийн албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Очирбат “Цахилгаан дугуй, мопед нь техникийн шаардлагын хувьд L1, L2, L6 ангиллын тээврийн хэрэгсэлд хамаарах учраас толь, гэрэл, тормоз зэрэг шаардлагыг хангуулах, улмаар дугаар олгох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох байгууллагуудтай зөвшилцөж байна” хэмээн мэдэгдсэн юм. Гэвч албажаагүй шийдвэр, зориулалтын замгүй нөхцөлд мянга мянган скүүтерийн зогсоол байгуулж, бүртгэлжүүлсэн ч асуудал шийдэгдэхгүй хэвээр.
И.Сарангоогийн "Хавар ирлээ, дарга аа" нийтлэлээс
Арваннэг. Монголчууд загварын хотод загвар үзүүлэв
“Милан-Кортина 2026” өвлийн олимпын XXV наадам өндөрлөсөн ч паралимпын XIV наадмын тэмцээн уралдаан ид өрнөж байна. Италийн ард түмэн тансаг, хээнцэр загварын гэх тодотголтой Миландаа хүндэт зочдоо авсаар байна. Жил бүр сая сая жуулчдыг татах болсон Италийн хотууд эдгээр өдрүүдэд тив тивийн жуулчдын хөлд дарагдлаа. Загварын хот Милан олимпын хот болж хувирав.
Олимпын наадамд Монголын багийн тамирчдын амжилт урьдчилсан байдлаар тодорхой байсан учраас бид тамирчдаасаа том амжилт хүлээгээгүй. Харин өвлийн олимпын наадмын үеэр анх удаа загварын шоу болсон нь олон улсын анхаарлыг татсан. Энэ нь загварын Милан хотын гол илэрхийлэл байлаа. Тэд ч наадам эхлэхээс өмнө хамгийн шилдэг загвар гаргасан 15 орныг тусгай үзүүлбэрт урьсан юм. Олимпын наадамд монголчуудын ганц чимэг болсон үзүүлбэр байлаа. Дэлхийн загварын төв хийгээд “Prada”, “Versace”, “Armani”, “Dolce & Gabbana” зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүдийн өлгий нутагт олимпын тамирчид анх удаа загварын шоунд оролцлоо. Энэхүү хүндэтгэлтэй арга хэмжээнд Монголын “Гоёл кашмер”-ийн урласан ёслолын хувцас анхаарал татсан юм. АНУ-ын уламжлалт брэнд “Ralph Lauren”, Канадын “Lululemon”, Францын “Le Coq Sportif”, Шинэ Зеландын “Kathmandu”, Японы спорт брэнд “Asics”-ын хажуугаар Монголын “Гоёл кашмер”-ийн загвар ялгарч байв.
Ч.Болорчулууны "Спортоор амьсгалж буй Милан" нийтлэлээс