
Долоо хоног тутмын "Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн 646 дахь дугаар хэвлэгдлээ. Энэ удаагийн дугаарт багтсан онцлох нийтлэлүүдийг танилцуулъя.
Нэг. Үлгэн салган өдрүүд
Хууль тогтоох дээд байгууллага, гүйцэтгэх засаглал үл ойлголцож, үндсэн ажлаа хийхгүй талцал хуваагдалдаа хамаг анхаарлаа хандуулсааар бараг сарын хугацаа өнгөрлөө. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэгчлэн төрийн үйл ажиллагаа хүлээсэн, ажигласан, шийдэл нэхсэн байдалтай удлаа. Бүр тэг зогссон гэхэд болно. Шатахуун түгээх станцууд шатахуунгүй, хэсэг хугацаанд айл өрх, аж ахуйн нэгжүүд цахилгаангүй, багш нар ажил хаялт зарлаж сургууль, цэцэрлэг эзгүйрсэн, эмнэлгүүд эрүүл мэндийн даатгалаар үйлчлэхээ зогсоосон, эм, тариа хомсодсон, 2026 оны төсвийн хэлэлцүүлэг саатсан гээд бүх шатанд тэг зогсолт болохоо шахсан өдрүүд үлгэн салган үргэлжилсээр.
С.Шийлэгтөмөрийн "Тэг зогсолт" нийтлэлээс
Хоёр. Дунджаас ч доогуур түвшин
“World Population Review” судалгааны байгууллага дэлхийн улс орнуудын нийгмийн эрүүл мэндийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, эрэмбэлжээ. Ингэхдээ хүн амын дундаж наслалт, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн амьдралын хэв маяг, архи, тамхи зэрэг хорт зуршлын хэрэглээ, стрессийн түвшин, таргалалт, амьдралын чанар гэхчлэн олон хүчин зүйлийг харгалзан, тооцоолсон байна. Энэхүү “Healthiest Countries 2025” жагсаалтад Сингапур, Япон, БНСУ, Тайвань, Израиль, Норвеги, Исланд зэрэг улс орнууд тэргүүлжээ. Дэлхийн бүх улсаас Монгол Улс 110 дугаарт бичигдэж, дунджаас доогуур түвшинд үнэлэгдсэн байна.
“Healthiest Countries 2025” жагсаалтыг тэргүүлсэн Япон улс 123 сая хүн амтай. Манайхаас 34 дахин олон хүнтэй тус орон нийтийн эрүүл мэндийн үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж, хүн амын өндөр наслалтаараа олон улсын анхаарлыг татаж, эрүүл орчин, эрүүл нийгэм, эрүүл ард иргэд нь улсынхаа хөгжлийн гол түлхүүрээр нэрлэгдэж байна. Товчхондоо, 123 сая хүний дийлэнх нь эрүүл амьдарч, олонх нь өтөл буурал болтлоо улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулж, эдийн засгийн оролцоотой амьдарч буй. Гэтэл гуравхан сая хүн амтай Монгол Улс нэг хүнд ногдох халдварт болон халдварт бус өвчний тохиолдол, нас баралтын түвшингээрээ олон улсад дээгүүрт эрэмбэлэгдэж, энэ үзүүлэлтээрээ дэлхийн анхаарлыг татах хэмжээнд хүрсэн нь гашуун үнэн. Үүний улмаас манайд эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардал урьдчилан сэргийлэлтээсээ хэд дахин өндөр байна. Энэ нь ядуурал, архидалт, амиа хорлолт, боловсролын ялгаа, гэмт хэрэг зэрэг нийгэмд үүссэн, үүрлэсэн олон сүүдрийн эх углуурга болоод буй.
"Эрүүл нийгэм эрүүл иргэнээс эхтэй" нийтлэлээс
Гурав. 2026 онд 3.7 их наяд төгрөгийн өр төлнө
Манай монголчууд эртнээс өртэй байхыг цээрлэдэг, цэрвэдэг байлаа. Харин өнөөдөр өргүй хүн гэж алга. Бараг өртэй байгаадаа баярлаад ч байх шиг. “Ашгүй надад зээл олгож байна, зээлийн шалгуур хангачихлаа” гэж баярлах хүн олон. Иргэд төдийгүй улс нь гадаадаас их хэмжээний зээл авахаас айхаа больсон. Бас л сайд, дарга нар нь “Манай зээлжих зэрэглэл тогтвортой байна, өслөө” гэж баярласаар байна.
Манай улс 28 жилийн өмнө буюу 1997 онд Дэлхийн банк болон Япон улсаас авч Багануур, Шивээ-Овоо хувьцаат компанид зарцуулсан 167.2 тэрбум төгрөгийн өрөө өнөөг болтол төлөөгүй л явна. Төлөх хугацааг нь хэтрүүлсэн энэ зээлийг ирэх онд “Эрдэнэс Монгол” компаниар төлүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ. 28 жилийн өмнө авч төрийн өмчит компаниуддаа зарцуулсан зээлээ хугацаанд нь төлөхгүй явсаар үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, хугацаа хэтэрсний эргэн төлөлт нь нийлээд 167.2 тэрбум төгрөг болсон байна. Энэ мэтээр бидний өмнөх жилүүдэд авсан зээлүүдийн үндсэн болон хүүгийн төлбөр төсөвт дарамт учруулсаар байна. 2026 онд л гэхэд 3.7 их наяд төгрөгийн зээл төлөхөөр төсвийн төсөлд тусгажээ.
С.Шийлэгтөмөрийн "Өрөнд өдөрт гурван цэцэрлэг" нийтлэлээс
Дөрөв. 800 мянгыг татвараас чөлөөлөх шийдэл
Цалингийнхаа 30 орчим хувийг татвар нийгмийн даатгалын шимтгэлд өгч байгаа нь иргэдэд ихээхэн дарамт болж байгаа нь үнэн. Үүний илрэл нь Хувь хүний орлогын албан татварыг нэг хувь болгох иргэдийн санаачилга. Цахим өргөдлийн системд энэ татварыг нэг хувь болгох санаачилгад 100 мянган иргэн гарын үсэг зурсан. Улмаар УИХ-аас энэ асуудлыг судалж, санал гаргах ажлын хэсэг байгуулснаар татварын хөнгөлөлтийг эргэж харах нөхцөл бүрдэв.
Уг нь бусад татвартай харьцуулахад хүн амын орлогын албан татварын төсөвт төвлөрүүлэх хэмжээ бага хувийг эзэлдэг. Тодруулбал, энэ татварыг иргэдийн ажиллаж амьдарч буй орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг бөгөөд нийт дүнгээрээ төсвийн орлогын 8.3 хувийг бүрдүүлдэг. Тиймээс нэг хувь болгон бууруулахыг салбарынхан болоод хуульчид дэмжиж байсан. Гэхдээ Засгийн газраас тухайлбал, нийслэлийн төсвийн орлогын 50 орчим хувийг ХХОАТ-аас бүрдүүлж байгаа учраас их хувиар бууруулах боломжгүй гэдэг тайлбарыг өгсөн юм. Тиймээс УИХ-аас байгуулсан ажлын хэсгийнхэн Засгийн газартай хамтран иргэдийн 800 мянган төгрөгийн цалинг татвараас чөлөөлөх шийдлийг гаргав. Ингээд иргэдээс сард 80 мянга, жилд 960 мянган төгрөгийн татварыг хөнгөлөхөөр хуулийн төсөл боловсруулаад байна. Уг хуулийн төслийг одоогоор цахим өргөдлийн системд байршуулан иргэдээс санал авч байгаа. Төсвийн хуультай уялдуулан УИХ-д удахгүй өргөн барихаар зэхэж буй.
Б.Цэнд-Аюушийн "Өсөхгүй өгөөж" нийтлэлээс
Тав. Зээлийн аппликэйшнүүдийн даварсан үйлдэл
Монголд өнөөдөр маш олон зээлийн аппликэйшн бий. Эдгээр нь голдуу бага хэмжээний зээлийг нийгмийн даатгал төлдөг, эсэхээс үл хамааран олгодог. Тийм ч учраас дундаж, түүнээс доогуурх орлоготой иргэдийн идэвхтэй хэрэглээ болоод буй. Аливаа зээл авахын тулд тухайн банк бус санхүүгийн байгууллагатай иргэд биечлэн очиж, эсвэл онлайнаар гэрээ хийдэг. Бага хэмжээний зээл гэдгээс үл хамаараад бүх банк бус санхүүгийн байгууллага иргэдийн хувийн мэдээллийг ДАН системээр дамжуулан авдаг. Иргэд өөрөө зөвшөөрч эл мэдээллээ тухайн байгууллагад өгч буй хэрэг. Хэдий тийм ч төрийн, хувийн ямар ч байгууллага эдгээр мэдээллийг цуглуулах болон ашиглахдаа заавал тухайн иргэний зөвшөөрлийг авах ёстой талаар Хувь хүний нууцыг хамгаалах тухай хуульд тусгажээ. Мөн шаардлагатай үед холбоо барих 1-2 хүний дугаар, мэдээллийг бүртгүүлэхийг зээлийн аппликэйшнүүд шаарддаг.
Зээлдэгч иргэн гэрээгээр заасан хугацаандаа төлбөрөө төлөх үүрэгтэй. Гэхдээ амьдралд юу ч тохиолдож болно. Орлого нь хүрэлцэхгүй, эсвэл гадаад, дотоодод ажлаар явсан, сүлжээгүй үе таарсан гээд хугацаанаасаа 2-3 хоног хэтрүүлэх үе бишгүй. Ийм үед тухайн ББСБ-ын ажилтнууд шаардлагатай үед холбоо барих дугаар руу залгаж, тухайн иргэний зээл төлөх хугацаа хэтэрснийг сануулдаг. Энэ бол зүйн хэрэг, маргахгүй. Харин тухайн байгууллагад огт бүртгүүлээгүй, хаа хамаагүй хүмүүс рүү залгаж, энэ тухай мэдэгдэх нь хууль бус үйлдэл. Гэтэл яг ийм үйлдлийг зээлийн аппликэйшн буюу ББСБ-ын ажилтнууд маш их гаргадаг байна.
С.Туулын "Хувь хүний нууцаа бид өөрсдөө л хамгаална" нийтлэлээс
Зургаа. Капиталын үнийн өсөлтийн татвар
Улсын хэмжээнд нийт өрхийн тоо 2010 онд 713780 байсан бол 10 жилийн хугацаанд 180 гаруй мянгаар өрхийн тоо өсжээ. 2020 оны байдлаар манай улсад 897 мянга гаруй өрх байгаагаас 342 мянга нь гэрт, 546.9 мянга нь байшинд амьдарч байна. Гэхдээ төвийн шугамд холбогдсон орон сууц гэхэс илүү амины орон сууцанд амьдардаг нь их. Эдгээр иргэдээс эхлээд өмч хувьчлалаар орон сууц авсан иргэдийн хувьд орон сууцаа заръя гэхэд худалдан авсан үнэ байхгүй учраас хэрвээ орон сууц борлуулсны ашгаас 10 хувиар тооцвол одоо хоёр хувиар өгч байгаа хэмжээ тав дахин нэмэгдэх эрсдэл үүснэ. Нуухыг нь авах гээд нүдийг сохлох гэдэг шиг үл хөдлөх хөрөнгө борлуулахад авч байгаа хоёр хувийн татварыг цуцлах гээд иргэдийн төлөх татварыг 10 хувьд хүргэх нөхцөл ойрхон байна. Олон улсын жишиг нь энэ гэх.
М.Мөнхжаргалын "Хоёр хувийн хожооноос 10 хувийн эрсдэл рүү" нийтлэлээс
Долоо. Даатгалаа төлдөг ч...
Иргэн бүрийн эрүүл мэндийн баталгаа байх ёстой Эрүүл мэндийн даатгалын сан өнөөдөр хоосорч, өрөнд дарагджээ. Хариуцах эзэн, хялайлгах мөнгөгүй энэ сангийн хямралаас шалтгаалж олон хүн шаардлагатай эмчилгээ, эмнэлгийн тусламжаа авч чадахгүйд хүрээд байна.
УИХ-аас Эрүүл мэндийн даатгалын 2025 оны төсвийг батлахдаа орлогыг 2.464 их наяд төгрөг, зарлагыг 2.242 их наяд төгрөгөөр баталсан. Гэтэл өнөөдөр энэ сан орлогоосоо давсан зарлага гаргаж 2025 оны есдүгээр сарын байдлаар 167 тэрбум төгрөгийн өртэй болжээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Чинбүрэн "Эрүүл мэндийн даатгалын сан цоорхой шанага шиг болсон. Жил бүр мөнгийг нь нэмсээр байхад тэр их мөнгө хаашаа орж, хэрхэн зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй, хяналтгүй урссаар байна” хэмээн мэдэгдсэн. Улмаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга С.Энхболдыг ажлаас нь чөлөөлсөн билээ. Гэвч даргыг нь чөлөөлсөн ч асуудал шийдэгдээгүй хэвээр. Даатгалын сангийн хямрал, ил тод бус зарцуулалт, өр төлбөрийн асуудлыг нь харин иргэд нуруун дээрээ үүрч байна.
И.Сарангоогийн "Хоосорсон сан, хариуцлагагүй тогтолцоо" нийтлэлээс
Найм. Амь эрсэдсэн туршилт
Улаанбаатарын утаа тоон үзүүлэлтээсээ хальж олон мянган иргэний эрүүл мэнд, заримынх нь амь насаар хэмжигдэх болсон. Тоо сөхвөл, сүүлийн арван жилд зөвхөн утаатай тэмцэх нэрийн дор 1.5 их наяд төгрөг зарцуулсан ч, угаарын хийн хордлогоор олон хүн хохирч, амь насаа алдсаар байна. Тухайлбал, НЭМҮТ болон ХӨСҮТ-ийн хамтарсан судалгаагаар 2018 оноос өмнө улсын хэмжээнд жилд угаарын хийн хордлогын 30 орчим тохиолдол бүртгэгддэг байсан бол, 2019 оноос хойш энэ тоо мянгаас буугаагүй байна. 2023 онд гэхэд 3000 гаруй хүн эмнэлгийн тусламж авч, 61 иргэн амь насаа алджээ. Харин 2024 онд энэ тоо бага зэрэг буурсан ч 1579 хүн угаартаж эмнэлгийн тусламж авсан бол 31 хүн нас барсан байна. Харин 2025 оны эхний 10 сарын байдлаар нийслэлийн долоон дүүрэг, есөн аймагт нийт 1603 хүн угаартаж 110 хүн харамсалтайгаар амь насаа алдаад буй.
И.Сарангоогийн "Түлшний туршилт үргэлжилсээр..." нийтлэлээс
Ес. Бэлэнчлэх сэтгэлгээг гааруулж буй хиймэн оюун ухаан
Орчлон дэлхий дээр оршин буй бүхнээс хүн төрөлхтний ялгарах хамгийн гол ондоошил нь оюун ухаан. Хүн давтагдашгүй, гайхамшигт уураг тархиныхаа ачаар үй олон жилийг туулж, өөрсдийн гараар, өөрсдийн тав тухтай амьдрах ертөнцийг бүтээж, түүх, соёл туурвиж яваа. Анхандаа хоол хүнсээ түүхийгээр нь хүртэж, агуйгаар оромж хийж, өөрийгөө хамгаалах, үр удмаа үлдээх гэхчлэн суурь хэрэгцээгээ л зохицуулах чадамжтай байсан хүний тархи хөгжин, хөгжсөөр өдгөө бодож, сэтгэх ч шаардлагагүй, өөрийгөө орлох өөр нэг оюун ухааныг бүтээх хэмжээнд хүрээд буй. Гэхдээ хүн төрөлхтний бүтээж, нээн илрүүлсэн тус “ид шид” эргээд бидний оюуны чадамж, тархины цараанд ямар үр дагавар авчирч байгаа бол гэдэг тун сонирхолтой өнцөг. Хиймэл оюун ухаан, робот зэрэг технологийн үсрэнгүй хөгжлөөр бий болсон зүйлс хүнийг орлож, ирээдүйд хүн тэднийг бус технологи хүмүүсийг удирдана гэх таамаг олон жилийн өмнөөс эхтэй. Гэхдээ үнэн хэрэгтээ техник, технологи амь орж, хүмүүсийг эзлэн түрэмгийлэх боломж хомс. Харин өөрийнхөө тархийг гамнаж, зохиомол оюун ухаанаар аливааг гүйцэтгэж эхэлснээр хүмүүсийн төрөлх чадвар, тархины чадамж, ур дүй агших нь бодит эрсдэл юм. Үүнийг виртуал болон бодит ертөнцийн загалмайлсан эцэг, технологийн номлогч Жарон Ланиер тун оновчтой тайлбарласан байдаг. Тэрээр “Зохиомол оюуны хамгийн том заналхийлэл нь хүн төрөлхтнийг мөхөөх бус харин бидний оюуны чадамжийг алдагдуулах явдал юм” хэмээсэн байдаг. Түүний энэ таамаг сүүлийн үеийн судалгаагаар нотлогдож эхэллээ. Тодруулбал, орчин үеийн хүмүүсийн сэтгэл бодох, танин мэдэх, шинийг санаачилж, олж илрүүлэх, түүнийгээ зохиомжилж, хөгжүүлэх, суралцах, тогтоох гэхчлэн олон чадвар нь буурсаар байгааг судлаачид тогтоожээ.
О.Даваасүрэнгийн "Оюуны сулрал" нийтлэлээс
Арав. “No Other Choice”
Амьдралд сонголт үлддэггүй гэх нь заримдаа айдас хүрэм бодол байдаг. Ер нь айдас хэмээх уг хачирхалтай мэдрэмжийн цаана биднийг юу ч отож байж болно. Монтэнь энэ тухайд “Бүр харьцангуй төлөв, төвшин хүмүүс ч айдаст автсанаасаа болоод аймшигтай “сохордог” юм билээ” хэмээсэн байдаг. Тэгээд ч ахуйн дарамт үргэлж айдсыг хүчирхэгжүүлж байдаг аж. Айдас бол хүний мэдрэмжүүд дундаас хамгийн сонирхолтой нь шүү.
Намрын улирлын амгаланг санагдуулам дулаахан өдөр гол дүрийн Ман Сүн хэмээх нэгэн эр гэр бүлийнхээ хамт байшингийнхаа үүдэнд, өөрийн тарьж ургуулсан цэцэрлэгт могой загас шарж, аз жаргалтай буйгаар үйл явдал эхэлнэ. Кино яг төгсгөлөөсөө эсвээс алив нэг хурц зөрчил үүсэхийн өмнөх зурвас сцен дэлгэцэд харуулах шиг болно. Гэвч үйл явдлын эрчимтэй өрнөлөөс үзэгчид бүхнийг ойлгоно.
Уг эхлэл бол үзэгчдэд амьдрал ийм энгийн, аз жаргалаар дүүрэн гэх атлаа уг хэвшмэл дүрслэл нь мөнөөх жаргалтай амьдралын цаана ноёлогч дотоод хоосрол, гэмшил, ухааралгүй айдсыг зөрчилдүүлэн тавьж байгаа хэрэг.
Энэ бол “Oldboy”, “The Handmaiden” “Thirst” зэрэг бүтээлүүдээрээ алдартай, орчин цагийн Солонгосын кино урлагийн нэрт төлөөлөгчдийн нэг Пак Чан Вүкийн “No Other Choice” хэмээх киноны эхлэл. Найруулагч, уран бүтээлчид тус киноныхоо нээлтийг Венецийн кино наадмаар хийж дэлхийн үзэгчдэд хүргэсэн билээ. 2019 онд Бон Жун Хогийн “Parasite” кино Каннын кино наадамд нээлтээ хийж, дэлхий даяар шуугиан тарьж, Оскарын шагнал хүртсэн. Харин “No Other Choice” бол түүнтэй дүйцэхүйц бүтээл хэмээн кино сонирхогчид болон шүүмжлэгчид Венецийн кино наадмын дараа дүгнэж байв.
Б.Алтанхуягийн "Айдсын эсрэг талд" нийтлэлээс
Арван нэг. Хямралын сүүдэрт “бойжигсод”
1997–2012 онд төрсөн Z үеийнхний амьдрал анхнаасаа интернет, нийгмийн сүлжээ, ухаалаг төхөөрөмжтэй салшгүй холбогддог тул “Дижитал төрөлх үе” ч гэж нэрлэдэг. Харин эдийн засгийн хувьд тэд 2008 оны санхүүгийн хямралын сүүдэрт өсжээ. Насанд хүрэхдээ улс төрийн хуваагдал, уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн тодорхойгүй байдлыг улам гүнзгийрүүлсэн цар тахлыг даван туулсан нь тэднийг материаллаг амьдралд бус харин утга учир, үнэ цэнэ, шударга ёсны зарчимд төвлөрөхөд хүргэсэн. Авлига, хуурмаг улс төр, эрх мэдлийн тоглоомыг багаасаа харж өссөн тэдний олонх нь ардчилал гэж нэрлэгдэх тогтолцооноос урам хугарсан нь лавтай.
Лондоны Эдийн засгийн сургуулийн улс төр, харилцааны профессор Барт Каммэртсийн хэлснээр Z үеийнхэн төлөөллийн ардчилалд эргэлздэг боловч ардчиллын зарчмыг үнэлдэг хэвээр. Одоогийн өрнөж буй жагсаалууд ч энэ эргэлзээний үр дүн аж.
Төрийн эрх мэдэл, бизнесийн ашиг, медиа эзэмшлийн ил тод байдлыг нэхэмжилсэн залуусын жагсаал зүгээр нэг эсэргүүцэл биш, харин хариуцлагын хөдөлгөөн юм.
Б.Оюунхоролын "Гээгдсэн үеийнхний хилэн" нийтлэлээс