
Нийслэлийн хэмжээнд зам талбайн цас цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажил үргэлжилж байна. Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 13:00 цагийн байдлаар нийслэлийн зам талбайн цас цэвэрлэгээнд Хот тохижилтын газар, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компаниуд болон гэрээт аж ахуйн нэгж, байгууллагуудын нийт 1301 ажилтан ажиллаж байна.
Цас цэвэрлэгээний ажилд 157 машин, 49 механизм, 166 бичил төхөөрөмж, 220 үлээгч төхөөрөмж ашиглаж байгаа аж. Мөн зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 272.7 тонн давс, 53 тонн бодис цацжээ.
Цас орж, замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэх эрсдэл нэмэгдэж байгаа тул жолооч нарыг хурдаа тохируулж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.