
Монгол Улсын эдийн засгийн эрх чөлөөний оноо 63.9 болж, 69 дүгээр байрт эрэмбэлэгджээ. “Index of Economic freedom”-ийн үнэлгээгээр манай улсын индекс өмнөх оноос 1.3 нэгжээр өссөн нь дэлхийн болон бүс нутгийн дунджаас өндөр байгаа юм.
Бид “Эдийн засгийн эрх чөлөө”-гөөр 2021 онд 176 орноос 86, 2022 онд 66, 2023 онд 73, 2024 онд 76-д жагсаж байсантай харьцуулахад ахицтай байна гэсэн үг.
2026 оны индексийн үнэлгээгээр Монголын эдийн засгийг “дунд зэрэг эрх чөлөөтэй” (moderately free) ангилалд багтаажээ.
Монгол Улсын бизнес эрхлэгчид харьцангуй нээлттэй, үр өгөөжөө хүртэж байгаа төдийгүй эдийн засгийн шинэчлэлүүд нь эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулсан гэж дүгнэгдсэн аж.
Гэсэн хэдий ч авлига, мөн хууль дээдлэх зарчмын сул хэрэгжилт нь эдийн засгийн хөгжлийг хязгаарласан хэвээрээ, зохицуулалтын орчин аажмаар шинэчлэгдэж байгаа боловч өөрчлөлтийн хурд харьцангуй удаан байгааг ч үнэлгээний өмнөтгөлд дурдсан байна. Тусгаар улсын хувьд төрийнхөө хуульд захирагдах нь зүй ч иргэдийн эрх, эрх чөлөөг ч бүрэн хангах үүргээ төр биелүүлж байна уу?

Монгол Улсад өгсөн 63.9 оноо нь дэлхийн дунджаас дээгүүр боловч “эрх чөлөөтэй” ангилалд хүрэхийн тулд ойролцоогоор 6.1 оноо нэмж авах шаардлагатай гэсэн үг.
Өмчийн эрх – Монгол Улсад хувийн өмчийн эрхийг хуулиар хамгаалдаг боловч өмчийн эрхийн хэрэгжилт, гэрээний биелэлт, шүүхээр хамгаалуулах үр нөлөө хангалттай түвшинд хүрээгүй.
Шүүхийн үр нөлөө – Шүүхийн хараат бус байдал, хэрэг маргааны шийдвэрлэлтийн үр ашиг, хууль хэрэгжүүлэх чадавх харьцангуй сул.
Засгийн газрын шударга байдал – Авлига, ашиг сонирхлын зөрчил, төрийн байгууллагын ил тод байдлын асуудал нь эдийн засгийн эрх чөлөөг хязгаарлаж буй гол хүчин зүйлсийн нэг.
Засгийн газрын хэмжээ - Монгол Улсын төсөв, татварын бодлого олон улсын харьцуулалтаар харьцангуй тогтвортой.
Зохицуулалтын үр ашиг - Бизнес эхлүүлэх, хөдөлмөр эрхлэх, үнийн тогтвортой байдлын орчин харьцангуй сайн боловч зохицуулалтын шинэчлэл удаан явагдаж буй.
Нээлттэй зах зээл - Худалдаа, хөрөнгө оруулалтын орчин нэлээд нээлттэй байгаа авч санхүүгийн салбарын өрсөлдөөн, үр ашиг, зах зээлийн гүнзгийрэл харьцангуй сул үнэлэгджээ.
Монгол Улсад хувь хүний орлогын албан татварын дээд хувь хэмжээ 20 хувь, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын дээд хувь хэмжээ 25 хувь байна. Татварын нийт ачаалал ДНБ-ий 24.7 хувийг бүрдүүлж байгаа нь улсын төсвийн орлогын чухал эх үүсвэр болж байгааг харуулсан ч сүүлийн гурван жилийн дунджаар Засгийн газрын нийт зарлага ДНБ-ий 34.4 хувьтай тэнцсэнийг ч дурджээ. Улсын өрийн хэмжээ ДНБ-ий 44.1 хувьтай байгаа нь олон улсын жишгээр дунд түвшний өрийн ачаалалд тооцогдож байна.
Эдийн засгийн эрх чөлөө гэдэг нь хүмүүс өмч хөрөнгөө эзэмших, бизнес эрхлэх, хөдөлмөрлөх, хөрөнгө оруулах, худалдаа хийх зэрэг эдийн засгийн үйл ажиллагаагаа төрийн хэт оролцоо, саадгүйгээр явуулах боломжийг илэрхийлдэг.
Иргэдэд энэ нь бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэхэд эергээр нөлөөлснөөр ажлын байрыг нэмэгдүүлэх үүдийг нээнэ. Ажилтай, амжилттай хүний орлого нэмэгдэж, амьжиргааны түвшин өсдөг. Үүнийг эдийн засгийн эрх чөлөө өндөр орнуудад нэг хүнд ногдох орлого ихэвчлэн өндөр байдгаас бэлхэн харж болно.
Эдийн засаг сайжирч, хөгжихийн хэрээр бараа, үйлчилгээний сонголт нэмэгддэг. Нээлттэй худалдаа, өрсөлдөөн их байх тусам үнэ буурна, чанар ч сайжирна, сонголт ч олширно.
Хамгийн чухал нь хөрөнгө оруулалт нэмэгддэг. Өмчийн эрх сайн хамгаалагдсан, хууль тогтвортой орчинд дотоодын хөрөнгө оруулагчид илүү идэвхтэй ажиллана. Энэ сайн жишиг гадаадын хөрөнгө оруулагчдын анхааралд орж, хөрөнгө оруулалт татна. Мэдээж үр дүнд ажлын байр, татварын орлого, шинэ технологи нэмэгдэнэ.
Эдийн засгийн эрх чөлөө муу буюу төрийн зөвшөөрөл, хүнд суртал хэт их байх үед авлигын эрсдэл нэмэгддэг. Харин төрийн аливаа хууль, дүрэм журам ил тод, хараат бус шүүх, өмчийн эрхийн хамгаалалт сайжрах тусам авлига буурах боломжтой нь зоосны нөгөө талыг өнгөлдөг.
Гэхдээ зөвхөн эрх чөлөөтэй байх нь хангалтгүй. Эдийн засгийн эрх чөлөө өндөр байх нь дангаараа бүх асуудлыг шийддэггүй. Хууль дээдлэх ёс, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, өрсөлдөөний шударга орчин хамтдаа хөгжсөн үед иргэдийн амьдралд бодит үр ашиг хамгийн их хүрдэг. Монголын хувьд “дунд зэрэг эрх чөлөөтэй” ангилалд багтсан нь бизнесийн орчин харьцангуй нээлттэй хэрнээ зоосны нөгөө тал болсон авлига, шүүхийн үр нөлөө, төрийн байгууллагын үр ашиг сул байгаа нь иргэд эдийн засгийн эрх чөлөөний үр өгөөжийг бүрэн хүртэхэд саад болж байгаа аж.
Ерөнхий сайд Н.Учрал
Бизнесээ эхлүүлж буйгаа тухайн иргэн мэдэгдсэн л бол очиж үйлчлэн, галын дүгнэлт гаргахдаа дахин бичиг баримт нэхэх ёсгүй. Цахим системд нэгэнт байгаа улсын бүртгэл, газар, кадастр, комиссын дүгнэлт гэх мэтийг цаасаар шаардахгүй. Татварын байгууллага бизнес эрхлэгчийг дарамталж дээрэлхэх биш зөвлөж тусла.Татварын өртэй байсан ч зөвшөөрөл олгоно, сунгана. Төрийн бүх шатныхан зөвшөөрлөөс чөлөөлөгдсөн 146 бизнест очиж үйлчил.
Ерөнхий сайд хэдийгээр ингэж мэдэгдэвч бодит байдалд “зөвшөөрөл” гэж нэрлэгдээгүй ч бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд шаарддаг, төрийн байгууллагаас олгодог баримт бичгүүдийн тоо замбараагүй хэвээр.

Бизнесийн орчин дахь төрийн дарамтыг хэрхэн бууруулж, цэгцлэх вэ гэдэг өөрөө төрийн нэг сорилт болж буйг энэ бүх баримт бичгүүд харуулна. Ерөнхий сайдын нэг мэдэгдлээр энэ бүхэн цэгцэрч бизнесийн орчин сайжирч, эдийн засгийн эрх чөлөөнд хүрчихгүй. Хууль эрх зүйн орчноо эргэн харж байж эдийн засгийн эрх чөлөөнд хүрэхэд саад болж байгаа алдаагаа олно.
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар
2026 он гараад “Бизнесийн итгэлийн индекс”-ийн судалгаа хийсэн. Судалгаагаараа бизнест итгэх итгэл, бизнес хийх орон зай байна уу гэдгийг ААН-үүдээсээ асуулаа. Тэгтэл бизнест итгэх итгэл хасах 0.15 гэсэн үзүүлэлттэй, маш сул гарсан. Тэгэхээр бизнест итгэх итгэл байхгүй байна гэсэн үг. Энэ олон индикаторууд нэг л зүйлийг хэлж байгаа нь бизнесийн орчин тааруухан болж, ААHүүд хөрөнгө оруулалт хийхдээ хойргошиж байгааг харуулна. Ингэж хойргошиж байгаагийн цаана улс төрийн нөхцөл байдлыг харзнаж, геополитик, үнийн савлагаа гэхчлэн асуудлууд шийдэгдсэний дараа байдал нааштай болбол үйл ажиллагаагаа тэлж, хөрөнгө оруулалтаа нэмье гэсэн хүлээлттэй байгааг харуулж байна.
Манай улсад ихэнх зүйл хангалтгүй болсон. Боломж нь нээлттэй ч хөрөнгө нь байхгүй олон салбар бий. Эдийн засгаа солонгоруулъя гэвэл хөрөнгө оруулалт татахаас өөр аргагүй нь бүр олон бий.
Энэ сэдэвтэй холбоотойгоор нэн тэргүүнд анхаарах ёстой асуудлын нэг нь хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин. Хамгийн тод жишээ нь “хууль бусаар хөрөнгө хураан авах, валютыг хөрвүүлэх, шилжүүлэхэд хязгаар тавих асуудлаар Монгол Улс эрсдэлтэй орон”-ы тоонд багтжээ. Хөрөнгө оруулагчдыг татах бус үргээх алхам төрийн шийдвэрээс гадна иргэдийн хандлага, халдлагаас ч илхэн харагдана. Биед нь шууд халдана, бизнесийн үйл ажиллагаанд нь санаатайгаар нөлөөлнө, худал мэдээлэл тараана, хамтран ажиллаж байхдаа хуурна, хулхидна.
Хөрөнгө оруулагчдаас ирсэн гомдол ч цөөнгүй. Эдгээр гомдлын дийлэнх нь уул уурхайн салбартай холбогджээ.

Гадаадын хөрөнгө оруулалт хийх боломжоор хангахын оронд эрхийг нь хуулиар хориглосон 41 хууль, 49 зохицуулалт байна. Энэ бүх хязгаарлаж, хориглож, нэмэлтээр тавьж буй элдэв шаардлагаа эргэн харж өөрчлөхгүй бол улс хөгжиж, иргэд хөлжих орчин аяндаа бүрдэхгүй, сайн цаг өөрөө ирэхгүй.
Зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтаар жишээ авахад 2025 оны татварын мэдээллээр 4017 гадаадын хөрөнгө оруулалттай ААН-үүд 4.2 их наядын татвар төлсөн нь нийт татварын 24 хувьтай тэнцжээ. НДШ төлөгч нийт ажилтнуудын 12 хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай ААН-д ажиллаж НДШ-ийн 18 хувийг бүрдүүлсэн байна. Чамбай хуулиар хөрөнгө оруулалтын орчноо сайтар бүрдүүлж чадвал энэ тоо нэмэгдэнэ.
Дээр дурдсан асуудлуудыг шийдэх гарц болно гэж санаачлагчид нь үзэж буй Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ хаврын чуулганаар эцэслэн батлуулахаар ажиллаж буй. Нийт 89 гаруй хуульд өөрчлөлт оруулах энэхүү багц шинэчлэлийг ажлын хэсгүүд ирэх долоо хоногуудад нэгтгэн УИХ-аар эцэслэн батлагдах бололтой. 2013 оноос хойш 17 удаа өөрчлөгдөж, хөрөнгө оруулагчдыг хамгийн ихээр төөрөгдүүлж ирсэн хууль, эрх зүйн тодорхойгүй байдлыг эцэслэн шийдвэрлэж чадвал улсдаа ч, иргэндээ ч өгөөжтэй байх биз.
Эрх зүйн шинэчлэлт чухал ч алдаа, оноогоо зөв дэнсэлж чадсан уу гэдэг нь өөр нэг сорилт билээ.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл. Дугаар 681