
Энэтхэгчүүд Австралийн хамгийн том цагаачдын бүлэг болж, удаан хугацаанд тэргүүлж байсан англичуудыг анх удаа гүйцэж түрүүллээ. Энэ нь цагаачлалын эсэргүүцэл үргэлжилж буй үед тохиож байна.
Австралийн Статистикийн товчооноос гаргасан мэдээллээр 2025 оны 6-р сарын 30-ны байдлаар Австралид 971 020 Энэтхэгт төрсөн хүн амьдарч байжээ. Тэд Австралийн нийт хүн амын ойролцоогоор 5.2 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд Англид төрсөн 970 950 хүнийг ялимгүй давсан байна.
Сүүлийн арван жилд Энэтхэгт төрсөн хүн ам хамгийн их өссөн бол Англид төрсөн хүмүүсийн тоо тогтвортой буурчээ. 2013 онд Англид төрсөн хүн ам Австралид 1 саяд хүрч байсан байна.
Хятад улсад төрсөн хүмүүс 732 000-аар гуравдугаарт бичигдсэн бол Шинэ Зеландаас гаралтай 638 000 хүн удаалжээ.
Филиппин, Вьетнам, Өмнөд Африк, Непал, Шри Ланка, Малайз улсуудаас гаралтай оршин суугчид цагаачдын жагсаалтад дээгүүр бичигдэж байна.
Засгийн газрын мэдээллээр 2025 онд Австралид 8.8 сая гадаадад төрсөн оршин суугч байсан бөгөөд энэ нь нийт 27.6 сая хүн амын ойролцоогоор 32 хувийг эзэлжээ. Үлдсэн 18.8 сая хүн нь Австралид төрсөн болохыг тоо баримт харуулжээ.
“Гадаадад төрсөн хүмүүсийн дундаж нас цаг хугацааны явцад хэлбэлзэж ирсэн бөгөөд 2002 онд 46 нас хүрч дээд цэгтээ хүрээд, 2019 онд 44 нас болж буурсан,” гэж ABC хэвлэлийн мэдэгдэлдээ дурдсан байна.
“2021 онд Ковид-19 цар тахлын нөлөө болон Австрали руу шилжин ирэх залуу хүмүүс (жишээлбэл, олон улсын оюутнууд) багассантай холбоотойгоор гадаадад төрсөн хүн амын дундаж нас 45 болж өсчээ.
Австрали дахь гадаадад төрсөн оршин суугчдын хувь түүхэн дээд түвшиндээ ойртож байгаа бөгөөд энэ нь хамгийн сүүлд 1891 онд 32.4 хувь байсан үзүүлэлт юм.
Цагаачлал нь Австралийн эдийн засгийн өсөлтийн гол тулгуур байсаар ирсэн ч сүүлийн жилүүдэд орон сууцны хомсдол түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрснээр улс төрийн маргаантай асуудал болоод буй.
Энэ асуудал нь популист Нэг үндэстэн намын дэмжлэг нэмэгдэхэд нөлөөлсөн бөгөөд тус нам өнгөрсөн жилийн сонгуулиас хойш санал асуулгад өсөлт үзүүлжээ. Тус намын удирдагч Полин Хансон олон арван жилийн турш цагаачлалын эсрэг кампанит ажил явуулж ирсэн.
Австралийн Хүний Эрхийн Комисс ажлын байрны тогтворгүй байдал болон технологийн хувьсгал нь цагаачлалын эсрэг уур амьсгалыг нэмэгдүүлж байгааг анхааруулжээ.
Тус байгууллагын ерөнхийлөгч Хью де Крэстер цагаачлалын бодлого болон цагаачдын тооны талаар “ухаалаг хэлэлцүүлэг” хийх боломжтой гэж мэдэгдсэн байна. “Гэхдээ хэтэрхий олон тохиолдолд энэ хэлэлцүүлэг нь цагаачдыг буруутгах, нийгмийг талцуулах, арьс өнгөөр ялгаварлах байдлыг өдөөж байгаа нь буруу” гэж нэмж хэлжээ.