
БНХАУ-ын Нинбо хотод болж буй хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ням гарагт өндөрлөнө. Монгол Улсаас шигшээ багийн дасгалжуулагч Ч.Мартын удирдлага дор дөрвөн тамирчин оролцож байна. Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд Б.Хонгорзул 31-р байрт орлоо. Тэрээр огцомоор 93 кг, түлхэлтээр 121 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр 214 кг-ыг өргөжээ. Энэ жинд нийт 48 тамирчин өрсөлдсөн юм. Тэгвэл одоо эмэгтэйчүүдийн 86 кг-ын жинд ОУХМ Л.Болортуяа, +86 кг-д ОУХМ Б.Энхжин, +86 кг-д спортын мастер Г.Чинболор нарын тэмцээн үлдлээ.
Анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа Л.Болортуяагийн 86 кг-ын жингийн тэмцээн маргааш эхэлнэ. Түүний жинд нийт 38 тамирчин оролцохоор бүртгүүлсэн байна. Л.Болортуяа С хэсэгт хуваарилагдсан. Мөн тэмцээний сүүлийн өдөр буюу ням гарагт Б.Энхжин, Г.Чинболор нарын өрсөлдөөн эхэлнэ. Манай тамирчдын жинд нийт 28 тамирчин оролцоно.
99 орны баг тамирчид оролцож буй “Нинбо-2026” тэмцээнийг Хойд Солонгосын баг 20 алт, найман мөнгө, зургаан хүрэл, нийт 34 медальтайгаар тэргүүлсээр байгаа бол БНХАУ найман алт, найман мөнгө, зургаан хүрэл медальтай удаалж байна. Харин Колумб, Египетийн баг нэг алтан медаль хүртсэн бол АНУ, Турк, Казахстан, Тайвань, Индонез, Украйны баг мөнгөн медалийн тоогоор 6-11-р байрт бичигдэж байна. Өнөөдрийн байдлаар 16 орон ямар нэгэн медаль хүртжээ.