Эрнест Хемингуэй “Өвгөн тэнгис хоёр” зохиолоо бичиж байх үед амьдралынхаа хамгийн хэцүү бэрх, харанхуй үеийг туулж байсан гэдэг. Тэр нь өөртөө итгэх итгэлгүй болсон явдлаас гадна амьдралынх нь үргэлжилсэн урт цаг хугацаа дундаа олон хар цэгүүдтэй болсон учир билээ. Хүү нь автын ослоор өөд болж, эхнэр нь болоод хэвлэлийн газрынх нь захирал ч таалал төгсжээ.

Үүнээс гадна “Over the River and into the Trees” романыг нь утга зохиол судлаачид хурцаар шүүмжилж цаашид Хемингуэйгээс сайн зохиол хүлээх боломжгүй мэтээр бичиж байв. Харин пергамент цаасны өмнө хэдэн цагаар согтууран сууж байхдаа үргэлжлүүлэн амьдрах цорын ганц зам нь бичих гэдгийг сэхээрчээ.

“Өвгөн тэнгис хоёр” тууж бол зохиолчийн эрүүл саруул оюун ухаанаа хамгаалах туйлын тэмцлээс эхтэй бүтээл юм.

ГАНЦААРДАЛД ҮЛДСЭН ДҮР

Эл зохиолыг гол шугам үргэлж тэнцвэртэй хоёр туйлд хуваагдана. Загас барих чадал тэнхээтэй, хүсэл зоригт нь буурал суугаагүй жаалхүү. Нөгөө талд наян дөрвөн хоногийн турш нэг ч загас барьж чадаагүй, тосгоныхны доог болсон өтөл буурай Сантьяго өвгөн. Тууж чухамдаа ихэнх судлаачдын үздэг шиг хэзээд үл мухардах итгэл найдвар, ганцаардлын эцэсгүй тэнгисийн тухай төдийхөн биш болов уу. Мэдээж зохиолын хэдэн ч янзаар тайлбарлаж болох авч хамгийн гол нь хүн, байгаль хоорондын тэмцлийн талаар өгүүлнэ.

Сантьяго бол ганцаардал дунд үлдсэн дүр. Үүнийг Хемингуэйн өөрийнх нь амьдрал, зохиол бичих үеийн сэтгэлзүйтэй харгалдуулах нь бий. Гэвч зохиолч дүрээ босгохдоо зүгээр нэг ядарсан өвгөнийг бус нийт хүн төрөлхтнийг төлөөлүүлсэн нь унших бүрийд улам тодорхой болж ирнэ.

Цаг хугацааны эрхээр нас явж, бие махбод доройтож, хүч чадлыг мөнхийн хүлээс юу ч үлдээлгүй сорж орхих боловч төрөлхөөс өгөгдсөн мөн чанарыг арилгаж дийлэхгүй аж. Үүнийг байгальтай буюу аварга том загастай хийж буй Сантьяго өвгөний дүр харуулдаг. Түүний зөрүүд ч юм шиг, хэзээд бууж өгөхгүй гэдэгтээ итгэх хүч нь сул дорой бие махбодис гадуур агаад ганцхан хүнийг бус бүхий л хүмүүсийн дотор нуугдаж байгаа жинхэнэ мөн чанарыг илэрхийлнэ.

Эшлэл: “Элдэв юм бодох хэрэггүй. Салхи уруудаад хөв. Зовлонгоо тос! гэж өвгөн өөртөө хатамжлан шивнэв”.

АМЬДРАЛ БОЛ ТЭМЦЭЛ

Херберт Уэлссийн “Цаг хугацааны машин” зохиолд нэгэн гайхалтай санаа байдаг. Хүн хөдөлмөр эрхлэх шаардлагагүй болсноор илүү жижигхэн болж хувирчээ. Нөгөөтээгүүр энд үзэн ядалт, өширхөл, бусдыг хуурах, хулгай хийх зэрэг анги давхарга хоорондын ялгарал, хүн төрөлхтний муу үйлийн элтэс ч үгүй. Тиймээс тэдэнд амьдралын идэвхи байхгүй. Харанхуйгаас гарч ирэх Морлокоос айж, өдөр нь тоглож, жимс идэхээс өөр зүйл хийхгүй.

Тэгэхээр хүнийг бий болгож, амьдруулж байдаг зүйл нь оршихуйгаа батлан харуулах тэмцэл гэгчээс эхтэй болов уу гэж санана. Сантьяаго өвгөний дүрийн цаана нуугдаж буй гол санаа, аварга том загас барина гэх итгэл найдвар, тасарч өгөхгүй байгаа итгэлийн утас өөрөө ийм л жинхэнэ дүр төрхтэй. Тэгэхээр амьдралын цаг хугацаа хүний үргэлжийн тэмцлээс хамаарч байна. Бид тэмцэж, шинийг сэтгэж, хийж бүтээж, хөдөлмөрлөхгүй аваас тэнд төгсгөл ирнэ.

Тиймээс ч өвгөний дотоод ертөнцөд хэзээ ч бөхдөггүй нэг зүйл бий нь тэмцэх хүсэл. Энэ хүслийг ойлгохгүйгээр Сантьягогийн тухай ярина гэдэг боломжгүй биз. Тэрээр далайд гарахдаа зөвхөн загас барих гэж бус харин оршихуйнхаа үнэ цэнийг дахин батлах гэж оролддог.

Сантьягогийн тэмцэл бол бодит амьдралын өлсгөлөн, ядуурлын эсрэг биш харин өөрийнхөө сул дорой, цаг хугацааны цаанаас айсуй үхлийн эсрэг хийж буй тулаан юм. Хемингуэй энэ дүрээр дамжуулан хүний жинхэнэ үнэ цэн нь өөрийн оршин тогтнохтой салшгүй холбоотойг нээжээ.

Эшлэл: “Өвгөн ер бусын загасчин гэдгээ мянга дахин нотолсон. Гэвч тэр одоо ямар хамаатай юм бэ. Тийм хүн мөн л юм бол одоо дахиад л батлан харуулах хэрэгтэй болж”.

ХАМГИЙН ТОМ БААТАР

Туужийн хамгийн том баатар нь магадгүй далай. Хязгааргүй уудам, хэмжээлшгүй хүчирхэг, аймшиг ба үзэсгэлэнг зэрэг тээсэн энэ орон зай Сантьягогийн дотоод ухамсрын дүр юм. Тиймдээ ч өвгөн “Тэнгисийг агуу их өглөг хишиг хүртээхдээ хүртээдэг, буруу зөрүүг хийвэл харахаа больдог бүсгүй хүнтэй зүйрлэн бодож явдаг хүн” хэмээдэг. Харин өвгөн, загас хоёрын тэмцэлдэж буй их далайн давалгааг бодит байгалийн дүрслэл гэж хүлээн авах боломжтой ч үнэндээ хүний сэтгэл доторхи эргэлзээ, айдсыг мөнөөх давалгаанууд илтгэдэг.

Харин аварга марлин загас бол хүний мөрөөдлийн бэлгэдэл. Зарим талаараа Херман Мелвиллийн “Моби Дик”-ийг эрхгүй санагдуулна. Гэхдээ аль аль нь зөвхөн нэг л зүйлийн тод томруун бэлгэдэл гэж үзвэл жаахан эрсдэлтэй.

Загасыг барих гэсэн оролдлого нь амьдралын турш хөөцөлдөх мөрөөдлөө гүйцээх гэсэн хүний хүсэл тачаалтай холбоотой шиг сэтгэгддэг. Гэвч мөрөөдөл нэгэнт бодит байдалд шингэх мөчид акулууд гарч ирээд аварга загасны махыг идэж орхидог. Эдгээр  нь цаг хугацаа, зовлон, амьдралын зайлшгүй гашуун үнэнүүдийн бэлгэдэл болов уу.

Эцэст нь өвгөн аварга загасны сэрийсэн ясыг л тосгонд авчирдаг. Гаднаас нь харахад бол үнэн хэрэгтээ ялагдал амсжээ. Харин туужийг уншсан хэнд ч болов энэ бол ялалт. Учир нь үнэнч шударгаар тэмцсэн тэр агшин, өөрийнхөө сул доройг давсан мөч бол хүний амьдралын жинхэнэ утга учир юм.

Эшлэл: “Тэд тэнгисийг зүгээр л нэг их орон зай, өрсөлдөгч, тэр ч бүү хэл дайсан мэтээр ярих нь бий. Харин өвгөн болохоор тэнгисийг агуу их өглөг хишиг хүртээхдээ хүртээдэг, буруу зөрүүг хийвэл харахаа больдог бүсгүй хүнтэй зүйрлэн бодож явдаг хүн”.

ТӨГСГӨЛД ҮЛДСЭН МӨРӨӨДӨЛ

Хемингуэй дайны баатар, эр зоригийн бэлгэ тэмдэг мэт харагддаг байсан ч дотоод сэтгэлдээ тун эмзэг хүн нэгэн байлаа. Дайны дурсамж, амьдралын шарх сорви, архины хэт хэрэглээ, сэтгэл гутрал нь түүнийг идэж байв. Харин “Өвгөн тэнгис хоёр” бол тэрхүү харанхуйг сөрөх оролдлого, амьдрах сүүлчийн оролдлого нь болж өгсөн тухайд ихэнх уншигчид хүлээн зөвшөөрдөг.

Уг туужаар дамжуулан Хемингуэй өөрийн доторх ялагдашгүй хүнийг бүтээжээ. Тэр хүн бол Сантьяго. Тиймдээ ч зохиолч Нобелийн шагнал хүртэхэд хүмүүс “Жинхэнэ эзэн нь Хемингуэй биш, харин Сантьяго” гэсэн удаатай.

Зохиолын төгсгөлд өвгөн хүн бэрх зам туулж ихэд ядарч, сульдсан учир бөх нойронд авттдаг. Тэгэхдээ арслан зүүдэлнэ. Энэ бол түүний хүүхэд насны дурсамж, цэвэр ариун эхлэл рүүгээ буцаж буй тэмдэг. Үхэл ирж байлаа ч мөрөөдөл үгүй болдоггүй. Тиймээс зохиолын төгсгөл гашуун, өрөвдөлтэй бус хачин намуухан гэрэлтэй. Тэр гэрлийн мөн жаалхүү авчирна. Хүү өвгөнтэй цуг загасанд явж, ахуйгаас нь илүү үнэ цэнтэй зүйлийн төлөө хамтдаа тэмцэхээр зориг шулууддаг шүү дээ.

Хемингуэй өөрийн хамгийн гүн шаналлыг энэ туужид шингээсэн бөгөөд Сантьягогийн тэмцэл нь бидний дотор орших тэсвэр тэвчээр, мөрөөдлийн илэрхийлэл болж үлджээ.

Уг туужийг уншсан хүн өөрийн “далай”-г, өөрийн “аварга загас”-ыг, мөн тэдгээрийг мэрж идэх “махчин загас”-аа олж хардаг. Тиймээс энэ бүтээл зөвхөн нэг зохиолчийн намтрын төгсгөлд бичигдсэн хуудас бус хүн төрөлхтний оршихуйд үлдсэн мөнхийн гэрэл юм.

Эшлэл: “Хүн ялагдахын төлөө төрдөггүй. Биеийг хөнөөж болно, харин хүсэл зоригийг ялж чадахгүй гэж өвгөн хэлэв”.

Б.Алтанхуяг