
ОХУ-ын Ерөнхийлөгч урт хугацааны энхийн гэрээ байгуулагдвал Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй гуравдагч улсад уулзахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Владимир Путин бямба гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ Украинд явуулж буй цэргийн ажиллагаа нь “төгсгөлдөө ойртож байна” гэж үзэж буйгаа хэлжээ. Энэхүү мэдэгдэл нь Орос, Украин хоёр гурван өдрийн гал зогсоох хэлэлцээр хэрэгжүүлж эхэлсэн, мөн 1000 хоригдол солилцохоор тохиролцсон үед гарсан нь дипломат ахиц дахин гарах болов уу гэсэн найдвар төрүүлээд байна.
Парадын үеэр Путин Украинд тулалдаж буй Оросын цэргүүдийг магтан сайшааж, тэдний ажиллагааг НАТО-гийн бүхэл бүтэн эвслийн зэвсэглэж, дэмжиж буй түрэмгий хүчний эсрэг явуулж буй “шударга үйл хэрэг” хэмээн тодорхойлсон байна. “Ялалт үргэлж биднийх байсан, цаашид ч биднийх байх болно” гэж тэрээр Улаан талбайд жагссан цэргүүдийн өмнө хэлжээ.
Үүний дараа сэтгүүлчидтэй уулзахдаа Путин дайны бурууг барууны глобалист элитүүдэд тохож, 1989 онд Берлины ханыг нураасны дараа НАТО зүүн тийш тэлэхгүй гэж амласан атлаа дараа нь Украиныг Европын холбооны нөлөөллийн хүрээнд татахыг оролдсон гэж мэдэгдсэн юм. Мөн цааш нь “Энэ асуудал төгсгөлдөө ойртож байна гэж би бодож байна” гэжээ.
ОХУ-ын хувьд Ялалтын баяр нь Зөвлөлт Холбоот Улс Дэлхийн II дайнд Нацист Германыг ялсныг дурсаж, уг дайнд амь үрэгдсэн 27 сая зөвлөлт иргэнийг хүндэтгэдэх өдөр байдаг.
Энэ жилийн парад өмнөх жилүүдээс илүү даруухан болж танк, пуужингийн системүүд Улаан талбайгаар явахын оронд цэргийн техник хэрэгслийн дүрсийг аварга дэлгэцээр үзүүлжээ.
Мөн бямба гаргийн парадад анх удаа Умард Солонгосын цэргүүд оролцсон байна. Энэ нь Пёньян Москвагийн талд тулалдахаар цэрэг илгээж, Оросын Курск муж дахь Украины довтолгоог няцаахад оролцсонд талархсан үйлдэл гэж үзэж байна.
ОХУ баасан болон бямба гарагт Ялалтын баярт зориулан нэг талын гал зогсоох дэглэм зарласан бол Володимир Зеленськийтэй тавдугаар сарын 6-наас эхлэх ёстой эвлэрлийг зарласан ч аль аль нь хэрэгжээгүй бөгөөд үргэлжилсэн халдлагын бурууг хоёр тал бие бие рүүгээ тохжээ.
Баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Орос болон Украин түүний хүсэлтийг хүлээн авч бямба гаргаас даваа гараг хүртэл гал зогсоож, хоригдол солилцохоор болсон гэж мэдэгдсэний дараа Ялалтын баярын аюулгүй байдлын талаарх болгоомжлол бага зэрэг намдсан. “Энэ гал зогсоох хэлэлцээр нь бүх байлдааны ажиллагааг түр зогсоохоос гадна хоёр улсын тус бүр 1000 хоригдол солилцох ажиллагааг багтаасан” гэж Трамп баасан гарагт өөрийн Truth Social хуудсанд бичжээ.
Үүний дараа Володимир Зеленський Трампын мэдэгдлийн хариуд Орост Ялалтын баяраа тэмдэглэхийг “зөвшөөрсөн” мэт ёжилсон зарлиг гаргаж, Улаан талбайг Украины цохилтоос түр хугацаанд ангид бүс гэж зарласан байна. Кремль энэ мэдэгдлийг “тэнэг хошигнол” хэмээн няцаажээ.
Зеленський өмнө нь Путинтэй энхийн хэлэлцээр хийх уулзалт санал болгож байсан ч Москва руу ирэхийг санал болгосныг нь үгүйсгэсэн. Харин Путин бямба гарагт сэтгүүлчдэд гуравдагч улсад уулзаж болох ч зөвхөн иж бүрэн гэрээ бэлэн болсон тохиолдолд гэж хэлжээ. “Гуравдагч улсад уулзах боломж бий. Гэхдээ зөвхөн урт хугацааны түүхэн ирээдүйг харсан энхийн гэрээ эцэслэн байгуулагдсаны дараа” гэж Путин хэлжээ. “Энэ нь эцсийн тохиролцоо байх ёстой, хэлэлцээ биш” гэдгийг ч нэмж хэлсэн байна.
1999 оны оноос хойш төрийн эрхийг барьж буй Путин Украины дайны улмаас Москва хотод үүсээд буй түгшүүртэй нөхцөлтэй нүүр тулж байна. Энэхүү дайн нь хэдэн зуун мянган хүний аминд хүрч, Украины өргөн уудам нутгийг сүйрүүлэн, Оросын 3 их наяд ам.долларын эдийн засагт хүнд дарамт болсон юм.
Оросын цэргүүд Украинд дөрвөн жил гаруй хугацаанд тулалдаж байна. Энэ нь Орос улсад “Аугаа эх орны дайн” гэж нэрлэдэг 1941–1945 оны Дэлхийн II дайнд Зөвлөлтийн цэргүүд тулалдсан хугацаанаас ч урт.
Бямба гарагт сэтгүүлчид Путинээс европчуудтай яриа хэлэлцээ хийхэд бэлэн эсэхийг асуухад тэрээр Германы канцлер асан Герхард Шрёдерийг илүүд үзэж байгаагаа хэлжээ.
“Хувь хүний хувьд Германы Холбооны Бүгд Найрамдах Улсын өмнөх канцлер Шрёдер надад илүү тохиромжтой хүн” гэж Путин мэдэгдсэн байна.