
Малын индексжүүлсэн даатгалын тохиолдлыг тодорхойлох, эрсдэлийг хуваарилах зорилгоор 2026-2028 онд мөрдөх Малын индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлтийг Засгийн газрын хуралдаанаар шинэчлэн тогтоолоо.
Даатгалын босго үзүүлэлтийг тогтоохдоо том малын хорогдлын статистик мэдээлэлд актуар тооцоолол хийж, тухайн босго үзүүлэлтийг давах магадлалыг тооцон, гурван жил тутамд шинэчлэн тогтоодог.
Засгийн газар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулан батлуулсан. Тус өөрчлөлтөөр даатгалын нэгдүгээр босго үзүүлэлт зургаан хувь байсныг тав хувь болгож бууруулсан. Хуульд заасан босгын шаардлага буурсантай холбогдуулан Засгийн газраас өмнө тогтоосон хувийг өөрчлөн тогтоох шаардлага үүссэн бөгөөд актуар тооцооллын дагуу шинэчилж баталлаа.
Малчдын амьдралын баталгаа болсон мал сүргийг зуд болон бусад гэнэтийн эрсдэлээс хамгаалах зорилгоор Засгийн газар Дэлхийн банктай хамтран Малын индексжүүлсэн даатгал төслийг 2005-2014 онд амжилттай хэрэгжүүлж, УИХ-аас Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг 2014 онд баталсан. Тус хуулиар малын индексжүүлсэн даатгалын болон дотоодын давхар даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, индексжүүлсэн даатгалын эрсдэлийг хуваарилах, нөхөн төлбөр олгох, даатгуулагч малчны эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулж ирсэн бөгөөд даатгалын үйл ажиллагааг улсын хэмжээнд “Үндэсний давхар даатгал” ХК хариуцан ажиллаж байна.