
Вашингтон, Техран хоёр АНУ-Израилийн Ираны эсрэг дайныг зогсоох, Ормузын хоолойг дахин нээх тохиролцоонд хүрснээ зарласны дараа Ази, Номхон далайн бүс нутгийн хөрөнгийн зах зээлд хүчтэй өсөлт гарлаа.
Японы Nikkei 225 индекс өнөөдөр өглөөний арилжаагаар 5.5 хувиар өссөн бол Өмнөд Солонгосын Kospi индекс 5.7 хувиар өсжээ. Тайванийн Taiex индекс 2.7 хувь хүртэл өссөн бол Австралийн ASX200 индекс ойролцоогоор 1.5 хувиар нэмэгдсэн байна.
Хонконгийн Hang Seng индекс эхэндээ ойролцоогоор 1 хувиар өссөн ч өдөр өсөлтийнхөө ихэнх хэсгийг алджээ.
Ази төдийгүй АНУ-ын хөрөнгийн зах зээлийн фьючерсүүд мөн өссөн бөгөөд S&P 500 индекстэй холбоотой фьючерс 1 хувь, технологийн салбарт төвлөрсөн Nasdaq Composite индекстэй холбоотой фьючерс 1.8 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Дэлхийн газрын тосны гол жишиг Брент төрлийн нефтийн үнэ 4.5 орчим хувиар буурч, нэг баррель нь 83.40 ам.доллар болов.
ANZ банкны Азийн судалгааны албаны дарга Хун Го Аль Жазирад өгсөн ярилцлагадаа “Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Ерөнхийлөгч Трамп хэлэлцээр ойртож байгаа талаар мэдэгдсэний дараа зах зээлүүд аль хэдийн хариу үзүүлж эхэлсэн байсан. Харин тохиролцоог албан ёсоор баталгаажуулсан нь өсөлтийг улам эрчимжүүллээ” гэжээ.
Тэрээр цааш нь “Газрын тосны үнэ буурсан нь инфляцын төлөвт санаа зовниж байсан дэлхийн төв банкуудад тодорхой хэмжээний тайвшрал авчирна. Одоо анхаарал энэ долоо хоногт хүүгийн түвшний талаар шийдвэр гаргах АНУ-ын Холбооны нөөцийн систем рүү шилжиж байна” гэж хэлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ гал зогсоох хэлэлцээр байгуулагдсан тухай зарлаж, Ормузын хоолойг төлбөргүйгээр дахин нээх болон Ираны боомтуудад тавьсан АНУ-ын тэнгисийн бүслэлтийг нэн даруй цуцлахыг зөвшөөрснөө мэдэгджээ.
Тэрээр Truth Social хуудсандаа “Дэлхийн бүх хөлөг онгоц хөдөлгүүрээ асаагтун. Газрын тос урсаг” гэж бичсэн байна.
Үүний дараа Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөл болон Гадаад хэргийн дэд сайд Казем Гарибабади хоёр тал тохиролцоонд хүрснийг баталгаажуулжээ.
Хэлэлцээрийг байгуулахад зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф албан ёсны гарын үсэг зурах ёслол баасан гарагт Швейцарт болно гэж мэдэгдсэн байна.
Хэлэлцээрийн нарийвчилсан агуулгыг албан ёсоор баталгаажуулаагүй байгаа боловч Ираны Mehr агентлагийн мэдээлснээр
Хэрэв тохиролцоо амжилттай хэрэгжвэл Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээвэр хэвийн байдалдаа эргэн орох боломж бүрдэх юм.
Ираны сүрдүүлэг, довтолгоо болон АНУ-ын тэнгисийн бүслэлтийн улмаас бараг дөрвөн сарын турш энэ усан зам үндсэндээ хаалттай байсан нь дэлхийн эрчим хүчний зах зээлд хүчтэй савлагаа үүсгээд байв.
Олон улсын Эрчим хүчний агентлагийн тооцоогоор хоолой хаагдсанаар өдөрт ойролцоогоор 14 сая баррель газрын тосны нийлүүлэлтийн дутагдал үүсэж, дэлхий даяар эрчим хүчний үнийг өсгөж, олон улсад түлшний хомсдол бий болгожээ.
Гэхдээ тохиролцоо байгуулсан ч дэлхийн эрчим хүчний урсгал бүрэн хэвийн болох хүртэл хэдэн сар шаардагдана гэж үзэж байна. Учир нь Персийн буланд бөөгнөрсөн олон хөлөг онгоцны саатлыг арилгах болон Ираны тэнгисйн усанд тавьсан байж болзошгүй тэсрэх бөмбөгүүдийн асуудал шийдэгдэх ёстой.
Өнгөрсөн долоо хоногт Вашингтон хотод болсон эрчим хүчний форумын үеэр АНУ-ын Эрчим хүчний сайд Крис Райт “Эрчим хүчний нийлүүлэлт бүрэн хэвийн байдалдаа ороход олон сар шаардлагатай байж магадгүй” гэж мэдэгджээ.
Норвегийн Далайн тээврийн эзэмшигчдийн Дайны эрсдэлийн даатгалын холбооны гүйцэтгэх захирал Свейн Рингбаккен мянга мянган хөлөг онгоц усан замын ойролцоо гацсан хэвээр байгааг онцолсон байна.
Тэрээр “Бүрэн хүчин чадлаар ажилласан ч хэвийн байдалд оруулахад хэдэн сар шаардлагатай. Олон бүтээгдэхүүний үйлдвэрлэл агуулахын багтаамж дутагдсанаас болж зогссон. Үүн дээр үйлдвэрлэлийн байгууламж болон боомтын дэд бүтцэд учирсан хохирлыг нэмэх хэрэгтэй” гэжээ.
Мөн “Энэ бүхэн хоолой нээгдсэн ч үр ашиггүй байдал үүсгэнэ. Хэрэв тэсрэх бөмбөг тавьсан бол бүрэн хүчин чадлаар хөдөлгөөн сэргэхийн өмнө мина цэвэрлэх ажиллагаа шаардлагатай болно. Энэ нь хэдэн сар үргэлжилж магадгүй” гэж нэмж хэлсэн байна.
АНУ-д төвтэй Safesea Group тээврийн компанийн тэргүүн С.В. Анчан хэлэлцээрийн талаар хангалттай мэдээлэл байхгүй тул өөдрөг үзэлтэй байхад хэцүү гэж үзэж байгаа аж.