
Үндэсний их баяр наадмаар найм даван үзүүрлэсэн Н.Өсөхбаяраас допингийн төрлийн бодис илэрсэн тул Ерөнхийлөгчийн зарлигаар улсын гарди цолыг нь хураагаад байсан билээ. Харин тэрээр уг асуудлаар Монголын Олон Улсын ба Үндэсний Спортын Арбитрын Дэргэдэх Допингийн давж заалдах комисст хандсан юм.
Хоёронтаа хойшилсэн арбитрын хурал өчигдөр үдэш шийдвэрээ танилцуулж допингийн шинжилгээ авахдаа процессын болон тээвэрлэлтийн алдаа гаргасан гэж үзлээ. Өөрөөр хэлбэл Н.Өсөхбаяраас допингийн шинжилгээ авахдаа Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага олон улсын жишгээс илт гажсан болохыг тодотгосон юм. Ингэснээр Н.Өсөхбаяр улсын гарьд цолоо сэргээх, үргэлжлүүлэн барилдах нөхцөл үүсэж буй. Гэхдээ нэхэмжлэгч буюу Үндэсний баяр наадмын зохион байгуулах комиссоос давж заалдах эрх бүрэн нээлттэй аж.