
Афганистаны баруун хэсэгт байрлах Херат мужийн Энжил дүүрэгт зугаалж байсан иргэд рүү зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амь үрэгдэж, шархадсан талаар албаныхан мэдээллээ.
Баасан гарагт болсон уг халдлагын хохирлын тоог янз бүрээр мэдээлж байна. Талибаны Дотоод хэргийн яамны төлөөлөгчийн мэдээлснээр долоон хүн амиа алдсан бол орон нутгийн албан тушаалтан дөрвөн хүн нас барсан гэж мэдэгджээ.
Харин нутгийн эмчийн хэлснээр хохирол илүү өндөр байж болзошгүй бөгөөд 12 хүн амь үрэгдэж, 12 хүн шархадсан гэж мэдээлсэн байна.
Албаныхны мэдээлснээр мотоцикл унасан “зэвсэгт этгээдүүд” Дэх Мехри тосгоны ойролцоо гал нээсэн байна. Энэ газар нь баасан гарагт хүмүүс олноор цуглардаг амралт, зугаалгын бүс ажээ.
Эмнэлгийн эх сурвалжийн хэлснээр хохирогчид нь голдуу Хазара үндэстний, шийт шашинт мусульманчууд гэнэ. Тэд тухайн бүсэд байрлах бунхан руу зугаалахаар очсон байжээ.
Херат муж дахь Талибаны мэдээлэл, соёлын газрын дарга Ахмадулла Муттачи халдлага орон нутгийн цагаар 15:00 цагийн орчимд болсон гэж мэдэгдсэн. Тэрээр дөрвөн хүний цогцос болон 15 шархадсан хүнийг эмнэлэгт хүргэсэн гэж хэлсэн байна.
Мөн аюулгүй байдлын хүчнийхэн нэг сэжигтнийг баривчилсан талаар мэдээлжээ. Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Абдул Матийн Кани урьдчилсан мэдээллээр долоон хүн нас барж, 13 хүн шархадсан бөгөөд зарим нь хүнд байдалтай байгаа гэж мэдэгдэв.
Одоогоор уг халдлагын хариуцлагыг ямар нэг бүлэглэл хүлээгээгүй байна. Шийт шашинт, ялангуяа Хазара үндэстний хүмүүс нь Афганистаны цөөнх бөгөөд өмнө нь олон удаа халдлагад өртөж байсан юм.