
Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн амралтын өдрөөр Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллалаа. Энэ хүрээнд Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцсан байна.
2004 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй тус бүсэд 104 аж ахуйн нэгж бүртгэлтэй ч ердөө 15 нь үйл ажиллагаа идэвхтэй явуулж байна. Чөлөөт бүсэд өдөрт дунджаар 400 гаруй хүн, 600 гаруй тээврийн хэрэгсэл зорчиж байгаа юм байна. 2025 онд 3.6 сая ам.долларын борлуулалт хийжээ.
2011-2017 онд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр дулааны станц, бохир ус цэвэршүүлэх байгууламж, тэдгээрийн шугам сүлжээ зэрэг дөрвөн багц бүтээн байгуулалт хийжээ. Гэвч уг бүтээн байгуулалтын туршилт, тохируулгыг хэн, хэзээ хийх нь тодорхойгүй байгаа учраас ашиглаж чадалгүй 9 жилийн нүүрийг үзэж байгаа талаар чөлөөт бүсийн удирдлагууд танилцуулав.
Хэрэв суурилагдсан дэд бүтцээ ашиглавал зардал хэмнэх, иргэд, аж ахуйн нэгжүүд тохилог таатай орчинд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөт бүсийн үйл ажиллагаа хангалтгүй байгаад дүгнэлт хийж, олон улсын туршлага, бүс нутгийн онцлог, давуу талд нийцүүлсэн стратеги, төлөвлөлт хийхийг тус бүсийн удирдлагад үүрэг болгов.
2023 онд авто замын боомтын цогцолбор ашиглалтад орсноор нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгдсэн байна. Цогцолбор ашиглалтад орохоос өмнө өдөрт 6000-8000 зорчигч нэвтэрдэг байсан бол өдгөө 8-12 мянган зорчигч зорчиж байгаа юм байна.
Цахим шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн оны 5 дугаар сараас цахим гарцтай болжээ. Ингэснээр өдөрт 450 орчим хүн цахим гарцаар нэвтэрч, тэр хэрээр нэг шалгагчид ногдох ачаалал буурсан байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар "Хил, гаалийн ажилтнуудыг тогтмол сэлгэж ажиллуулах бодлого баримтална. Жишээ нь Замын Үүдийн ачаа тээврийн хэсгийн рентгэн дээр тавхан хүн ээлжилж ажиллаж буй нь тун хангалтгүй. Дор хаяж 15-20 хүн бэлтгэж, сэлгэж ажиллуулах шаардлагатай" гэв.
Монгол Улсын ачаа эргэлтийн 70 гаруй хувь нь Замын-Үүд боомтоор дамжин өнгөрдөг. Жилээс жилд суурьшил нэмэгдэж, барилгажилт ч эрчимтэй өрнөж буй. Тиймээс худалдаа, тээвэр ложистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлэх шаардлага үүссэн ч ажил удаашралтай байгааг Ерөнхий сайд анхааралдаа авч буйгаа илэрхийлэв.
Тиймээс Замын Үүд сумын удирдлагуудад ирэх зургаадугаар сарын 01-ний дотор хотын статус авах бэлтгэл ажлыг бүрэн хангаж дуусах хугацаатай үүрэг өглөө. Замын-Үүд суманд асар их боломж бий. Гэвч замбараагүй, эмх цэгцгүй байдлаас болж боломжоо ашиглаж чадахгүй байна. Цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж, үүднээсээ эмх цэгцийг бий болгож, хөгжлийг түргэтгэнэ гэв.
Замын-Үүд сум 25 мянга орчим иргэнтэй. Үүнээс 5000-8000 нь түр оршин суугч юм байна. Замын-Үүд сум нь төсвөөс татаас авдаггүй харин эсрэгээрээ орлого төвлөрүүлдэг. Өнгөрсөн онд аймгийн төсөвт 18.7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
Замын Үүд сумынханы хувьд газрын асуудал тулгамдсан асуудлын нэг болжээ. Тус суманд газар өмчлөл хаалттай байна гэж иргэд шүүмжиллээ. Эзэмших хэлбэрээр газрын зөвшөөрөл гаргуулья гэсэн ч хүртээмжгүй байгааг хэлэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар газартай холбоотой иргэдийн санал хүсэлтийг үндэслэж, Замын Үүд сумын хэмжээнд газар олголтыг шалгуулахаар АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар шийдэв. Ажлын хэсгийг ирэх 7 хоногт Замын Үүдэд ажиллуулахаар боллоо.