
“Өнөөгийн Францад цэрэгт элсэгчдийн 20 хувь нь бүрэн бичиг үсэггүй, офицеруудын бичгээр өгсөн тушаалыг ойлгодоггүй гэжээ. Ийм хүмүүс байлдааны хошуут пуужингаа буруу зүгт чиглүүлж ч мэднэ. Ийм хувь тавилан биднээс хол өнгөрөөсэй!” гэж Оросын математикч Владимир Арнольд нэгэн эсээндээ бичжээ.
“Новый обскурантизм и российское просвещение” хэмээх уг эсээ нь боловсролын үнэ цэн хийгээд боловсролын салбартаа аль нэг улсын (өөрийнх нь авсан жишээгээр бол АНУ-ын боловсролын тогтолцоог хуулсан реформ) жишээг хуулах нь алс ирээдүйдээ ямар хор уршигтай талаар сэнхрүүлэхийг хичээсэн агуулгатай. Чанартай, сайн боловсрол эзэмшсэн хүнийг хэвлэл мэдээлэл, PR зэргээр удирдаж тархийг нь угаах боломжгүй. Харин эсрэгээрээ эдийн засаг, улс төрийн зарим нөхцөлд олон нийтийн боловсролын түвшин доогуур байх нь асар их боломж олгодог гэх санааг илэрхийлжээ. Бичиг үсэг тайлагдах нэг хэрэг, аливаа зүйлсийн учрыг олж, хужрыг нь тунгаах хэмжээний боловсрол эзэмших нь тэс өөр хэрэг аж.
“Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан 2025”-д 69 улсыг хамруулснаас Монгол 65 дугаарт эрэмбэлэгдсэн. Өнгөрсөн жилийн уг тайланд манай хойно Нигер, Намиби, Венесуэл зэрэг улс оржээ. 2018 оноос манай улсын ерөнхий оноо жил тутам тодорхой хэмжээнд буурсаар Ази, Номхон далайн бүс нутгийн 14 улстай харьцуулахад хамгийн сүүлд буюу 14 дүгээрт эрэмбэлэгдэж байгаа бол 20 саяас доош хүн амтай 37 улстай харьцуулахад 36-д буюу зөвхөн Намиби улсын дээр эрэмбэлэгдэж буй. Улсын эрэмбээсээ дотогш шилжвэл монгол хүүхдүүдийн мэдлэг 38 улсын хүүхдүүдээс 2-5 жилээр боловсролын хоцрогдолтой, унших чадвараар олон улсын дунджаас таван жил, Азийн орнуудын дунджаас 2.5 жилээр хоцрогдолтой гарсан. Олон улсын тайлангуудад Монгол Улсыг бичиг үсэг тайлагдалт, сургуульд хамрагдах байдал, дээд боловсрол эзэмшигчдийн хувьд боловсролын түвшин муу биш ч гэлээ эдийн засгийн бүтээмж, инновац руу хангалттай хөрвөдөггүй улс хэмээн тодорхойлдог.
Эрик Ханушек, Лудгер Воссман нар эдийн засгийн урт хугацааны өсөлтөд боловсролын чанар хэрхэн нөлөөлдөг талаар хамтран суурь судалгаануудыг хийснээрээ алдаршсан. Тэдний судалгаагаар PISA/TIMSS оноо 50 нэгжээр өсөхөд урт хугацааны эдийн засгийн өсөлт нэг орчим хувиар нэмэгдэж, энэ нь боловсролын чанар нь макро эдийн засгийн өсөлттэй шууд холбоотойг тодорхойлсон байдаг. Монгол хүүхдүүдийн PISA оноог хараад бид ирэх 10, 20 жил хэр хол явж чадахаа тодорхойлж болно гэсэн үг.
Улс төр, эдийн засгийн өөрчлөлтөд хувь иргэдийн боловсрол хэрхэн нөлөөлдгийг судалсан маш олон судалгаа бий. Боловсролын түвшин нь хүмүүсийн хэрэглээний зан төлөв, сонголт хийх арга, мэдээлэл боловсруулах чадвар, брэндийн үнэлгээ, санхүүгийн шийдвэр, тэр ч байтугай улс төрийн болон медиа хэрэглээнд ч хүчтэй нөлөөлдөг гэдгийг олон улсын эдийн засаг, социологи, хэрэглээний эдийн засаг, маркетингийн судалгаанууд тогтоосон.
Mass Consumption Theory буюу олон нийтийн хэрэглээний онол нь өргөн хүрээний бараа, үйлчилгээний хэрэглээ эдийн засгийн өсөлтийг хэрхэн дэмждэг, мөн хүмүүсийн нийгмийн үнэлэмж, өөрийн үнэмлэхүй дүр төрхийг хэрхэн бүрдүүлдэг болохыг судалдаг. Боловсрол нэг талаасаа хэрэглээг өдөөх, нөгөө талаасаа хэрэглээг хязгаарлах хүчин зүйл болдог. Эдийн засгийн онолууд боловсрол болон хэрэглээний зан төлөвийн хооронд нарийн төвөгтэй холбоо байдгийг харуулдаг. Тодруулбал, боловсролын түвшин бага байх нь хэрэглээг нэмэгдүүлдэг, масс үйлдвэрлэлийг дэмжих нэг арга болдог бол эсрэгээрээ боловсролын түвшин нэмэгдэхийн хэрээр хэрэглээ нь илүү ухаалаг болдог байна. Нийгэм судлаачдын үзэж байгаагаар уламжлалт боловсролын тогтолцоо нь зөвхөн мэдлэг олгох бус, мөн масс үйлдвэрлэл ба масс хэрэглээний системийг дэмжих үүрэг гүйцэтгэж ирсэн гэсэн шүүмжлэл дагуулдаг. Энэ чиглэлийн судалгаагаар батлагдсан хэд, хэдэн зүйл байдаг. Тодруулбал, боловсрол багатай хүмүүсийн орлого тааруу байдаг. Орлого бага байх тусам орлогынхоо илүү их хувийг хэрэглээнд зарцуулдаг. Үүнийг эдийн засагт ахиу хэрэглээний хандлага (High Marginal Propensity to Consume – MPC) гэж нэрлэдэг. Боловсрол багатай хүмүүсийн санхүүгийн мэдлэг доогуур байна. Санхүүгийн мэдлэг бага байх нь эргээд богино хугацааны хэрэглээг нэмэгдүүлэх хандлага бий болгодог. Бага боловсролтой хүмүүс өнөөдрийн орлогоор хэрэглээгээ тохируулдаг учраас хадгаламжгүй байдаг л гэсэн үг. Хадгалж хуримтлуулдаггүй учраас зээл, лизингийн үйлчилгээг дэмжигч хэрэглэгч болж “хүмүүждэг.” Ингэхээрээ л орлого нь урт хугацааны зээл болдог таагүй гинжин хэлхээнээс салдаггүй байх нь.
Боловсролын түвшнээс шалтгаалсан санхүүгийн ийм таагүй хэв шинж нь цахим сүлжээтэй сүлэлдвэл байдал бүр муудна. Хэвлэл мэдээлэл, медиа орчинд боловсролын түвшин бага, муу тохиолдолд,
-сошиал медиа давамгайлсан мэдээлэлд итгэх,
-зөвхөн гарчиг уншиж дүгнэх,
-сэтгэл хөдлөлөөр өдөөгдсөн мэдээллээ хуваалцах,
-алгоритмаар чиглүүлэгдсэн мэдээллийн нөлөөлөлд автах нь давамгай байдаг аж.
Энэ нөлөөлөл зөвхөн хэрэглээ, сонголтоор хязгаарлагдахгүй. Улс төрийн ойлголт, түүнээс улбаатай улс төрийн нам, хүчин, үзэл санааны дэмжлэг, сонгуульд ч нөлөөлдөг.
Фэйсбүүк “мэдээллийн орчин”-д чухал тоглогч болж хөгжсөн нь санамсаргүй зүйл биш. Уламжлалт мэдээллийн хэрэгслүүдтэй зэрэгцэн хөгжиж, заримдаа бүр илүүрхэж байгаа нөхцөлд, жишээлбэл төрийн байгууллагууд, улстөрчид, нийгэмд нөлөө бүхий олны танил хүмүүс уг платформоор дамжуулан иргэдтэйгээ шууд харилцах оролдлогын хүрээнд энэ платформыг идэвхтэй хөгжүүлдэг. Манай улсын иргэдийн заримынх нь хувьд фэйсбүүк цорын ганц мэдээний эх сурвалж болдог. Энэ платформ байхгүй байсан бол эдгээр хүмүүс өөр мэдээллийн эх сурвалжгүй болох, улмаар улс төрийн мэдлэгийн түвшин нь илүү доогуур байх ч магадлалтай. Энэ утгаараа фэйсбүүк нь мэдээний веб сайт руу орж мэдээлэл хайхаас илүүтэйгээр “news feed” дээр санамсаргүй байдлаар тааралдах контентоор дамжуулан олон нийтийн анхаарлыг татаж, чиглүүлж байна. Бусад эх сурвалж, мэдээллийн хэрэгслүүд энэ харилцаанд ямар үүрэг гүйцэтгэдэг нь тодорхойгүй бол хэнийг юугаар удирдаж болохыг шийдэж, шийдэл олоход амархан байгаа дээр боловсролын түвшнээс хамаарсан мэдээлэлд шүүлтүүртэй хандах асуудал ч давхар хөндөгдөнө. Сошиал медиа нь сонгогчдыг илүү мэдээлэлтэй болгодог ч, тэр мэдээллийг улс төрийн кампанит ажил, стратегийн байдлаар ашигласнаар хүмүүсийн итгэл үнэмшлийг бодит байдлаас хазайлгах эрсдэлтэй гэсэн үг. Алгоритм энэ бүхнийг зохицуулахад хамгийн их нөлөөлж буй. Утас маань намайг сонсоод байна гэж бодох нь би ямар агуулгыг их үзчихэв гэдэг асуултыг өөртөө тавих нь боловсролын түвшинтэй холбоотой гэхэд ч хилсдэхгүй.
XX зууны боловсролын салбарт хамгийн их нөлөө үзүүлсэн хүмүүсийн нэг гэгддэг Бразилийн сурган хүмүүжүүлэгч, философич Пауло Фрейре “Дарлагдагсдын сурган хүмүүжүүлэх ухаан” бүтээлдээ иргэн хэрвээ эдийн засгийн ойлголтгүй бол зах зээлийг ойлгохгүй, эрх зүйн ойлголтгүй бол эрхээ хамгаалахгүй, түүхийн тухай мэдлэг, ойлголтгүй бол төрөө шүүмжлэх суурьгүй болж үр дүнд нь иргэн субъект биш харин дураараа удирдах боломжтой объект болно” гэсэн санааг гаргасан байдаг. Тийм учраас боловсролоор дамжуулан эрх чөлөөнд хүрэх хэрэгтэй гэж үзсэн. Харин чингэхдээ Боловсрол дахь банкны загвар (Banking concept of education)-ыг үгүйсгэсэн. Боловсрол дахь банкны загвар гэгч нь багш бүхнийг мэдэгч, сурагч нь хов хоосон сав мэтээр мэдлэгийг хүлээж авдаг тогтолцоо аж. Товчхондоо багш мэдлэгийг сурагчдаа хадгаламж шигээр толгойд нь хийдэг арга барил юм даа.
OECD-ын орнуудын боловсролын салбар сурагчдад олгосон боловсролынхоо ард “Чи юу хийж чадах вэ? гэсэн асуулт тавьж шалгадаг бол Монголд сурагчдаас “Чи юу цээжилсэн бэ?” гэх шалгалт авдаг гэхэд хилсдэхгүй. Тэгэхээр боловсролын үнэлэмж, үр ашиг өөр чигт зүглэж, реформууд үр дүнгүй хуулбарлалт болж өнгөрдөг.
Эдийн засгийн хувьд-Дунд болон дээд боловсрол эзэмших нь орлогын боломжийг нэмэгдүүлж, ядуурлын шугамаас доош унах эрсдэлийг бууруулж, тогтвортой ажлын байртай болох нөхцөлийг бүрдүүлдэг. Манай улсын хувьд алдагдсан зүйл нь газарзүйн байршлаас шалтгаалан өөр байдаг. Улаанбаатарт ажиллагсдын цалин, хөдөө орон нутагт ажиллагсдын цалингийн өгөөж тэгш бус. Нэмээд салбарын ялгаа их байдаг гэсэн шүүмжлэл дагуулдаг. Уул уурхай, санхүүгийн салбарын цалин, үйлчилгээ, албан бус салбарынх бага. Уг нь онолоор боловсролд зарцуулсан нэг жил орлогыг 7 хувиар нэмэгдүүлдэг байна.
Монголд боловсролын түвшин нь зөвхөн орлого, ажил мэргэжил биш, харин “хэний хүрээлэлд багтах вэ”, “ямар мэдээлэл авах вэ”, “ямар амьдралын хэв маягтай болох вэ” гэдгийг хүчтэй тодорхойлдог болсон. Энэ нь нэг талаараа нийгмийн капитал үүсгэдэг ч нөгөө талдаа нийгмийн давхаргын хуваагдал, бие биеэ ойлгохгүй байхад хүргэснийг харуулсан жишээ олон бий. Тиймээс боловсрол хүртээмжтэй, тэгш байх зарчмыг алдагдуулахгүй байхад анхаарах хэрэгтэй болсон.
Хувь хүний хөгжил, эрүүл мэндээ хамгаалахад-Хийсвэр болон шүүмжлэлт сэтгэлгээ, эрсдэлийг тооцоолох чадвар, насан туршийн суралцах чадварыг нэмэгдүүлдэг. Боловсролтой хүмүүс, нэн ялангуяа эмэгтэйчүүд, охид илүү эрүүл амьдралын сонголт хийдэг. Энэ нь нас баралтын түвшинг бууруулж, илүү хүчирхэг, тэсвэртэй нийгмийг бий болгодог. Ээжийн сонголтоос гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд шалтгаалдаг гэдэг нь ч үүнтэй холбоотой.
Нийгмийн эв нэгдэл, ардчиллыг бэхжүүлэхэд-Боловсрол нь иргэний оролцоог, шүүмжлэлт харилцааны ур чадварыг, мөн бусдыг ойлгох чадварыг хөгжүүлж, илүү шударга, тайван нийгмийг бий болгоход тусалдаг. Авлигатай тэмцэх, тэгш боломж, шударга ёсыг боловсролгүйгээр тогтооход хэцүү гэдэг. Боловсролын түвшин өсөх тусам санал өгөх хувь өсдөг. Энэ нь эргээд улс төрд “оролцож байгаа мэдрэмж”-ийг нэмэгдүүлдэг. Нөгөө талаар “Power Theory” буюу улс төрийн оролцоо, нөөцийн тэгш бус байдал, эрх мэдлийн төвлөрөлтэй холбоотой хэд хэдэн онолын нийтлэгээр бага боловсрол, бага орлоготой бүлгийн хувьд өөрсдийн асуудлыг улс төрийн системээр шийдвэрлүүлэх нь хэтэрхий хэцүү болдог. Тэгш бус байдал нэмэгдэхийн хэрээр бүх төрлийн нөөцөөс улам холддог. “Би хэн ч биш, миний санал юу ч өөрчлөхгүй” гэсэн гутранги мэдрэмж үүссэнээр санал өгөх, намд оролцох нь багасаж иргэний идэвх буурдаг гэдгийг мартаж болохгүй.