
МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хурлаар улсын арслан Р.Пүрэвдагва болон аймгийн арслан Я.Бумбаяр нарын ёс зүйн зөрчлийг хэлэлцэж, Р.Пүрэвдагвын барилдах эрхийг таван сараар хасах шийдвэр гаргасан. Мөн энэхүү шийдвэрээ дахин хэлэлцсэн ч барилдуулахгүй байх шийдвэр гаргасан юм.
Харин өнөөдөр нэгийн даваа эхлэхийн өмнө улсын арслан Р.Пүрэвдагва МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавт хандан "Барилдуулахгүй юм бол одоо энд зодог тайлчихъя. Яагаад байгаа нь мэдэгдэхгүй, зөвхөн Пүрэвдагвыг л барилдуулахгүй гэж байгаа юм шиг санагдаж байна. 1024 бөхийн барилдаанд барилдах боломж бөхийн замналд хэд тохиолддог билээ. Та нар муухай харагдаж байна шүү" гэсэн юм. Улмаар түүнийг барилдуулахаар болж, Р.Пүрэвдагва арслан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнд зодог, шуудгаа өмсөн гарч наадамчин олны өмнө уучлал хүсэж, хүндэтгэл үзүүллээ. Ийнхүү улсын арслан Р.Пүрэвдагва залуу бөх Д.Ган-Өлзийгөөр нэг давлаа.