
Ханиад, томууны улиралд хичээлийг цахим хэлбэрт шилжүүлэх нь үр дүнтэй эсэхийг Хувийн сургуулиудын холбооны тэргүүн Г.Өнөрсайхантай ярилцлаа.
-Хичээл, сургуулийн үйл ажиллагааг цахим шилжүүлэх шийдвэрийг эсэргүүцэх хүсэлт гаргасан. Энэ талаараа танилцуулахгүй юу?
-Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Боловсролын сайд П.Наранбаяр мэдэгдэл хийсэн. Орой нь хичээл, сургалтын үйл ажиллагааг цахимд шилжүүлэх тушаал гарсан. Үүнтэй холбоотойгоор Хувийн сургуулиудын холбооны зүгээс гэнэтийн байдлаар цахимаар хичээллэхийг эсэргүүцэж, танхимаар хичээллэхийг шаардсан шаардлагаа нээлттэйгээр хүргүүлсэн.
-Цахимд шилжих нь ямар сөрөг үр дагавартай вэ?
-Бэлтгэлгүй, гэнэтийн байдлаар цахимд шилжих нь сургалтын үйл ажиллагааг үр дүнгүй болгодог хор уршигтай. Энэ нь цар тахлын үеэр батлагдсан. Манайд Ковид19 халдвар бүртгэгдээгүй байхад хичээл, сургуулийн үйл ажиллагааг зогсоож, цахимд шилжүүлсэн. Нийт 14 сарын хугацаанд цахим сургалт орсон. Ингэснээр багадаа 1, ихдээ 2 жилийн хичээлийн хоцрогдол үүссэн гэх олон улсын байгууллагын судалгаа гарсан. Энэ хоцрогдлыг нөхөхийн тулд 3 орчим жилийн хугацаа шаардлагатай гэх тооцоолол бий. Тэгэхээр цахим хичээл хүүхдүүдэд хор уршигтай. Түүнчлэн эцэг, эхийн хэн нэг нь чөлөө аваад, хүүхдүүдээ хичээлд нь хамруулах шаардлагатай тулгардаг. Бага ангийн сурагчдын 70 орчим хувь нь эцэг, эх асран хамгаалагчдын тусламжтай цахим хичээлд хамрагддаг гэх БШУЯ-ны судалгаа байдаг. Багш нарын ажлын ачаалал 2-3 дахин нэмэгддэг. Хүүхдүүдэд ч ачаалал бий болдог. Сургуулийн удирдлагуудад нэмэлт зохион байгуулалт хийх шаардлага тулгардаг. Ингээд оролцогч бүх талд ачаалал нэмэгддэг хэр нь цахим сургалт нь танхимын сургалтаас хоёр дахин үр дүнгүй болдог гэх олон улсын судалгаа байдаг. Мөн хүүхдүүдийн эрхийг ноцтой зөрчиж байна.
-Хичээл сургуулийн үйл ажиллагааг цахимд шилжүүлэх зайлшгүй шаардлага үүссэн байв уу?
-Монголын хувийн сургуулийн гишүүн 44 сургуулиас бид өнгөрсөн долоо хоногт судалгаа авсан. Ингэхэд хамгийн өндөр өвчлөлтэй нь 10 хүртэлх хувь байсан. Нэг ангийн 10 хүүхэд тутмын нэг нь өвдсөн байхад үлдсэн есөн хүүхдийн эрх ашгийг зөрчиж ноцтой зөрчиж байна гэж үзэж байгаа. Мөн одоо үүсээд байгаа нөхцөл байдал манай төрийн хариуцлагын тогтолцоотой холбоотой болов уу гэж харж байгаа. Бусад улс оронд эрүүл мэндийн салбарынхаа бэлэн байдлыг хангаад, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хийдэг. Амьсгалын замын халдварт өвчний хувьд, тархалт тодорхой хэмжээнд байдаг ч эрсдэлийн түвшин бага гэж үздэг учир энэ төрлийн өвчний улмаас хичээл, сургалтыг хаахыг зөвлөдөггүй. Голомтлоод тархаж байгаа тохиолдолд анги, давхар, сургуулиар нь хөл хорио зохион байгуулдаг. Эрүүл мэндийн салбар өвчлөлийн даац хэтэрлээ гээд галыг боловсролын салбарт өгч, хүүхдүүдийг цахимд шилжүүлж байгаа нь хариуцлагагүй үйлдэл.
-Хоёр долоо хоногийн дараа сурагчдын өвлийн амралт эхэлнэ. Хүүхдүүд тэрнээс өмнө долоо, долоо хоногоор цахимаар хичээллэснээр ямар хохирол бий болох вэ?
-Сургалтын агуулга маш нарийн хөтөлбөр, төлөвлөгөөтэй байдаг. Нэгдүгээр улирлын сүүлийн хоёр, гуравдугаар долоо хоног үргэлжилж байна. Энэ хугацаа бол нийт сурагчдаасаа шалгалт авч, үнэлгээгээ гаргадаг, сурсан зүйлсээ тайлагнадаг, багш нар өөрсдийнхөө ажлыг дүгнэдэг, эцэг, эх асран хамгаалагчдадаа хүүхдүүдийнхээ явц, ахицыг танилцуулдаг цаг хугацаа. Улмаар дараагийн хагас жилдээ бэлтгэдэг цаг хугацаа. Гэтэл сургуулийн үйл ажиллагааг самарсан ажил боллоо.
-Шийдвэр гаргагчид төлөвлөлт, зохион байгуулалтаа хэр оновчтой хийж байгаа вэ?
-Төрийн тогтолцоо, хариуцлага сул байна гэж харагдаж байна. Хоорондоо уялдаагүй, мэдээлэл солилцдоггүй. Жил бүхэн л өвөл болдог, өвчлөл нэмэгддэг гэх тооцоо судалгаа бий. Үүнийг зөв төлөвлөж, уялдаатай ажиллаж чадахгүй байна. Төр өөрөө ханиад хүрснээс болоод хүүхдүүдийн ханиадны тархалт нэмэгдлээ гэж харж байгаа. Нэг хоногийн дотор цахим руу шилжүүлнэ гэдгээ мэдэгдэж байна.
-Зуны саруудад хичээллүүлдэг болох тухай асуудал яригддаг. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Есдүгээр сарын 1-нд хичээл эхлэх хуультай. Гэхдээ эрх баригчдад хууль өөрчлөх эрх нь бий. Наймдугаар сард эхлэхэд буруугүй гэж би хувьдаа хардаг. Долоодугаар сарын 1 хүртэл хүүхдүүдийг хичээллүүлэх боломжтой. Гэхдээ сонгуульд болдог учир тэгж болдоггүй юм болов уу гэж харсан.