
Шекспирийн жүжгийн тайзнаа авьяас чадвараа харуулж, улмаар “Оддын аялал: Дараагийн үе” телевизийн цувралын эрдэм мэдлэгтэй ахмад Жан-Люк Пикар, “Икс хүмүүс” киноны профессор Чарльз Ксавьерын дүрээр дэлхий даяар алдаршсан жүжигчин Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө.
Патрик Стюарт Лос-Анжелес дахь гэртээ нас барсан тухай түүний албан ёсны X хаягт нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.
“Сэр Патрик Стюарт өчигдөр Лос-Анжелес дахь гэртээ, хайртай эхнэр Саннигийнхаа халамжид байхдаа таалал төгссөнийг гүнээ харамсан мэдэгдэж байна” гэж мэдэгдэлд бичжээ.
Стюарт 18 настайдаа жүжигчний гараагаа эхэлж, 1960-аад оноос Хатан хааны нэрэмжит Шекспирийн театрын жүжигчнээр ажиллан тайзны урлагийн нэр хүндтэй нэгэн болж танигджээ. Тэрээр 47 настайдаа “Оддын аялал: Дараагийн үе” цувралд тоглох болсноор дэлхий дахинд алдаршсан юм. Уг цуврал 1987-1994 онд гарсан бөгөөд 1960-аад оны “Оддын аялал” цувралын үргэлжлэл байв. Стюарт 80 гаруй нас хүртлээ жүжигчний ажлаа үргэлжлүүлсэн юм.
Тэрбээр Пикарын дүрийг долоон улирлын турш нийт 176 ангид бүтээхээс гадна “Оддын аялал” киноны хэд хэдэн ангид тогложээ. Мөн 2020 онд буюу 79 настайдаа “Оддын аялал: Пикар” стриминг цувралд эргэн тоглосон байна.
“Дараагийн үе" цувралын үргэлжлэхийн хэрээр Жан-Люк Пикар болон Патрик Стюарт хоёрын хоорондох ялгаа улам бүр бүдгэрсээр, эцэст нь тэр дүр хаана дуусаж, би хаанаас эхэлж байгааг ялгахад бэрх болсон. Миний итгэл үнэмшил, мэдрэмжийн ихэнх нь уг цувралд шингэсэн” гэж Стюарт 2022 онд “Гардиан” сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.
Тэрбээр мөн Марвелийн алдарт комик номын дүрээс сэдэвлэсэн “Икс хүмүүс” кинонд тэргэнцэртэй мутант профессор Иксийн дүрд тоглох саналыг анх хүлээн авахдаа тун дургүй байсан гэдэг. “Икс хүмүүс” киноны эхний анги 2000 онд нээлтээ хийснээс хойш тэрбээр хэд хэдэн цувралд нь тоглосон бөгөөд 2022 оны Марвелийн “Доктор Стрэнж: Олон ертөнцийн галзуурал” кинонд ч дүр бүтээжээ.
Марвел студи Стюартын таалал төгссөнд эмгэнэл илэрхийлж, түүнийг “давтагдашгүй авьяастай эрхэм хүн” хэмээн тодорхойлсон байна.