
Дуучин Жастин Тимберлейк уран бүтээлийнх нь шилдэг дуунуудыг эрэмбэлсэн шинэ ярилцлагын үеэр 2006 онд гаргасан “What Goes Around...Comes Around” дуугаа 1999-2002 онд үерхэж байсан Бритни Спирст зориулан бичсэн гэх олон жилийн турш үргэлжилсэн цуурхалд тайлбар хийжээ. “Одоо нэг зүйлийг тодруулах хэрэгтэй байх. Олон жилийн турш яригдсан нэг цуурхал бий. Энэ дуу миний хувийн амьдралаас сэдэвлээгүй, харин би найзаасаа зөвшөөрөл авч байгаад түүний туулсан явдлын тухай бичсэн юм” гэж Тимберлейк “Complex” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Тэрбээр үргэлжлүүлэн, “Найз маань тухайн үед амьдралынхаа хүнд үеийг туулж байсан юм. Тэр надад юу болсныг ярьсан. Тэгэхэд нь би энэ тухай дуу бичиж болох уу? гэж асуухад найз маань Тэр новшийг шатаагаад өг, юу тарина түүнийгээ хураана гэж хэлсэн” хэмээн ярьжээ. Тэгээд л энэ дууны санаа төрсөн” гэж тэрбээр дурссан байна.
Тимберлейкийн хэлснээр уг дууг бараг 20 минутын дотор зохиожээ. Тэрээр уг дууг өөрийнх нь карьерын хамгийн шилдэг хоёр бүтээлийн нэг гэж үздэгээ дурджээ.
Энэхүү хит дуу нь Тимберлейкийн 2006 онд гаргасан FutureSex/LoveSounds цомгийн гурав дахь сингл. Уг бүтээл нь “Billboard” Hot 100 жагсаалтад түүнд гурав дахь удаагийн тэргүүн байрыг авчирсан юм.
Урвалтын улмаас нуран унасан харилцааны тухай өгүүлдэг “What Goes Around...Comes Around” дуу олон улсад хит болж, тухайн жилдээ “Грэмми” наадмын “Шилдэг эрэгтэй поп гоцлол дууны үзүүлбэр” төрөлд шагнал хүртсэн түүхтэй.
Тухайн үед шүтэн бишрэгчид уг дууг Тимберлейкийн 2002 оны “Cry Me a River” хит дууны үргэлжлэл гэж үзэж байв. Тэрхүү дууг хосууд салсны дараа Бритни Спирст зориулан бүтээсэн гэх таамаг олон нийтэд түгээмэл байсан. Учир нь дууны клипэнд Спирстэй төстэй эмэгтэй дүр бүтээсэн төдийгүй Тимберлейк өөрөө 2011 онд уг дууг тэдний харилцаа дууссаны дараа бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байжээ.
Харин 44 настай Бритни Спирс 2023 онд хэвлүүлсэн The Woman in Me дурсамж номдоо Тимберлейкийг өөрт нь олон удаа үнэнч бус хандсан гэж буруутгасныхаа дараа өөрөө бүжиг дэглээч Уэйд Робсонтой түүнд араар тавьж байснаа хүлээн зөвшөөрсөн юм.