Харвардын их сургуулийн хөрөнгө оруулалтын сангийн нийт хэмжээ 56.9 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноосоо дөрвөн тэрбум ам.доллараар өсжээ.
Энэ нь дэлхийн их сургуулиудаас хамгийн том хөрөнгөтэй хэвээр байгаа гэсэн үг юм.
Сургуулийн хөрөнгийг удирдагч “Harvard Management Co” компанийн мэдээлснээр, 2025 оны санхүүгийн жилд хөрөнгийн өгөөж 11.9 хувь байсан бөгөөд Харвард энэ онд төгсөгчид болон дэмжигчдээсээ нийт 600 сая ам.долларын хандив авч, түүхэн дээд амжилт тогтоосон байна.
Сүүлийн жилүүдэд Харвард болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын захиргаа хоорондын харилцаа муудаж, маргаан үүсээд байгаа билээ. Трамп тус сургуулийг “Газын дайны үеэр еврейчүүдийн эсрэг үзлийг дэмжсэн” гэж шүүмжилсэн бол сургуулийн дэмжигчид үүнийг академик эрх чөлөөнд халдсан улс төрийн алхам гэж дүгнэсэн.
Тус маргаантай холбоотойгоор холбооны Засгийн газар Харвардын судалгааны санхүүжилт болон гадаад оюутны элсэлтийн тоог хязгаарлах санал гаргаж байв.