
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Бурхантын ам гэх газар баавгай айлын гэр лүү халдаж, хүний аминд хүрсэн хэрэг гарсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг "Урд шөнө 01:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улиастайн Бурхантын ам гэдэг газар баавгай суурин айл руу орж, хүний аминд хүрсэн хэрэг гарсан тухай дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход тус хорооны нутаг дэвсгэрт суурин газраас алслагдмал суурьшдаг айлд баавгай орж, 40 гаруй насны эмэгтэй нүүрэн хэсэгтээ самардуулж гэмтсэн. Харин 55 орчим насны эрэгтэй нас барсан нөхцөл байдал тогтоогдсон. Одоогоор эмэгтэйн биеийн байдал хүнд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эмэгтэй нь гэрээс гарч зугтсан бол эрэгтэйн цогцсыг гэрийнх нь ойролцоогоос олсон.
Одоогоор Нийслэлийн Онцгой байдлын газар болон Нийслэлийн Байгаль орчны газартай хамтран баавгайг эрэн хайх ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна. Энэ оны байдлаар Байгаль орчны газарт баавгай үзэгдсэн, хүн рүү дайрсан гэх 597 тохиолдол бүртгэгдсэн" гэв.
Эмэгтэйн гэмтлийн хувьд толгойн хэсэгт арьс нь том хэмжээгээр хуулагдсан шархтай, цөмөрч цуурсан, мөн цээж хэвлийн хэсэгт дарагдаж, шахагдсан зовуурьтай ирсэн талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээлсэн.