
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Өмнөд Африкийн албан тушаалтнуудыг “арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан”, “нөхөн төлбөргүйгээр газар хураан авсан” гэх үндэслэлээр визийн хязгаарлалтад оруулах шинэ бодлого зарлалаа.
Энэ нь Өмнөд Африкийн засгийн газрыг цагаан арьст иргэдтэй зүй бусаар харилцаж байна гэх хэргээр онилж буй Трампын засаг захиргааны хамгийн сүүлийн арга хэмжээ болж байна. Өмнөд Африкийн засгийн газар уг буруутгалыг няцаасан.
“Өмнөд Африкт африканерчууд болон бусад цөөнхийн хүн амын эсрэг гарч буй арьс өнгөөр ялгаварлан гадуурхах шалтгаантай гэмт хэрэг, төрөөс дэмжсэн ялгаварлан гадуурхалт, тэр дундаа арьс өнгөөр ялгаварласан хууль тогтоомж, нөхөн төлбөргүйгээр газар хураан авах заналхийлэл, хүнлэг бус уриа, лоозонгоор дамжуулан арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хүчирхийлэлд турхирах явдалд АНУ ноцтой санаа зовниж байна” гэж Рубио мэдэгдэлдээ дурджээ.
Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлээд хэдхэн долоо хонож байхдаа АНУ-д хүлээн авах дүрвэгчдийг Өмнөд Африкийн цагаан арьст иргэд байна гэж зарласан. Ингэснээр дайн, хавчлага болон бусад аюулаас зугтсан хүмүүсийг голчлон хүлээн авч ирсэн олон арван жилийн хөтөлбөрийг эрс өөрчилсөн юм.
Энэ оны зургадугаар сарын эцэс гэхэд АНУ дэлхийн бусад улс орнуудын дүрвэгч хүлээн авах хөтөлбөрөө хумихын зэрэгцээ 7700 гаруй африканерыг хүлээн авчээ.
“Өмнөд Африкийн засгийн газар өмнө нь дэвшүүлсэн санаа зовнилуудыг хангалттай шийдвэрлээгүй. Тиймээс өнөөдөр би Өмнөд Африкт нөхөн төлбөргүйгээр газар хураан авах, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах болон цөөнхийн угсаатны буюу арьс өнгөний бүлгийн гишүүдийн эсрэг удахгүй гарах хүчирхийлэлд турхирах боломж олгосон хууль, бодлогыг батлах буюу хэрэгжүүлэхэд оролцсон, эсвэл хамтран оролцсон гадаадын иргэдэд чиглэсэн визийн хязгаарлалтын шинэ бодлого зарлаж байна” гэдгийг Рубио мэдэгдэлдээ дурджээ.
Мөн “АНУ ийм үйлдлийг хяналтгүй орхихгүй. Эдгээр үйлдэл нь энх тайван, эдийн засгийн тогтвортой байдал, хууль дээдлэх ёсыг шууд сулруулж, Америкийн гадаад бодлогын тулгуур зарчмуудтай нийцэхгүй, эдгээр ноцтой үйлдлийг яаралтай шийдвэрлэхийг Өмнөд Африкийн засгийн газарт дахин хатуу уриалж байна” хэмээн нэмжээ.
Трампын засаг захиргаа Өмнөд Африкт газар шинэчлэлийн бодлогын хүрээнд цагаан арьст фермерүүдийг ялгаварлан гадуурхаж байна гэж буруутгасан. Харин Өмнөд Африкийн засгийн газар уг бодлогыг апартеидын дэглэмийн өвийг арилгахад шаардлагатай гэж тайлбарладаг.
Өнгөрсөн жил Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафосатай Цагаан ордонд уулзах үеэрээ Трамп цагаан арьст Өмнөд Африкчууд хавчлага, “геноцид”-д өртөж буйг харуулсан нотлох баримт болохуйц бичлэг үзүүлсэн.
CNN Өмнөд Африкт цагаан арьстнуудыг “геноцид”-д өртөж байна гэх мэдэгдлүүдийг шалгаж үзээд, тэдгээрийг батлах ямар ч нотолгоо олоогүй байна.